Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцлоод үүнийг даган гар аргаар алт олборлогчид олширч, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болсныг дурдан, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэгийн газраас “Тогтвортой бичил уурхай” төслөөрөө дээрх асуудлуудад тусалж ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Мөн цаашид ч уурхайчдыг сургалтад хамруулан, ур чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэж буйгаа хэллээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд байгалийн эрсдэл ихтэй, эрс тэс уур амьсгалтай Монгол Улс ихээр өртөж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд 2004 онд төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээсэн тус нийгэмлэгаас хэрэгжүүлж буй “Бэлчээрийн менежментийн төсөл”, “Цөлжилттэй тэмцэх төсөл” зэрэг нь цагаа олсон ажлууд гээд урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа мэдэгдэв. Мах сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон брэнд бүтээгдэхүүн гаргах чиглэлээр Монголд хөрөнгө оруулагчдыг татах ажилд уг агентлагийн зүгээс анхааран ажиллахыг санал болголоо.
Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхий захирал М.Дахинден манай улстай хамтран ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч буйд баяртай байгаагаа хэлэв. Тэрээр байгаль орчныг хамгаалах, малчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гар аргаар алт олборлогчдын асуудлыг сөрөг үр дүн багатайгаар шийдвэрлэх, уул уурхайн орлогыг тэнцвэртэй, үр дүнтэй зарцуулах талаар санал бодлоо хэлж байлаа.
ШХУ-ын парламентаас 2007-2012 онд Монгол Улстай хамтран ажиллах баримт бичгийг баталсан бөгөөд үүний хүрээнд тус нийгэмлэг нь жил бүр ойролцоогоор есөн сая гаруй швейцарь франкийн төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж байна. Манай улсын баруун бүсийн аймгуудад чиглэсэн, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, энэ хүрээнд малчид, орон нутгийн иргэдииг дэмжих зорилготой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Ерөнхийлөгч уг уулзалтынхаа дараа тус нийгэмлэгийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.