”Эх орончдын өдөр” Аль намынх вэ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

”Эх орончдын өдөр” Аль намынх вэ

Одоо их гоё юм болох нь ээ, МАН, МАХН хавиар. Өчигдөр болсон МАХН-ын Онц их хурлын үеэр төлөөлөгчид нь “Манай Монгол ардын хувьсгалт нам бол…” гэж ирээд л яриад байх юм. Уг нь хэдхэн хоногийн өмнө Ц.Шинэбаяр энэ нэрийг авч хүчрэлгүй, Монголын алдарт хувьсгалт нам гэсэн нэр бүртгүүлээд, үүнийг нь С.Молор-Эрдэнэ нарын хэдэн хүн голж  эсэргүүцээд байсан санагдана. Яахав, МАХН гэсэн товчлол бол байж болох байх. Тэртээ тэргүй  ирэх онд бо­лох парламентын   сонгуульд ийм товчлолтой баахан нам оролцох нь бараг тодорхой байгаа шүү дээ. Хамгийн гол нь тэднийхээр бол 90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний үргэлжлэл болсон гишүүд нь ийнхүү зохион байгуулалтад орж байгаа гэнэ. Тэгвэл гу­рав­дугаар са­рын 1-нд болох “Эх орончдын өдөр”-ийг МАН, МАХН-ын аль нь гардаж зохион байгуулах болж байна аа. Ийм нэг асуулт хариулт нэхээд гараад ирлээ. МАН-ынхны хувьд “Юу яриад байгаа юм. Нэрээ л сольсон болохоос түүхт МАХН-ын үргэлжлэл нь бид мөн” гэж зүтгэх биз. Ингээд төв талбайгаас “жийгдэхдээ” тулаад байгаа Сүх жанжныгаа бас булаацалдаж бужигнах нь л дээ, эд нар. Өчигдөр л олны өмнө ил гарч, үүнээсээ болоод “Ноосоо ч тушаачихлаа, намаасаа ч хөөгдчихлөө, эхнэрээсээ ч салчихлаа…” гэдэг шиг алхаж яваа  Н.Энхбаяр цааш­даа Ц.Шинэбаяр на­рыгаа дагуулаад С.Батболд, У.Хүрэл­сүх нартай хүч үзэж таарна. Энэ тохиолдолд дээрх асуултад хариу олдохгүй сунжирч мэдэхээр боллоо. Уг нь аль аль нь нэг тэрэгний л дугуй шүү дээ. Ардын намын хурал дээр, өчигдөр болсон МАХН-ын Онц их хурал дээр ч үг хэлж байгаа хүн бүрийн  “Эрхэм журмын нөхөд өө…” гэж ирээд эхлэх илтгэлүүдийн өнгө төрх ч үүнийг баталж байсан. Аль нь ч Д.Сүхбаатараар  овоглож болохоор санагдсан. Тэр нь зөв, энэ нь буруу гэж хэн ч дүгнэж чадахааргүй болж байна. Хариултгүй бас нэг асуулт тэдний дундийн үлдлээ. Агуулгаараа бол ард түмнийх л гэх байх. Харин “Эх орончдын өдөр”-ийн “автор” нь МАН уу, МАХН уу. 

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж