Байнгын хорооны дарга Канадын зочидтой уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны дарга Канадын зочидтой уулзав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин Төрийн албаны зөвлөлийн урилгаар манай улсад айлчилж байгаа Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцов.
Байнгын хорооны дарга төрийн албыг бэхжүүлэх, улс төрөөс ангид байлгах, төрийн үйлчилгээг ард олонд элдэв хүнд сурталгүйгээр шуурхай, хүртээмжтэй хүргэхэд төрийн албаны үйл ажиллагааг чиглүүлэх талаар төрөөс барьж буй бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Канадын зочдод вовч танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, УИХ төрийн албыг улс төрөөс ангид байлгах үүднээс төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяаллаас түдгэлзүүлсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Төрийн албаны тухай хуулийг улмм боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Манайд одоогоор эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудыг оролцуулаад 150 мянга гаруй хүн төрийн албанд ажилладаг. Цаашдаа төрийн албыг илүү цомхон, чадварлаг болгох үүднээс төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, аж ахуй эрхлэгчдэд шилжүүлэх асуудал ч яригдаж байгаа. Мөн төрийн албаны одоогийн тогтолцоо, ялангуяа төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг эргэж авч үзэх асуудлыг ч зарим нэг нь ярьдаг. Ерөнхийдөө шинэ тулгар хөгжиж буй манай төрийн алба зүгшрэх, чиг хандлагаа зөв олж тогтоохын төлөө ажиллаж байна. Ийм үед та бүхний айлчлал тохиож буй нь олон арван жилийн түүхтэй танай улсын төрийн албаны туршлагаас суралцаж санаа авах, хамтарч ажиллах таатай боломж юм гэдгийг онцлов.
Хатагтай Мариа Баррадос ч байнгын хорооны даргатай санал нэгтэй байгаагаа хэлээд өөрйн орны төрийн албаны байгууллагын үйл ажиллагааны онцлогоос товч танилцуулав. Тэрбээр тус улсын төрийн алба нь парламентын энэ чиглэлийн ажил хариуцсан байнгын хорооны удирдлага дор ажиллаж, ажлаа тайлагнаж, чиг үүрэг авдаг. Канадчууд хууль эрх зүйн байдлыг тэр бүр өөрчлөөд байхыг гол болгодоггүй. Харин 2005 онд төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж, таван жил тутам эрх зүйн хэрэгжилтийн байдлыг авч үзэж байхаар болсон. Төрийн алба нь цомхон бүтэцтэй, муж орон нутагт бие даасан салбартай, үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг төвөөс өгч арга зүйн удирдлагаар хангаж байдаг. Түүнчлэн төрийн алба нь улс төрөөс ангид, аливаа нам, Засгийн газраас хараат бус. Харин улс төрийн томилгооны асуудалд оролцоггүй гэж тэрбээр хэллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, албаны бусад хүн оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж