Эмэгтэй хүн жолооны ард

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Эмэгтэй хүн жолооны ард

Аливаа эмэгтэйн амь амьдрал нь өмсч зүүсэн хувцас хунар, гутал, малгай, тэргүүтнээс шууд хамааралтай байдаг. Хэрэвзээ тэр бүсгүй маань жолоо барьж буй бол энэ нь бүр ч онцгой хамаатай. Авто сонирхогч бүсгүйчүүдийнхээ анхаарлыг Чехийн сэтгүүлч эмэгтэй Сильва Гросзовагийн зөвлөгөөнүүдэд хандуулъя. Тэрээр “Эмэгтэй хүн жолооны ард” гэсэн нэртэй бүхэл бүтэн ном бичсэн хүн юм.

За тэгэхээр, толгойноос эхэлье. Ихэнх эмэгтэйчүүд, ялангуяа залуухан бүсгүйчүүд үсээ задгай тавьж машин жолоодох дуртай байдаг. Энэ нь уг нь аятайхан л харагдана. Гэвч авто осол гэгч өмнөөс чинь яваа тэрэгний жолооч юмуу, явган зорчигч өөрийг чинь ширтэж гөлөрснөөс гардаг юм биш. Үс чинь нүдрүү чинь орох эсвэл нүүрийг чинь халхлах үед ихэнх эмэгтэйчүүд сурсан зангаараа толгойгоо сэгсрэх, эсвэл хоромхон зуур үсээ засах гэж байгаад осолд орж болзошгүй байдаг. Энэ үед бороо, цас орж, зам хальтиргаатай байвал, жолоо булаах гэдэг хормын төдийд болдог зүйл. Богино тайралттай үстэй байх нь хамгийн тохиромжтой. Хэрвээ та урт үстэй бол машин барьж байгаа үедээ үсээ боох хэрэгтэй. Машин жолоодож явахдаа саравчтай нарны малгай, ер нь ямар ч малгай өмсч болно. Харин малгай чинь орчин тойрноо харахад болон, хойд талаа хардаг толийг хаахгүй, дуу чимээ сонсоход саад болохгүй байх шаардлагатай.

Хар өнгийн нүдний шил зуны төдийгүй илч муутай ч нүд гялбуулдаг өвлийн нарнаас хамгаалдаг. Гэхдээ л машинд тохирох нүдний шилтэй байж, тэр нь ямагт таны гарын дор байх шаардлагатай. Иймд машины хөгжмийн хажууд суурилуулдаг нүдний шилний гэрийг худалдаж авахыг танд зөвлөж байна. Танд нүдний шил хачин гоё зохиж байлаа ч гэсэн, наргүй үед түүнийгээ заавал авч байгаарай.

Хэрвээ та ямар нэгэн үдэшлэг, хүлээн авалтанд явахдаа машинаа өөрөө барих хэрэг гарвал урт банзал өмсөх нь тохиромжгүй гэдгийг шууд хэлье. Араа салгах мэт жолооны эгзэгтэй үед таны урт банзал саад болно. Мөн түүнчлэн үүнд хуниастай, нугалаастай богино хэт өргөн банзал ч хамаарагдана. Хамгийн тохиромжтой нь өмд юм. Гэвч хэтэрхий өргөн, урт байж бас болохгүй. Ямар ч хувцас таны хөдөлгөөнийг боогдуулж хязгаарлахгүйгээр чөлөөтэй байваас зохино. Чанга бүсэлсэн бүс, бариу дотуур хувцас амьсгаа давчдуулж, цусны эргэлтэнд муугаар нөлөөлдөг. Энэ нь сүүлдээ амархан ядрах, залхуу хүрэх, хэвийн бус байдалд хүргэдэг бөгөөд, ийм нөхцөлд та залуу зандан харагдах нь бүү хэл осолд ч орж магадгүй.

Ихэнх жолооч эмэгтэйчүүдийг ажаад байхад том гутал эсвэл гоёлын шаахай өмссөн харагддаг. Эдгээрийн аль аль нь буруу юм. Та гутлынхаа өсгийг сайн ажиглаарай, хэт мөлгөр, хальтирдаг ултай гутал өмсвөл та шууд л авто осолд орно. Хэрвээ та цагт 4 км хурдтай явж байгаад хальтирвал тэнцвэрээ алдаж, өвдөг чинь шалбарч, оймс чинь урагдана. 20-иос дээш хурдтай явсан үед таны хөл, тормозны гишгүүрээс хальтирвал хэрэг явдал тун харамсалтайгаар төгсөнө.

“Автомашины” гутал нь /өндөр өсгийгүй/ чөлөөтэй уян ултай байх хэрэгтэй. Автомашинд зориулагдсан тусгай гуталтай байвал бүр ч сайн. Бид бүгд гэртээ ирээд, ажилдаа очоод гутлаа сольж заншсан байдаг. Тэгвэл яагаад үүнийг автомашиндаа хийж болдоггүй билээ? Гинж, бөгж, бугуйвч зэрэг нь эмэгтэйчүүд бидний гоёлын нэгэн хэсэг нь билээ. Замд явж байхад цонхны шилний бариул зэрэг автомашины дотор байрладаг жижиг эд ангиудад бөгж, бугуйвч чинь тээгэлдэх явдал гардаг. Тиймээс гоёлын зүйлсээ хэсэг хугацаанд авах нь зүйтэй. Энэ нь таныг жолооны ард яруухан ялдамхан бүсгүй байхад чинь өчүүхэн ч саад болохгүй болов уу.

/БИЗНЕС ТАЙМС/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж