Ардын нам Н.Энхбаярыг биш, Н.Энхбаяр ардын намыг голов

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ардын нам Н.Энхбаярыг биш, Н.Энхбаяр ардын намыг голов

Хэрвээ МАХН Онц их хурлаа зарладаг л юм бол хөөнө хэмээн сүржигнээд байсан Ардын намынхан Н.Энхбаярт хаягдах нь тодорхой болоод байна. Уг нь  Намбарын Энх­баярын хандыг хага дарахаар үе, үеийн дарга нар нь  гашуун нясуун үгтэй захидал бичиж гарын үсгээ зурцгаасан.  Дараа нь залуучуудаа жагсааж, Зүүний хүчний холбооныхноор хэвлэлийн хурал хийлгэлээ. Бүр болохгүй болохоор нь ахмад гишүүдийн хатуу үгээр зодсон захиалгат ярилцлагуудаар бөмбөгдсөн. Ардын намынхан үүнийгээ Н.Энхбаярыг “чадаад байна” гэж бодсон байх. Гэтэл айх ёстой Н.Энхбаяр нь “Би МАХН-ын XXVI их хурлын өмнө ч МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан. Миний нэрийг надаас асуулгүйгээр МАН-ын Бага хуралд оруулсан байна лээ. Нэг ёсондоо урхидаж авч байгаа ч юм уу. Айлгаж, эсвэл аргалж тогтоох гээд байгаа юм уу” хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Энэ бол санаанд багтамгүй мэ­дэгдэл юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр  Ардын намынхнаас өрсч тэднийг цохив. Түүнд ин­гэж мадлуулахын чинээ  төсөөлөөгүй  байсан  Ардын нам одоо ичгэвтэр байдалд орчихлоо. Өчигдөрхөн Н.Энх­баяраас давуу оноотой, илүү хүчтэй явсан энэ том нам бүхлээрээ түүний аманд багтаж орхих нь энэ.  Хамгийн олон лидертэй гэж  ханхалздаг хэрнээ экс Ерөнхийлөгчийг Бага хуралдаа  хүчээр бүрт­гэчихсэн болж таарлаа.  Н.Энхбаярт   хаягдсанаа мэ­дээгүй байсан юм уу гэсэн хавчуургатай уг ярилцлагадаа  “Хатуухан хэлэхэд хамгийн их бөгс долоож байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү” гэж шазруухан хэлсэн нь Ардын намын сайн дурын лидерүүдийг  муухан цохиод авснаас илүүтэй сенсаац дэгдээлээ.  “МАН-д байлаа гээд хэнд хэрэгтэй юм бэ” гэж тэрбээр зүгээр ч нэг хэлчихээгүй нь лав. “Толгой тасрахад үсэндээ санаа зовох хэрэг юун” хэмээн эртний сонин онч үгийг санагдуулсан түүний тохуутай ярилцлага хөөхөөр зэхэн сүржигнэж байсан Ардын намынханд тарчлаантай байгаа нь мэдээж.  Хүчтэй улстөрч хөөгдөхдөө ч хөгжилтэй дуу аялж чаддаг ажээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж