”Хувийн хэвшлээ хумьж байж инфляцийг бууруулна” гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

”Хувийн хэвшлээ хумьж байж инфляцийг бууруулна” гэв

“Сайн давхихын тулд сайн замтай байх хэрэгтэй”. Олон улсын валютын сангийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Стив Барнетийн хэлсэн юм. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны эдийн засагч эрхмүүд Монголын макро эдийн засгийн төлөв байдлын талаар хийсэн судалгаагаа өчигдөр танилцуулав. Энэ үеэр Засгийн газар төсвийн зардлаа нэмсэн нь инфляцийг хөөрөгдөж байгааг дахин дурьдсан юм.
 
Манай дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 10 хувиар өссөн билээ. Ийм хурдацтай өсөлт өндөр хөгжилтэй орнуудад ч гардаггүй аж. Гэтэл нөгөө талаас энэ нь дотоодын компаниудад үйлдвэрлэлээ нэмэх дарамт учруулж байна. Бодит байдал дээр үйлдвэрлэгчид тэгэх боломжгүй. Манай нийт иргэдийн гуравны нэг нь амьжиргааны түвшин доогуур амьдралтай. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэдийн хувьд нийт орлогынхоо 80 хувийг зөвхөн хоол, хүнсэндээ зарцуулдаг. Иймэрхүү байдал дунд эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа нь сөрөг үр дагавар авчрах аюултай хэмээн гадны шинжээчид онцолжээ. Тийм учраас эдийн засгаа хөргөх, дотоодын эрэлтийг бууруулахын тулд мөнгөний бодлогоо хатууруулахаас өөр аргагүй аж. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийг хумих замаар үнийн хөөрөгдлийг бууруулж чадна гэсэн үг юм. Тиймээс эдийн засгийн өсөлтөө хурдасгахын тулд эхлээд орчин нөхцөлийг нь бүрүүдэх хэрэгтэй аж.

Дашрамд дурьдахад, байгалийн баялгаас олсон орлогоо иргэдэд тараахыг хүсч байгаа бол гадны орнуудын туршлагыг судлах хэрэгтэйг энд онцоллоо. Тухайлбал, Чилид байгалийн баялгаас олсон орлогоо оюутны тэтгэлэг хэлбэрээр олгодог. Мөн тэтгэврийн санд шилжүүлж, тодорхой хугацааны дараа авч хэрэглэх боломжийг бүрдүүлдэг аж. Харин бодлогын хүүг нэмэх тухайд энэ нь тодорхой мөчлөгтэйгээр хэрэгжүүлэх ажил гэнэ. Бодлогын хүүг өөрчилбөл макро эдийн засагт 6-12 сарын дараа нөлөөгөө үзүүлж эхэлдэг. Тиймээс Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зөвлөгөөг дагаж чадвал оны эцэс гэхэд инфляци тодорхой түвшинд хүрч буух аж. Эс тэгвэл инфляцийн түвшин ойр ойрхон савлаж байгаа нь бодлогын хүүгээр дамжуулан арилжааны банкуудад хүндээр нөлөөлөх юм. Төгрөгийн ханш чангарч байгаа тухайд шинжээчид үүнд нэг их санаа зовохгүй байна. Тэд Монголбанкнаас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн валютын уян хатан бодлого оновчтой байсан хэмээн магтсан юм. Гадны шинжээч эрхмүүдээс манай эдийн засагт тулгараад байгаа асуудлуудын талаар тодрууллаа. 

Олон улсын валютын сангийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Стив Барнет:

ИНФЛЯЦИ ХЭСЭГ ХУГАЦААНД БУУРААД ДАХИН ӨСНӨ

-Засгийн газар төсвийн зардлаа тэлж байгаагаас болж инфляци өснө гэж та хэлсэн. Инфляцид үүнээс өөр хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу?

-Нийлүүлэлтийн талын шок их нөлөөлж байна. Тухайлбал, хүндхэн өвөл болж байгаагаас махны нийлүүлэлт буурсан. Энэ нь үнийн өсөлт гаарахад хүргэсэн. Түүнчлэн олон улсын түвшинд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ерөнхийдөө өсөх хандлагатай болсон. Энэ нь мөн л инфляцийн өсөлт гарахад чухал нөлөө үзүүлж байна.

-Тэгвэл инфляци нэмэгдэж байгаа нь зарим талаараа улирлын шинжтэй гэж хэлж болох уу?

-Зарим талаараа тэгж хэлж болно. Манай шинжээчид Монголын инфляцийн өөрчлөлтийн талаарх графикийг гаргасан байгаа. Тэндээс харахад энэ оны эхний саруудад улирлын шинжтэй шалтгааны улмаас үнийн өсөлт  гаарах төлөвтэй байна. Харин дараа нь хэсэг хугацаанд бага зэрэг буурна. Түүний дараа эрэлтийн талын нөлөөллөөс хамаарч инфляци дахин өснө.

Дэлхийн банк­н­ы Мон­го­лыг хариуцсан тэр­гүү­лэгч эдийн засагч Рожер ван ден Брик:

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН АЧААР ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА

-Өмнө нь 2008 онд зэсийн үнэ огцом буурч байсан. Үүнээс болж манай улсын төсвийн алдагдал огцом нэмэгдэж байсан нь бий. Тэгвэл дахин тийм гэнэтийн зүйл болбол юу хийх хэрэгтэй вэ?

-Яг ийм гэнэтийн эрсдэлээс сэргийлэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ач тусаа өгөх юм. Үнэхээр 2008 онд болсон шиг урьдчилан тооцоолоогүй хүндрэл бэрхшээл үүсч болно. Харин тэр үед хэрэглэх мөнгөө эртнээс нөөцөлж, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ бид энэ онд зэсийн үнэ огцом буурахгүй гэж таамаглаж байгаа.

-Инфляцийн өсөлтийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Юун түрүүнд Засгийн газар зардлаа бууруулах ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр аргагүй юм. Бодлогын хүүгээ тодорхой мөчлөгтэйгээр нэмэх хэрэгтэй. Мөн банкны салбарын тогтвортой байдлыг хангах нь чухал.

-Бодлогын хүүг эхний ээлжинд хэдэн хувь  хүргэвэл оновчтой вэ?

-Үүнийг одоо хэлэхэд хэцүү. Нарийн тооцоо судалгаа хийж байж, түүн дээрээ үндэслэн тодорхой дүгнэлт гаргах юм.

-Монголбанк мөнгөний бод­логоо хатууруулбал арилжааны бан­кууд  хүүгээ нэмнэ. Энэ нь до­тоо­дын үйлдвэрлэгчдэд хүнд тусах уу?

-Мэдээж тэгнэ. Дотоодын үйлд­вэр­лэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүй болно. Энэ нь үйл ажиллагаагаа явуулж, зах зээлээ тэлэхэд сөрөг нөлөөтэй. Гэхдээ төв банкны хувьд өөр арга байхгүй. Төв банк инфляцийг бууруулахын тулд олон арга хэмжээ авч чадна. Гэхдээ тэдгээр нь бүгд дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм. Харин бодлогын хүүгээ нэмбэл үзүүлэх нөлөөний хувьд харьцангуй гайгүй.

-Банкны тогтолцоог эрүүл байлгах хэрэгтэй гэж та хэллээ. Сүүлийн үед арилжааны банкуудын чанаргүй зээл их байгаа тухай онцлох болсон. Үүнийг арилгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Юун түрүүнд банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулж, капиталыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бүтцийн өөрчлөлт хийх, тогтолцоог нь бүхэлд нь эрүүл байлгах нь чухал юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж