Орландо Мэжикийн үнэтэй олдсон нэр төрийн хожил

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Орландо Мэжикийн үнэтэй олдсон нэр төрийн хожил

NBA-ын дорно бүсийн аваргын төлөөх тулаанд “Бостон Селтикс” 3-0 гэсэн амжилттайгаар “Орландо Мэжик” багийг “ТД Гарден”-даа өнөөдөр хүлээн авч, цувралын дөрөв дэх тоглолтоо хийлээ.
Бостоны залуус цувралыг эртхэн шийдэж, дуусгахыг хүсч байсан нь ойлгомжтой. Харин Орландод нэр төрийн хожил, цаашлаад боломж хэрэгтэй учраас илүү хичээл зүтгэл гаргаж оролцсон юм.
“Орландо Мэжик” энэ цувралд анх удаагаа эхний үеийг тэргүүлж, тэр дундаа 30-аас дээш оноо авснаар хожих найдвар харагдаж эхэлсэн. Мөн цувралд амжилтгүй оролцож байсан Рашард Льюисийн тоглолт эргэн ирсэн байлаа. Харин цорын ганц муу тоглолтын эзэн нь Вийнс Картэр байсан ч эцсийн мөчид тэрбээр хамгаалалтад тус болсон юм. Гэхдээ 30 минутын турш тоглож авсан оноо нь ердөө гурав байв.
Хоёр багийн тоглолт үндсэн цагт 86-86 харьцаатай тэнцсэн. Энэ тоглолтод “Бостон”-оос Рей Аллен 22 оноо, Пол Пийрс 32 оноо, 11 удаагийн самбараас бөмбөг авалт, Кевин Гарнетт 14 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, багаа манлайлсан ч нэмэлт үед зочид тэднээс илүү байлаа. Тэр дундаа Нелсоны хоёр удаагийн холын зайн шидэлт, Двайт Ховардын оновчтой довтолгоонууд “Мэжик”-т ялалт авчирсан. Ийнхүү “Шидтэнгүүд” 96:92 харьцаатайгаар хожиж, цувралын харьцааг 3-1 болгон ойртууллаа.
Двайт Ховард 32 оноо, 16 самбараас бөмбөг авалт, дөрвөн блокшот хийсэн нь “Бостон”-ы эсрэг хийсэн хамгийн үр дүнтэй тоглолт болсноос гадна багт нь хожил авчирч чадлаа. Удаахь шилдгээр Жамир Нелсон тодорсон бөгөөд 23 оноо, есөн оновчтой дамжуулалтын хамтаар хийж, багтаа хувь нэмрээ оруулсан байна. Гэвч зургаан алдаа гаргаж, талбайг эрт чөлөөлсөн юм.
Ямартай ч “Орландо Мэжик” цуврал тав дахь тоглолтыг “Амвэй Арена”-даа хүлээн авах эрхийг энэ хожлоороо авлаа. Гэвч NBA-ын түүхэнд 3-0-ээр хожигдож яваад дараагийн шатанд шалгарч байсан тохиолдол үгүй.
Тоглолтын үеэр Рашид Уоллос, Кевин Гарнетт нар Двайт Ховардад  гаргасан үйлдлийнхээ төлөө нэг бус удаа техникийн алдаа шүүгчдээс хүлээсэн. Гэхдээ тэдний туршлага энэ цувралыг хэдийнэ шийдчихсэн гэхэд хилсдэхгүй.
Хоёр багийн тав дахь тоглолт пүрэв гаригийн өглөө болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж