Одоогийн байдлаар европоос эдийн засгийн хувьд хамгийн эрсдэлтэй орнуудын тоонд Грек, Ирланд, Испани, Португаль нэр нь дурдагдаж байв. Европын эдийн засагт тулгамдаад буй хурц асуудлуудад засгийн газруудын өр, санхүүгийн тогтворгүй байдал болон ажилгүйдэл багтаж байна. 2010 оны эхний улиралд Европын холбооны ажилгүйдэл 9.6 хувьд хүрлээ гэж “Евростат”-аас мэдээлсэн. Европын холбооны гишүүн хэдий ч еврозоны гишүүн биш Балтийн тэнгисийн улсуудад ажилгүйдэл өндөр байна: Латвид ажилгүйдэл 22.3%, Литвад 15.5%, Эстонид 15 хувь байна. Европын холбооны орнуудаас Еврозоны орнуудаас Испанид ажилгүйдэл хамгийн өндөр байгаа бөгөөд 20 хувь хүрсэн. Түүнчлэн төсвийн алдагдал 13.6 хувь хүрсэн бөгөөд Италийн нэгэн адилаар төсвөө танаж, хэмнэлт хийх шийд гаргаад байна.
Грект амьжиргааны төвшин маш өндөр. 1990-ээд оны үед ДНБ-ний өсөлт нь европын дунджаас дээгүүр байсан. 2000-2007 оны хооронд Грекийн эдийн засаг жилд 4.2 хувиар өсөж байсан нь европтоо хамгийн өндөр өсөлт гэж тооцогдож байсан бөгөөд Грекрүү гадны хөрөнгө оруулалт их хэмжээгээр цутгасан. Грек 1974 онд цэргийн дэглэмээ орхиж ардчилсан улс болсноосоо хойш засгийн газрын өр ихтэй явж ирсэн. Ажилгүйдэл, хүнд суртал, татвараас зайлсхийх үзэгдэл, авилгал ихтэй байгаа нь Грекийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж эдийн засагчид үздэг. 2009 онд Грек “Эдийн засгийн эрх чөлөөний” индексээр дэлхийд 81-т жагссан бөгөөд европын орнуудаас хамгийн доогуурт орсон. Татвараа гүйцэд авч чаддаггүйгээс Грекийн засгийн газар жилд 20 тэрбум еврогийн татвар алддаг гэж тооцдог. 1993 оноос хойш анх удаа 2009 онд Грекийн эдийн засгийн өсөлт сөрөг дүнтэй гарсан.
Европын орнууд евро хэрэглэж эхэлсэн үеэс буюу бараг 2000 оноос Грекийн засгийн газрын өр ДНБ-нийхээ хэмжээтэй тэнцэж эхэлсэн. Гэвч европын холбооны мөнгөний бодлогын шалгуурт нийцэж байгаа юм шиг байдал харуулахын тулд тэр үеэс эхлэн улсын тайлан тэнцэл, статистик мэдээллээ зориудаар өөрчилж, буруу мэдээлэл Европын Холбооруу явуулж байсан. Грек “Goldman Sachs” болон бусад банкуудад хэдэн зуун сая ам.доллар төлж өөрийн бодит зээлийн хэмжээг нуун дарагдуулахад туслуулж байсан гэдэг нь 2010 он гараад ил болсон. Ийнхүү санхүүгийн бодит байдлаа нуун дарагдуулснаар Грек төлж чадахаасаа илүү их хэмжээний зээл авдаг байв. 2010 оны нэгдүгээр сарын байдлаар Грекийн засгийн газрын өр 216 тэрбум евро байна гэж эдийн засагчид тооцоолсон. 2010 оны тавдугаар сарын байдлаар Грекийн төсвийн алдагдлыг 13.6 хувь гэж үзэж байгаа бөгөөд энэ оны сүүлээр гэхэд Грекийн засгийн газрын өрийг ДНБ-нийхээ 120 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна.
Зээлэнд найдаж сурсан Грек хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөхийн үлгэрийг 2010 онд дахин давтах гэж оролдсон. Гэвч түүний санхүүгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл нэгэнт ил тод болж, зээлээ төлж чадах эсэхэд зээлдэгчид санаа зовж эхэлсэн тул өмнөх шигээ бонд гаргаад л зээл авдаг хөг нь өнгөрсөн. Грекийн засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж зээл авч чадсан ч зээлдэгчид түүнээс улам бүр өндөр хүү нэхсэн бөгөөд тэдний нэхэж байгаа шиг өндөр хүүгээр зээл авч чадахгүй болсон тул Европын холбоо болон ОУВС-д хандаж тусламж хүссэн. Грекийн асуудалд хатуу, зарчимч Германчууд илүү шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд Грек зэрэг санхүүгийн сахилга батгүй, хариуцлагагүй улсуудад тусламж үзүүлснийхээ хариуд шийтгэлийн чанартай арга хэмжээ авах хэрэгтэй гэж Германы зарим улс төрчид мэдэгдэж байсан.
2010 оны 4 сарын 23-нд Грекийн засгийн газар ЕХ, ОУВС хоёроос тусламж гуйсан. Дөрөвдүгээр сарын 27-нд зээлжих чадварын үнэлгээний “Standard & Poor” агентлаг “Moody’s”, “Fitch” гэсэн олон улсын агентлагуудын жишгийг даган Грекийн зээлжих чадварын үнэлгээг бууруулж “BB+” (“хог”) ангилалд оруулсан. Энэ үед Грекийн засгийн газрын гаргасан хоёр жилийн хугацаатай бондны хүү 15.3 хувь хүрч байсан. Бондын үнэлгээний агентлагуудын шийдтэй холбоотойгоор дэлхий даяар еврогын ханш болон хөрөнгийн биржүүдийн индексүүд огцом унасан.
Европын санхүүгийн хямралд зээлийн үнэлгээний агентлагуудын сөрөг нөлөө нэлээн байна гэж европын улс төрчид үзэж байгаа бөгөөд ирээдүйд ийм байдлаас сэргийлэхийн тулд үнэлгээний агентлагуудын зохицуулалтыг чангатгахаас гадна Европ өөрийн гэсэн үнэлгээний агентлагтай болох хэрэгтэй гэсэн саналыг Герман дэвшүүлээд байгаа. Герман Грекийн асуудалд эхнээсээ нэлээн хатуу байр сууринаас хандаж ирсэн. Германы байр суурийг Франц шүүмжилж Грект яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй, Грекийн асуудал бол дан ганц Грекийн асуудал биш, европын асуудал. Гишүүн улсдаа хэрэгтэй үед нь тусламж үзүүлж чадахгүй юм бол дундаа нэг валют хэрэглэх хэрэг юу байна. Хэрвээ Герман Грект туслах асуудлыг удаашруулаад хориг тавиад байвал бид еврогоос татгалзах талаар бодож эхлэх болно гэж Францын ерөнхийлөгч Никола Саркази мэдэгдэж байсан.
Тавдугаар сарын нэгэнд Грек төсвөө танах шийд гаргасан бөгөөд энэ нь Грект тусламж үзүүлэхэд хориг тавиад байсан Германыг ятгах сүүлийн оролдлого байсан. Тавдугаар сарын хоёронд еврозонийн улсууд ОУВС-тай хамтран Грекийн засгийн газарт 110 тэрбум еврогийн зээл олгохын зөвшөөрсөн бөгөөд Грекийг төсвөө танах бодлогоо хэрэгжүүлэх ёстой шүү гэж сануулсан. Засгийн газрынхаа шийдийг Грекчүүд эрс эсэргүүцсэн бөгөөд тавдугаар сарын таванд том Грек даяар ажил хаялт болж, нийслэл Атен хотод хүчирхийлэл гарч, банкинд тавьсан галын үеэр гурван хүн амиа алдсан хэрэг гарсан. 2010 оны тавдугаар сарын есөнд европын сангийн сайд нар, ОУВС-тай хамтран европын санхүүгийн байдлыг тогтворжуулахын тулд 750 тэрбум еврогийн санхүүгийн аврах сан байгуулах тохиролцоонд хүрсэн. Үүнээс 500 тэрбум еврог Европын холбоо гаргах бол 250 тэрбум еврогийн санхүүжилтийг ОУВС гаргахаар тохирсон.
Тавдугаар сарын гурванд, хэдийгээр “хог” ангилалд багтсан ч Грекийн засгийн газрын бондоор арилжаа хийж болно гэсэн шийдийг Европын төв банк гаргасан. Тавдугаар сарын таванд Грекийн парламент 4.8 тэрбум еврогын хэмнэлт хийх эдийн засгийн хамгаалалтын хууль баталсан. Уг хуулиар сард 3,000 еврогоос дээш цалинтай төсвийн албан хаагчидад хагас жил тутамд 1,000 еврогийн бонус олгодгийг зогсоох. Төсвийн албан хаагчдийн урамшуулал, тэтгэмжийг найман хувиар хасах. Сард 2,500 еврогоос дээш тэтгэвэртэй хүмүүст нэмэлт тэтгэмж олгодгийг болих. Архи, тамхи, түлш, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний татварыг 10 хувь болгож нэмэгдүүлэх, төсвийн ажилтнууд 61 насандаа тэтгэвэрт гарч байгааг 65 нас болгож нэмэгдүүлэх гэсэн арга хэмжээ авахаар тогтоосон. Тавдугаар сарын 20-нд Грект засгийн газрынхаа төсвөө танах шийдийг эсэргүүцсэн дөрөвдэхь удаагийн бүх нийтийн ажил хаялт зохион байгуулагдсан.
Европын холбооны удирдагчид цаашдаа урт хугацаан дахь санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд хоёр санал дэвшүүлж байгаагийн эхнийх нь Европын холбооны гишүүн улсыг санхүүгийн хямралд орсон үед аврах хамтын сан. Нөгөө нь Европын гишүүн орнуудын засгийн газруудыг татвар, төсвийн зарцуулалтын бодлогыг хянах байгууллага байгуулах санал дэвшүүлж байна.
Т.Ариунсанаа