Төрийн албаны комиссын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Төрийн албаны комиссын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд
зочилж байгаа Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч хатагтай
Мариа Баррадос тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч
уулзаж, хоёр орны ажил мэргэжил, үйл ажиллагаа нэгтэй байгууллагын
харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин
гүнзгийрч, стратегийн түншлэлийн хэмжээнд хүрээд байгаад сэтгэлд өндөр
байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол орныг зах
зээлийн харилцаанд шилжихэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Канадын төр,
засгийн байгууллага, ард түмэнд талархаж буйгаа онцлов. Тэрбээр цааш нь,
манай хоёр орон цаг уурын адил төстэй нөхцөлтэй, эрхэлдэг аж ахуй нь ч
ойролцоо. Энэ утгаараа байгаль хамгаалах, уул уурхай, хөдөө аж ахуйн
салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлоод УИХ-аас төрийн албаны
эрх зүйн үндсийг боловсронгуй болгож чадавхижуулах, төрийн албыг улс
төр, авилга, хүнд суртлаас ангид байлгах, төрийн үйлчилгээний хүртээмж,
чанарыг сайжруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогоос товч
танилцуулав.
Хатагтай Мариа Баррадос цаг зав гарган хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд нь
УИХ-ын даргад талархал илэрхийлээд Канадын Төрийн албаны комиссын чиг
үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар товч танилцуулав. Тус улсын
Төрийн албаны комиссын ерөнхийлөгчийг парламентээс баталдаг, орон тооны
хувьд цомхон, төрийн албаны холбогдолтой бүх томилгоог хариуцаж
гүйцэтгэдэг, үйл ажиллагааны хувьд хараат бус бие даасан байгууллага юм
байна. Мөн бүтцийн хувьд төвөөс гадна мужуудад бие даасан салбартай,
дэргэдээ Төрийн албаны сургуультай, парламентад ажлаа тайлагнаж, чиглэл
авдаг аж. Төрийн албаны үйл ажиллагааны эрх зүйн ерөнхий зарчмыг
парламент нь тогтоодог ч түүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ комисс нь бие дааж
шийддэг юм байна.
Манай Төрийн албаны зөвлөл нь байгуулагдаад цөөн жил болж байгаа, ажлын
туршлага багатай, суралцаж төлөвших шатандаа яваа тул бараг зуун жилийн
туршлагатай Канадын төрийн албаны үйл ажиллагаанаас сурах зүйл их
байгааг УИХ-ын дарга онцлоод айлчлалын хүрээнд хоёр тал ажлын арга
туршлага, санаа зөвлөмжөө солилцох, цаашдын хамтын ажиллагааныхаа
чиглэлийн талаар нухацтай ярилцана гэдэгт найдаж буйгаа хэллээ гэж
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж