“Mizuhiki“ урлалыг Монголд дэлгэрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Mizuhiki“ урлалыг Монголд дэлгэрүүлнэ

Японы соёл урлагийн анхдугаар наадам “АСА” циркт болж байгаа. Тус наадамд  өөрийн орны үндэсний бахархал болсон  “Mizuhiki“ урлалаар  үзэсгэлэн гаргасан хатагтай Senga Shimizu-тай уулзлаа.

-“Mizuhiki“ урлалынхаа талаар танилцуулна уу?

-“Mizuhiki“ урлал нь японы маш эртний гар урлал. Энэ нь монголчуудын сайн мэдэх цэцгийн урлал, цайны урлагийн адил 1300 жилийн түүхт Нарагийн үеэс улбаатай.

-Энэ наадамд ямар үзэсгэлэнгээрээ оролцож байна бэ?

-Би Монголд хоёр дараалан үзэсгэлэнгээ гаргасан. Хоёр жилийн өмнө томоохон үзэсгэлэнгээ толилуулсан. Ер “Mizuhiki“ н бэлэг дурсгалын зүйлд зориулан бүтээдэг бүтээл байгаа. Бэлэглэж буй хүндээ аз жаргал сайн сайхныг бэлэглэж байна гэсэн утгатай. Тэр хүндээ өөрийнхөө бүх сэтгэлийг шингээж бэлэглэдэг утгийг агуулдаг. Үүгээр гэгээлэг зүйлсийг бэлэгдэн урладаг. Жишээлбэл, энэ удаа гаргаж байгаа үзэсгэлэнд маань Японы хөлөг онгоц, үнэт зүйл мөнгө хөрөнгөтэй болохыг бэлэгддэг онгоцнууд тавьсан байгаа. Мөн урт наслахыг бэлэгдсэн яст мэлхий, тогоруу зэрэг бүтээлүүд бас байгаа. Бүр дээр үеээсээ хуримын ёслол бусад ямар нэгэн томоохон баяр ёслолын үеэр эдгээр бэлэгдлийн зүйлсийг оруулсан бэлэг өгдөг уламжлалтай.

-Эдгээр бүтээлүүдийг юугаар урладаг вэ?

-Энэ урлалын гол материал нь япон цаас юм. Түүнийг маш нарийхан эрчлээд утас болгон усан цавуугаар будаж хатаагаад үүн дээрээ саа ч юм уу ямар нэгэн нэмэлт чимэглэл хийж сүлжиж бүтээлүүдээ хийдэг. Одоо бол техник технологи хөгжөөд гар аргаар бус үйлдвэрийн аргаар хийсэн бэлэн энэ төрлийн утсаар хийж байгаа.

-Гар урлал хийхэд хугацаа их шаарддаг байх аа.  Жишээ нь эд мөнгөний бэлэгдэл энэхүү хөлөг онгоцыг хийхэд ямар хугацаа зарцуулсан бэ?

-Үүгээр хэр удаан хичээллэсэн, чадвараас шалтгаалан янз бүр байдаг. Би энэ онгоцыг арван цагийн дотор хийсэн. Хичээллээд удаагүй байгаа хүмүүсийн хувьд хоёр сар түүнээс ч дээш хугацаа шаардана.

-Японд энэ чиглэлээрээ сургалт явуулдаг уу?

-Би Японд өөрөө энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуультай. Сургуулийнхаа захирал нь.

-Танай сургуульд суралцахыг хүссэн монголчуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Япон амьдралын өртөг өндөртэй улс. Монгол японы мөнгийг харьцуулбал их зөрүү гарна. Монголчууд тэнд очоод суралцана гэвэл нэлээд хүндрэлтэй байх. Ер нь бол шавь нараа бэлтгээд, би ч гэсэн Монголд ирж сургалт явуулдаг болох бодолтой байгаа. Тийм боломжтой үед Монголдоо суралцвал илүү дөхөм байна байх аа.

-Голчлон бэлэг дурсгалын чиглэлээр эдгээр бүтээлүүдийг хийдэг гэлээ. Ямар үнэтэй байдаг юм бол оо?

-Мөнгө бэлэгддэг хөлөг онгоц гэхэд л хамгийн хямдханаар үнэлэхэд л монгол мөнгөөрөө 800, 900 мянган төгрөг. Тэр бүр бүтээлүүдээ зарах гэж хичээдэггүй, зайлшгүй авахыг хүссэн тохиолдолд бүтээлүүдээ өндрөөр үнэлдэг. Гар урлал өөрөө нарийн чимхлүүр ажиллагаа шаарддаг болохоор үнэ өндөр байдаг. Харин энэ урт удаан наслахын бэлэгдэл тогоруу 150 мянга байдаг гээд л харилцан адилгүй үнэтэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж