
Зээлийн мэдээллийг тодорхой болгох шаардлагатай байна
Манай улсад хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагуудаас олгож буй зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсч, өнөөдрийн байдлаар банкны салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2.7 их наяд, банк бус санхүүгийн байгууллагынх 46.7 тэрбум, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн өрийн үлдэгдэл 33.9 тэрбум төгрөг байгаа аж. Түүнээс банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 462 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 17.4 хувийг нь эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд зээлийн мэдээллийн талаар олон нийтийн мэдлэг харьцангуй нэмэгдэж, санхүүгийн байгууллагууд эдгээр мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг менежмент бий болгож буй ч эдгээр нь зөвхөн зээлийн хугацаа хэтэрсэн сөрөг мэдээлэлд тулгуурлахаас цаашгүй, аливаа зээл, төлбөр, тооцооны үүргээ хугацаанд нь гүйцэтгэдэг иргэд, компани, байгууллагын талаархи эерэг мэдээллийг агуулахгүй байгаа гишүүн Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, Я.Батсуурь, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Зоригт нар Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ.
Ан агнуурын асуудлыг журамлана
Засгийн газраас санаачлан боловсруулсан Ан агнуурны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх УИХ-ын даргад өргөн барив. ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс 1960-1980 оны хүртэлх хугацаанд хийсэн Монгол орны агнуурын амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар манай улсад 40 мянга орчим аргаль хонь, 80 мянга орчим янгир ямаа, 130 орчим мянган халиун буга, 60 орчим мянган хар сүүлт зээр, 44 мянга орчим баданга хүдэр байршин амьдарч байгааг тогтоосон байдаг аж. Гэтэл 2002, 2004, 2006-2007 онд тус хүрээлэнгээс хийсэн ховор амьтны тархац, нөөцийн талаархи судалгаагаар аргаль хонь, янгир ямаа, халиун буга, хар сүүлт зээр, баданга хүдрийн тоо толгой 70-90 хувь хүртэл буурсныг тогтоожээ. Хууль бусаар агнуур, ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар гадагш гаргаж худалддагаас шалтгаалан элбэг тархацтай амьтанд тооцогдож байсан тарвага, цагаан зээр, хэрэм, үнэг, хярс зэрэг агнуурын амьтдын тоо толгой ч эрс цөөрсөн тул хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг оновчтой тогтоох, зарим төрлийн ан амьтан тухайлбал, тул загасыг ахуйн зориулалтаар агнахыг хориглох, ан хийхэд тавих шаардлагыг тодорхой болгож хуульчлах, зарим зүйлийн агнуурын амьтныг агнах, барихыг хориглох хугацааг шинэчлэн тогтоох үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.