
Яруун найргийн "Вака" төрөл япончуудын соёлын амьдралд чухал нөлөөтөй.
"Вака" нь хорвоотой танилцаж өөрийгөө төгсжүүлэх яруу найргийн онцгой хэлбэр ажээ. Японы соёлын сувд гэх энэ төрөлтэй уншигчдаа танилцуулахаар хичээлээ.
Өнөөгийн хаан ширээнээ залрагч эзэн хаан Акихито, ХХ зуун
Хошууны хойд захад зогсном
Хязгааргүй холыг далай дээгүүр харнам
Хаа хол уулс харагдах шиг
…
Олон хүн өдөржин шөнөжин энд ажиллажээ
Оломгүй далайд цаг агаар сайхан байжээ
Онц гоё гүүр нээгджээ
Өнөөгийн хатан хаан Митико, ХХ зуун
Өөрт минь хадгалуулсан үнэт эрдэнэс мэт
Өө, миний хүүхдүүд
Өр зүрхээ шимшрүүлэн тэвэрнэм, та нарыгаа
…
Тои хошууны алсад харагдах
Танхил дураар морьд
Тэдний дэлэнд тэнгисийн үнэр шингэсэн байх
Эзэн хаан Жемэй, 593-614 он
Ямотогийн улс олон ч хайрхан Кугуяма хамгаас гоё нь
Ялгуусан хайрхандаа гараад, улсаа би харахад
Тал нутгийн хязгаарт утаа суунаглаж
Тэнгис далай дээгүүр цахлай халин ниснэ
Яасан сайхан орон бэ, Ямато!
**Ямато нь Японы эртний нэр
Эзэн хаан Тэнжи, 614- 671 он
Үүлсийг нэвтлэх жаргаж буй наран
Усан мандал дээргүүр довтолгох туг далбаа мэт
Яруу сартай шөнө болох нь
Янагийнхаа урцыг харах юмсан…
Яматогийн Ошимагийн оргилд янагтаа гэр барихыг хүснэ
Эзэн хаан Сему, 701-756 он
Өнөө өглөөний наран мандах цагаар
Өмнөдийн галууны сэрүүн дууг сонслоо
Өтгөрөн улайрчээ, хятад буйлсийн талбай
Эзэн хаан Камму, 737-806 он
Шиврэн орох намрын бороонд шавшуулсан
Хулсан цэцгүүд
Харуусан харамсмаар тэдний үнэр…
Эзэн хаан Хайзэй, 774-824 он
Орд шилтгээн тэр чигтээ жаварт автлаа
Уйтгартай цэцэрлэг цасанд дарагдлаа
Жавар буйлсийн цэцэгтэй адил юм уу даа
Жавар уулинхай модны нахиа ч юм уу даа
Эргэн тойрны онгон цагаан
Зөвхөн миний мөр л түүнийг эвдэнэ
Ганцаардан сууж энэ тухай дуу бичнэ
Гагцхүү хэн ч түүнийг дуулах хүн үгүй
Эзэн хаан Сага, 786-842 он
Урт гол мянган ри туулна
Усан онгоцууд уудам их усаар нь хөвнө
Салхинд үлээгдсэн дарвуул нь алсад замхарч
Салшгүй их хөвөлтөд автсан мэт
…
Хаврын эрэгт нь тухламаар газар байна уу
Хаанаас би “хэрээний нүд” өвсийг харах билээ
Халуун агаар шинэхэн үнэр тархана
Хавар бүрийг харсаар
Хүн хөгшрөөд ирнэ
Эзэн хаан Готоба, 1180-1239 он
Нартын уудам хязгаараар
Намрын салхи үүлсийг хөөнө
Алсын уулсын оройгоор саран мандана
Анчин хүний зүрх шимширнэ…
Ижлээ дуудсан бугын урамдахыг
Энэхүү салхи авчирна
Эзэн хаан Фужими, 1265-1311 он
Өнчрөх далбаат онгоцоор
Үлээх салхинд туугдан
Үл мэдэх зүгт хөвнөм
Эзэн хаан Гомизүноо, 1596-1680 он
Тэргэл сарыг ширтээд
Тархиа гашилган бодном
Түүхэн гүнийн гүнзгий рүү оюун ухаанаа шумбуулах шиг
Эзэн хаан Мэйзи, 1852-1912 он
Мандаж буй нар шиг
Миний сэтгэл шинэхэн байгаасай гэж
Машид ихээр хүснэм
…
Нүцгэн мөчрийн сакура цэцгийг
Нүдээ хужирлан хүмүүс биширнэ
Нүднээс далд цэцгүүд нь тасран унах ажгуу
…
Үнэн сэтгэлийг магтан дуулсан
Үгсийг би сонсож билээ,
Үгсийг би мартаж чадахгүй нь
Хатан хаан Секэн, 1850-1914 он
Өглөө бүр толины өмнө
Өр зүрх минь тийм тунгалаг байгаасай гэж
Өнө мөнхөөр хүсэх юм
Эзэн хаан Сева, 1884-1951 он
Тэдний мөчир нь цасанд дарагджээ
Тэсээд үлдээжээ төрхөө нарс
Тийм байгаасай, хүмүүс
…
Дараа нь юу болох нь хамаагүй надад
Дайны талбарт унасан ард түмнээ бодсоор
Дайн дажинг би зогсоолоо
…
Улаахан унжгар сакура
Усан мандалд тусчээ
Яасан тансаг бэ, хавар цаг!