Италийн санхүүгийн сайд Guilio Tremonti тус улсын орлого багатай иргэдээс арай бага, орлого ихтэй иргэдээс илүү өндөр татвар авах болно гэж амалсан бөгөөд жилд 90,000 еврогоос дээш орлоготой иргэдээс таван хувийн татвар авах бол 120,000 еврогоос дээш орлоготой иргэдээс 10 хувийн татвар авах болно. Үүнээс гадна төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг гурван жилийн туршид нэг төвшинд барьснаар гурван тэрбум еврогийн хэмнэлт хийх болно гэж үзэж байна.
Эдгээр арга хэмжээг авснаар төсвийн алдагдлыг 31 тэрбум ам.доллараар бууруулж, 2010 он гэхэд ДНБ-ний 2.7 хувьд хүргэх болно гэж үзэж байна. Грекийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор сөрөг нөлөө гарах вий гэж эмээж байсан ч Италийн сангийн яам саяхан бонд гаргаж арилжаалахдаа ямар нэг хүндрэлтэй учраагүй. Италийн засгийн газрын гаргасан бондны тал хувь нь дотооддоо зарагддаг тул өрийн зах зээл дээр дамлалтын эрсдэлд бага өртдөг гэж Италийн албаны хүмүүс ярьж байна.
Цалингийн таналтын ийм бодлого Италийн ажилчдаас ноцтой эсэргүүцэлтэй тулгарахгүй. Итали ажилчид Европтоо хамгийн бага цалинтайд тооцогддог бөгөөд дунджаар жилд 18,000 орчим ам.долларын цалин авдаг. “Итали улс их хэмжээний санхүүжилт эдийн засаг руугаа шахсанаас баян чинээлэг байгаа мэт байдлыг хиймлээр бүрдүүлсэн. Бид үүсгээгүй баялгаа хүмүүст хувааж өгсөн. Тэгснээр тогтвортой хадгалж чадахгүй амьдралын төвшин үүсгэсэн. Жишээ нь, Модена хотод нэг хүүхдэд 7,362 ам.доллар өгдөг бол Сицилийн Палермо хот дахь нэг хүүхдэд 18,405 ам.доллар өгдөг” гэж “Bocconi University” их сургуулийн эдийн засагч Fabrizio Pezzani ярьж байна. Итали эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хөдөлмөрийн зах зээлээ хөдөлгөөнд оруулж, татвараас зайлсхийх явдлыг багасгах хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөж байна.
Т.Санаа