Монголын тулгар төрийн 2220 жилийн ойн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Монголын тулгар төрийн 2220 жилийн ойн нээлт болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг гарч Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэхээр болсон. Ойн ёслолын нээлт 2011 оны нэгдүгээр сарын 31-нд Монголын Үндэсний музейд 10.00 цагаас эхэлнэ.

    Хүн ардынхаа үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх, Монгол төрийн үндсийг улам бэхжүүлэх, эртний дэлхий дахины түүхийн үйл явцад, түүний дотор Евразийн олон үндэстний түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн бидний өвөг дээдэс болох Хүннүчүүд болон Монголын тулгар төрийн буурал түүх шастир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах зорилгоор эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй саналыг дэмжиж Монгол Улсын Үндсэн хуулийн гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан уг зарлиг гарсан билээ.
    Хүннүчүүд нь МЭӨ IV зууны үеэс түүхэнд нэр нь тодоор дурдагдаж, МЭӨ III зууны төгсгөл буюу МЭӨ 209 онд Модун шаньюйн үед нэгдмэл төрт улс болж, улмаар хөрш зэргэлдээ оршиж байсан аймгуудыг ээлж дараалан өвдөг сөхрүүлсээр нүүдэлчдийн дотроос анх түрүүнд эзэнт гүрнийг цогцлоожээ. Тэд өмнөд хөршийн Хан улсаас татвар авч, Дундад Азийн хот улсуудад ч нөлөөлж байсан бөгөөд Хүннүгийн нэр цуу Өрнөдөд ч хүрч байжээ.  МЭ I зууны төгсгөлд Хүннү улс бие дааж оршин тогтнохоо больсон хэдий ч Хүннү угсааныхан V зууны үед Атиллаар толгойлуулсан Хүн гүрнийг байгуулж, Хятадын 5 төр, 16 улсын үед ч тэд улс байгуулж нөлөөтэй хэвээр оршин байсаар Евроазийн мянган жилийн түүхийг бичилцсэн юм. Тэдний үлдээсэн соёлын өв болох булш оршуулга, хот суурин, хадны зургийн дурсгалууд Евроазийн өргөн уудам нутгаас илэрсэн хэдий ч гол цөм нь Хүннүгийн голомт болох өнөөгийн Монгол улсын нутагт тархжээ. Ялангуяа Хүннүгийн язгууртан дээдсийн оршуулга болох 600 гаруй булшны 95 хувь нь манай улсын нутгаас илэрч мэдэгдээд байна.  

    “Хүннүгийн язгууртнууд үзэсгэлэн” нь сүүлийн 10 жилд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музейгээс зохион байгуулсан хээрийн шинжилгээний ангиуд Ноён уул, Гол мод, Дуурлиг нарс, Тахилтын хотгор гэсэн Хүннүгийн дөрвөн том язгууртны оршуулгын дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж илрүүлсэн олдвор эх хэрэглэгдэхүүнийг дэлгэн тавьж одоогоос 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Хүннү гүрний язгууртан ихэс дээдсийн эд хэрэглэл, эдийн соёлыг танилцуулна.  

    Ёслолын нээлтийн үйл ажиллагааны Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин үг хэлнэ. Хурлын үндсэн илтгэлийг Ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга, БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр “Монгол тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх нь монголын төр ард түмний түүхэн үүрэг мөн” сэдвээр тавина.

    Хурлын хавсралт илтгэлийн сэдвүүд нь:

    “Хүннүгийн түүх, соёлын судалгааны тулгамдсан асуудал”
    Ж.Болдбаатар, академич /МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэн/        Т.Эрдэнэхишиг, доктор /Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн/
    “Хүннү цэрэг”
    Ж.Базарсүрэн, доктор, профессор /Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний
    хүрээлэн/

    “Хүннүгийн археологийн судалгаа”
        Д.Цэвээндорж, доктор (Sc.D)  /ШУА-ийн Археологийн хүрээлэн/
        Г.Эрэгзэн, доктор  /ШУА-ийн Археологийн хүрээлэн/

    “Хүннүгийн антропологийн судалгаа”
        Б.Түмэн, доктор (Sc.D)  /МУИС-ийн археологи, антропологийн тэнхим/
    “Хүннүгийн угсаа гарваль, хэлний түүхийн асуудалд”

        Б.Батсүрэн /ШУА-ийн Түүхийн хүрээлэн/

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж