Дэлбэрэлт болж, хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлт болж, хоёр хүн нас барлаа

-Хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийнхан сумнаас дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэж таамаглаж байна-
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дотор дэлбэрэлт боллоо гэсэн мэдээллийн дагуу очиход тус захын зүүн хойд талд байрлах хоёрдогч түүхий эд зардаг худалдааны хэсгийн дэргэд  дэлбэрэлт болжээ. 

Ойр хавьд нь худалдаа үйлчилгээ хийдэг иргэдийн ярьж байгаагаар 14 цагийн үед хувиараа гагнуур хийдэг  вагончикт гагнуур хийдэг 40-45 орчим насны иргэн, хоёр найзын хамт гадаа довжоон дээрээ гагнуур хийж байжээ. Гэнэт их дуу чимээ гарч, дотогш нэг нь орж, нөгөө хоёр  хоёр тийшээ шидэгдсэн байна. Мөн  тэр хавьд худалдаа хийхээр явж байсан хоёр иргэн гэмтэл авсан . Буун дуу мэт их чимээ гарч гал гарч эхэлсэн гэж осол болохыг харсан иргэд  ярьж байлаа. Хүмүүс бүгд сандралдан очиж,  гэмтэл авсан хүний цусыг тогтоож өгсөн аж. Харин нэг хүний тархи нь задарсан байсан гэж иргэд ярьж байна.

Иргэдийн амь насанд хүрсэн энэхүү хэргийн ойр хавьд зогсч байсан иргэдээс мэдээлэл авахыг хүсэхэд зарим нь татгалзаж байсан юм.

Хэргийн газар ажилласан Шуурхай бүлэг-105 бүлгийн Тасгийн дарга, шадар ахмад С.Ганбалтаас тодрууллаа.

-Цайны газар дэлбэрэлт болсон уу. Манай иргэд хийн зуух сайн ашиглаж мэдэхгүй байгаа бололтой?

-Цайны газрууд хийн зуухаа сайн ажиллуулж мэдэхгүйгээс хий алдаж дэлбэрэлт болох тохиолдол гарсаар байна. Гэхдээ энэ удаа цайны газар бус хийн гагнуур хийдэг хувийн вагончик дэлбэрлээ.

– Зах дотор дэлбэрэлт болсон гэсэн. Олон хүн өртөж үү. Хүний амь нас хохирсон уу?

-Хархорин захын зүүн урд хэсэгт дэлбэрэлт болсон.  Уг осолд нийт таван хүн өртсөн байсан. Бид дуудлага авсан даруй шуурхай хэргийн газар очиход нэг хүн газар дээрээ нас барж, гурван иргэнийг Яаралтай түргэн тусламжийнхан аваад явсан байсан. Түүнээс гадна нэг хүн маш хүнд байна. Ухаангүй байсан 40 орчим настай түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт  хүргэлээ.

-Юунаас болж дэлбэрэлт болсон юм бол. Гагнуур хийхдээ алдаа гаргасан юм болов уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй юм байна. Одоо цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж, дэлбэрэлт юунаас болсоныг  шалгаж тогтоохоор ажиллаж байгаа. Ойр хавьд нь хийн баллон харагдаагүй гэв.

 Хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийнхан сумнаас дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Чухам юунаас болж дэлбэрэлт болсон, хүнд гэмтсэн хүний бие ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно. Гэвч 18.00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн хүний биеийн байдлыг тодруулахад нас барсан байлаа.

Х.Ард

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж