“Төрийн банк” ХХК 28 тэрбум төгрөгийн дүрмийн сантай

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

“Төрийн банк” ХХК 28 тэрбум төгрөгийн дүрмийн сантай

Төрийн өмчийн хороо хамгийн сүүлчийн хуралдаанаараа нийслэлийн өмчөөс 2010 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцжээ. Нийслэлийн өмчөөс энэ онд  гурван аж ахуйн нэгж менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах бол найман үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргажээ. Түүнчлэн уг хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж”, “Дарханы дулааны сүлжээ”, “Булган АЗЗА”, “Орхон АЗЗА”, Хөвсгөл АЗЗА” ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Анод банкны суурин дээр байгуулагдсан “Төрийн банк” ХХК-ийг 28 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар төрийн өмчийн бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн байна. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Лэгцэг овогтой Эрхбаатарыг томилохыг тус компанийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгов. Уг хурлаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам,  Монголын үндэсний музей, ЦЕГ, Багануурын дулааны станц ТӨХК  зэрэг газруудын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, балансаас балансад шилжүүлэх, худалдан авах шийдвэрийг гаргасан байна.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж