Нягтлан бодох бүртгэл, компанийн засаглалыг сайжруулахгүйгээр хөрөнгийн биржид гарч чадахгүй
-MICC буюу Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци нь ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ? Танайхтай адил үйлчилгээ явуулдаг байгууллага Монголд бий юу? Байдаг бол танайх тэднээс юугаараа ялгарах вэ?
-Манайх Монголын санхүүгийн зах зээл дээр шинэлэг гэж болох хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна. Хөрөнгө оруулалтын банк гэхээр хүмүүс арилжааны банктай хутгаж ойлгоод байдаг юм. Хөрөнгө оруулалтын банк гэдэг нь хувь хүн болон компаниуд, бүр Засгийн газарт хүртэл хэрэгцээтэй мөнгийг олж өгдөг. Ингэхдээ тэр мөнгөө хувьцаа, бонд, арилжааны зээл гээд аль хэлбэрээр олох нь илүү үр ашигтайг сонгоход зөвлөгөө өгч, улмаар энэ ажлыг зохион байгуулж хийдэг мэргэжлийн байгууллагыг хэлж байгаа юм. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчтай ажиллана. Аль болох олон хөрөнгө оруулагчтай зэрэг сайн харилцаатай байж, тэдэнд хүсч байгаа хөрөнгө оруулалтыг олж өгөх санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын банк эрхэлдэг. Энэ чиглэлээр манай байгууллага ганцаараа ажиллаж байгаад сүүлийн хоёр жилээс л өрсөлдөгч гарч ирж байна. Гадны хөрөнгө оруулалттай “Евроазиа капитал”, “Фронтиер”, Монголын “Би Ди Сек”, “Монсек” гээд хөрөнгө оруулалтын банкууд үйл ажиллагаа явуулаад эхэллээ.
Бид Монголын компаниудад оновчтой санхүүжилт олж авахад нь зөвлөгөө өгөхөөс гадна гадны хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангуудтай байнгын харилцаатай ажилладаг. Одоогоор хориод компанид нийтдээ 100-гаад сая долларын хөрөнгө оруулалт босгож өгөөд байгаа.
Бас брокерийн үйл ажиллагаа явуулдаг. Хөрөнгийн бирж дээр суудалтай. Монголын болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан компаниудын судалгааг хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагч нарт зөвлөгөө өгдөг.
-Монголын санхүүгийн зах зээл өмнө ямар байсан бэ? Одоо ямар байна? Ирээдүй хэр байна вэ?
-Монголд хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй болохоор арилжааны банк давамгайлсан санхүүгийн зах зээлтэй. Өнөөгийн зах зээл дээр арилжааны банкууд маш жижигхэн хэвээрээ л байна. Том том уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгийг нэг арилжааны банк бүү хэл бүгдээрээ нийлээд ч гаргахад хэцүү. Ийм нөхцөлд компаниуд хөрөнгө оруулалтаа дандаа гаднаас хайж, гадны банкнаас зээл авдаг. Цаашлаад гадаадын зах зээл дээр хувьцаагаа гаргаж, хөрөнгө оруулалт татах байдлаар том төслүүд хэрэгжих болдог. Энэ шаардлагын улмаас сүүлийн үед манайх шиг байгууллагын үйлчилгээ ихээхэн эрэлттэй болж байна. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн хорин жилд арилжааны банкууд сайн хөгжсөн бол одоо хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрчимтэй хөгжих юм байна гэж харж байгаа. Түүнийгээ дагаад хөрөнгийн зах зээлийн хөгжил ч эрчимжих байх.
-Хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийг хөгжүүлэх асуудлыг төр засгаас бодлогын хэмжээнд тавьж, анхаарал хандуулж байна. Ингэхдээ Монголын хөрөнгийн биржийг ямар хэлбэртэй, үйл ажиллагаа нь аль улсын хөрөнгийн биржтэй адил байх вэ хэмээн санаа бодлоо уралдуулж байгаа? Таны хувьд ямар санаа бодолтой байна вэ?
-Хөрөнгийн зах зээлийн хувьд Хонконг, Австрали, Нью-Йорк гээд өндөр хөгжсөн зах зээлүүд хоорондоо маш төстэй дүрэм журамтай байдаг юм болов уу гэж би ойлгосон. Ихэнх нь хувь нийлүүлэгчдийг эрсдэлээс хамгаалахыг тэргүүнд тавьдаг. Тэр дундаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалахыг чухалчилдаг. Нэг нь түрүүлж мэдээлэл олж аваад түүнийгээ ашиглан бусдаас илүү ашиг олохыг хориглосон гол дүрэмтэй. Монголын бирж дээр компаниудын санхүүгийн мэдээллийг гаргах тухай заалт дүрэмд байдаг л даа. Гэхдээ Монголд хувьцаат компаниуд жилд нэг л удаа санхүүгийн тайлан гаргадаг. Гадаадад бол гурван сар тутамд мэдээлдэг. Хувьцааны ханшид өөрчлөлт орж болохуйц мэдээллийг компани хувь нийлүүлэгчдээ байнга мэдээлж байх ёстой. Компани ийм зээл авлаа, ийм гэрээ хийлээ гэсэн мэдээлэл дээр нь үндэслэж хүмүүс дүгнэлтээ гарган хувьцааг авах, зарахаа шийддэг. Монголд энэ мэдээлэл огт байдаггүй.
Заавал Хонконг, Франкфуртын хөрөнгийн биржийн аль нэгийг хуулбарлая гэхгүйгээр дэлхий нийтээр нэг стандарт болчихсон мэдээллээ гаргах тал дээр л анхаарах ёстой санагдана. Нөгөө талаар Монголын компаниудын санхүү, нягтлан бодох бүртгэл маш муу. Бизнесийн хэл бол нягтлан бодох бүртгэл гэж ярьдаг шүү дээ. Компани ашгаа үнэн зөвөөр мэдээлж байна уу, эсвэл эзэн нь зардал нэмж бичээд өөрсдөө тэр мөнгөө ашиглаад байна уу гэдгийг хөндлөнгийн аудит орж шалгаад жилийн эцэст тайлан гаргаж, түүнийгээ хувь нийлүүлэгчдэд тайлагнадаг байх ёстой. Энэхүү компанийн засаглал буюу санхүүгийн ил тод байдал Монголын бирж дээр байгаа компаниудад ажиглагддаггүй. Бирж дээр бүртгэлгүй компаниуд ч мөн адил. Монголд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартаар санхүүгийн тайлангаа гаргадаг компани маш цөөхөн. Ер нь гарын таван хуруунд багтахаар үндэсний компаниуд байгаа. Энэ нь хөрөнгийн бирж хөгжих, компаниуд хөрөнгө оруулалт татахад хамгийн их саад болж байгаа юм. Нягтлан бодох бүртгэл, компанийн засаглал хоёр сайжрах ёстой. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэж бүгдээрээ ярьж байгаа тохиолдолд энэ бол хамгийн түрүүн хийх ажил.
Сайн менежментээс гадна мэдээллээр хүмүүсийг хангах, нягтлан бодох бүртгэлийг зөв явуулах, зөв явуулаагүй бол тэр компани ямар торгууль, шийтгэл хүлээх ёстойг тодорхой болгоод түүнийгээ хэрэгжүүлээд явбал хөрөнгийн биржийг хөгжүүлэх нь нэг их хүндрэлтэй биш гэж би бодоод байгаа. Компанийн засаглал буюу санхүүгийн ил тод байдал Монголд хөгжихгүй байгаа нь зах зээлийн нийгэмд ороод удаагүйтэй л холбоотой. Америкт л гэхэд зах зээл ямар урт хугацаанд хөгжсөн билээ. Нэг сонирхолтой түүх байдаг шүү дээ. Америк руу анх явсан хөлөг онгоцыг Англид нэг хэсэг хүмүүс корпораци байгуулан санхүүжүүлжээ. Очоод маш их алт эрдэнэс олж, тэр олсон ашгаа оруулсан хувиараа ингэж хуваана гээд хүмүүсээс мөнгө татаж, аяллыг санхүүжүүлсэн юм билээ. Онгоц дээр орлого зардлыг бүртгээд нягтлан явж байсан гэдэг. Тэгэхээр ийм урт удаан хугацааны түүхтэй, олон жил хөгжсөн ухааныг бид хорин жилд нэвтрүүлэх гээд үзээд байна. Тэгэхээр нэлээд хол зам туулах нь зайлшгүй.
-Гадны хөрөнгө оруулалттай компаниуд дэлхийн хөрөнгийн биржүүд дээр Монголын баялгаар хөрөнгө босгоод байдаг. Манайхан өөрсдөө чадахгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь нягтлан бодох бүртгэл, компанийн засаглал сайтар хөгжөөгүйгээс болж байна гэж ойлгож болох уу?
-Дээр нь нэмж хэлэхэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, туршлага дутуу байгаа нь нөлөөлнө л дөө. Монголд санхүүгийн тайлан тэнцэл тодорхой бус, ийм нөхцөлд гадны бирж дээр гарах үед гадны менежменттэй эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь гадны хүмүүстэй компанийг илүү үнэлнэ. Гэхдээ Монголын компаниуд дэлхийн бирж дээр огт гарч чадахгүй байна гэж хэлж болохгүй. “Петро Матад” компани байна. “Петровис” гол хувьцаа эзэмшигч нь байх. “Петро Матад”-ынхаа захирлаар австрали хүн тавиад, гадны нэр хүндтэй том хөрөнгө оруулагч оруулсны дараа улмаар хувьцаагаа олон нийтэд зарж, Лондонгийн биржээс босгосон мөнгөөрөө Монголдоо нефтийн хайгуул хийж байна. Тэгэхээр Монголын компаниуд бирж дээр гарч чадахгүй байгаа юм биш. Яг хөрөнгийн бирж дээр гарахаар бэлтгэгдчихсэн, тайлан тэнцэл бүртгэл нь сайн, менежмент нь сайн, орд нь сайн, үйл ажиллагаа нь жигдэрсэн шаардлага хангасан компани л гарын таван хуруунд багтахаар цөөхөн байна. Яваандаа компаниуд ингэж явах ёстойг ойлгоод өөрчлөгдөх байх л даа.
-Манайд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх мэргэжилтнүүд нь байна уу?
-Мэргэжилтнүүд цөөхөн байна. Гэхдээ зах зээл нь байвал гадны хүмүүс ирж ажиллана шүү дээ. Одоо л гэхэд гадны хөрөнгө оруулалттай “Евроазиа капитал”-д Москва, Казахстаны бирж дээр ажиллаж байсан туршлагатай казак, узбек залуучууд ирж ажиллаж байна. Хонконгийн бирж дээр дандаа л гадны банкирууд байна. Хонконгод амьдардаг хүмүүсийн бараг тал нь бирж дээр ажилладаг гадны брокер, банкирууд байдаг. Тэгэхээр мэргэжилтнүүд цөөхөн гэдэг нь нэг их санаа зовоох асуудал биш. Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр гадныхнаас суралцаад, үндэсний мэргэжилтнүүд яваандаа бий болно. Харин дүрэм журмыг баталдаг, зохицуулдаг төрийн байгууллага дээр нь боловсон хүчин учир дутагдалтай, гүйцэхгүй яваад байх шиг санагддаг. Төрийн албаны цалин бага болохоор сайн мэргэжилтэн олоход хэцүү байх л даа.
-Хөрөнгийн биржийг хувьчилж гаднаас менежментийн баг оруулж ирнэ гэхэд үндэсний мэргэжилтнүүд маань жаахан дургүйцэнгүй байгаа?
-Би гадны баг оруулж ирэх нь зөв юм болов уу гэж боддог. Хөрөнгийн бирж 200-300 жил хөгжсөн улсуудын дэргэд манай бирж хорин жил л болж байна. Хоёр гурван зуун жил хөгжчихсөн зүйлийг бид нэвтрүүлэх гээд байгаагаас биш шинээр зохиох гээгүй. Дэлхийн хөрөнгийн бирж дээр ажиллаж байсан мэдлэгтэй, туршлагатай хүмүүсийг авчирч ажиллуулбал илүү амар байх болно.
Хүн бүхэнд данс нээгээд, хувьцаа өгчих
-Монгол улс стратегийн том том орд газруудаа эргэлтэд оруулж эхэлж байна. Эндээс энгийн иргэд эх орныхоо баялгаас яаж хүртэх нь зохистой вэ?
-Тавантолгойн хувьд дэд бүтэц, олборлох туршлагатай мэргэжилтнүүд, хөрөнгөө яаж босгох вэ гэсэн гурван асуудлыг шийдчих юм бол таван тэрбум нүүрсийг 100 жил зөөгөөд ч барахгүй тийм их баялаг. Эрдэнийн хувь гээд л амлаад байсан. Миний бодлоор хамгийн зөв арга нь биржээрээ хүн болгонд данс нээгээд хувьцаа өгчих нь дээр санагдаж байна. Гэхдээ энэ хувьцаагаа уурхай байгуулж бүтээгдэхүүн олборлотол худалдаж шилжүүлэхгүй нөхцөлтэйгээр. Засгийн газар нийт ард түмнээ хувь нийлүүлэгч болгочихоод, үлдсэн хувьцааны зарим хувийг нь худалдаж ч юм уу, гэрээгээр уурхай ажиллуулдаг гадны компанийг оруулж болно шүү дээ. Олборлож эхэлснээсээ хойш тодорхой хугацааны дараа магадгүй хоёроос таван жилийн дараа тэр “Тавантолгой” гэдэг компаниа бирж дээр гаргавал хувьцаа нь хамгийн их үнэд хүрч Монгол улсын иргэдэд ашигтай байх болно.
-Манайхны хувьд стратегийн том орд газруудаа эргэлтэд оруулснаар богино хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гараад мөнгө босгоод эхлэх юм шиг хялбархан зүйл яриад байгаа. Энд хэр их хугацаа хэрэгтэй вэ?
-Монголын биржээс Монголын уул уурхайн төслүүдэд хэрэгтэй байгаа бүх мөнгийг дангаар босгох боломжгүй л дээ. Тийм чадал байхгүй. Гадны орнуудын хувьд хоёр бирж дээр зэрэг хувьцаа гаргаад явчихдаг юм. Казахстаны компаниуд Казахстан, Лондонгийн бирж дээр зэрэг гарах жишээтэй. Оросын компаниуд бас л Лондон, Москвагийн бирж дээр хамт гараад явчихдаг. Казахстанаар жишээ аваад ярихад эхний ээлжинд нийт гарч буй хувьцааны нэг хувь нь л тус улсын биржээр, бусад нь Лондонгийн биржээр арилжаалагдаж байгаад, яваандаа хүмүүс нь мөнгөтэй болоод илүү хувьцаа аваад ирэхээр өөрийнхөө бирж дээр хувь нь нэмэгдэж болдог юм билээ.
Том том стратегийн ордуудынхаа хувьцааг гаргая гэж байгаа бол хоёр бирж дээр зэрэг гаргах хэрэгтэй. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид хувьцааг нь авчихаар сайн менежменттэй, санхүүгийн тайлангаа зөв гаргадаг компани манайд цөөн байна. Стратегийн ордыг эзэмшдэг компаниудаас ч гэсэн яг одоо хувьцаа гаргаад үнэд хүрчихээр нь маш цөөхөн.
Харин “Эрдэнэт” бол боломжтой. Санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу бүрдүүлээд явдаг. Гучин жил олборлочихсон уурхай болохоор ямар ашиг олдог, ямар зардал гардаг нь маш тодорхой болчихсон. Нэмж хийгдэх ажил гэвэл одоо байгаа нөөцөө олон улсын стандартаар батлуулах хэрэгтэй. Энэ ажлыг гурван сарын дотор зохион байгуулж болно. Тэгээд л бирж дээр гарах бүх боломж нь бүрдчихнэ. Мэдээж хувь нийлүүлэгч болох Монгол, Оросын тал шийдвэр гаргах ёстой. “Эрдэнэт” гээд ярихаар Монголын улстөрчдийн хөрөнгийн биржийн талаарх мэдлэг нимгэн нь илт харагддаг. Бид энэ талаар ярилцаж үзсэн юм. Монголын талын 10, Оросын 10, нийт 20 хувийн хувьцааг гаргая гээд ярихаар Оросын тал худлаа яриад хөрөнгийн биржээр дамжуулан манай арван хувийг авчихаад өөрсдөө 59, манайхыг 41 хувьтай болгочихно гэж харддаг. Нэгдүгээрт, ингэх боломжгүй. Яагаад гэвэл бирж дээр хувьцааг хэн авч байгааг мэдэх боломжтой байдаг. Ялангуяа “Эрдэнэт” шиг ийм том компанийн хувьцааг хэдэн тэрбум доллараар менежмент хийдэг том хөрөнгө оруулагч нар, магадгүй 200 байгууллагын хөрөнгө оруулагч, дээрээс нь маш олон хувь хүн авдаг. Бас хэнд зарахаа хувь нийлүүлэгч өөрсдөө шийддэг. Хөрөнгө оруулагчдад компаниа танилцуулаад, дэлхий даяар яваад 200, 300 хөрөнгө оруулагчтай уулзана. Тэр нь ихэвчлэн Лондон, Нью-Йорк, Хонконгод байгаа уул уурхай ойлгодог, уул уурхайд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Энэ хүмүүст л зарна гэсэн үг. Үүнийг “Айвенхоу Майнз” хийж байна. “Бороо гоулд” хийж байна. Бүгдийг оросууд аваагүй л байгаа биз дээ.
Бусад стратегийн ордыг бирж дээр гаргана гэхэд нөхцөл бүрдээгүй байна. Олборлолт явуулаагүй, нөөц нь баталгаажаагүй, ямар менежмент хийх, ямар үйл ажиллагаа явуулах, хэзээ олборлолтоо хийх, хэзээ ашгаа тараах, хувь нийлүүлэгчид хэзээ мөнгө авах нь тодорхойгүй байгаа. Тавантолгой ч мөн адил. Таван тэрбум тонн нүүрсний нөөц байна гээд бирж дээр маргааш гаргаад зарлахад хэн гүйцэтгэх захирал нь юм, тэр хүн нь уул уурхайн мэдлэг, туршлагатай юм уу, хэзээ нүүрсээ олборлох вэ, төмөр замыг чинь хэн тавих юм гээд л Засгийн газраас маш олон асуулт лавлахад хариу байхгүй, төлөвлөгөөгүй, бэлэн биш байгаа.
“ЭРДЭНЭТ”-ИЙН ИРЭЭДҮЙГ ХАРАХГҮЙ БАЙХ ШИГ САНАГДДАГ
-“Эрдэнэт” хувьцаа гаргаад Монголын 2.7 сая хүн амдаа хуваах юм бол нэг хүнд бараг 1000 ам.доллар ногдохоор мөнгө босгож чадна гэж бичсэн байхыг уншсан юм байна?
-1000 ам.доллар нь ч юу л бол. Гэхдээ “Эрдэнэт” шиг компани 2-3 тэрбум долларын үнэлгээтэй байх болов уу. Маш энгийн аргаар нэг л компанитай хийсэн харьцуулалтын аргаар үнэлэхэд л дээ. Казахстанд байдаг “Казахмыс” компани 12 тэрбум долларын үнэлгээтэй. “Эрдэнэт”-ээс дөрөв дахин их үйлдвэрлэл явуулдаг компани. Үнэлгээг нь нарийн гаргахын тулд 20 том зэс үйлдвэрлэгчийг харьцуулах хэрэгтэй болно. Үйлдвэрлэл нь хэд байна, зах зээлийн үнэлгээ нь хэд, дундажлаад хэд гарах нь вэ гэдгийг тооцно. Дээр нь Монголын эрсдэлийг бас тооцох ёстой. Америкт байгаа адил төстэй зэсийн үйлдвэрээс багаар үнэлэгдэнэ гэсэн үг. Энэ олон нөхцөлийг харгалзаж үнэлгээ гарна. Бас Монголд 51 хувь нь байдаг болохоор нийт үнэлгээний тал нь Монголын талд оногдоно гэсэн үг. Олон улсад бол бирж дээр тодорхой хувьцааг нь гаргачихаад улсын мэдэлд байгаа хувьцааны багцыг тухай улсын нийгмийн даатгалын сан нь эзэмшиж болдог жишиг байдаг юм билээ. Ингэснээр иргэдээ баяжуулж, амьдралыг нь баталгаажуулж байдаг. Бразильд “Вале” гэж яг ийм бүтэцтэй компани бий.
-Одоо Тавантолгой дээр орд ашиглах саналаа өгсөн консорциумын гишүүн компани мөн үү?
-Мөн. Дөчин жил улсын компани байгаад 1990-ээд онд Нью-Йоркийн биржээр дамжиж хувьчлагдсан юм билээ. 20-30 хувь нь улсын мэдэлд байдаг, тэтгэврийн сангаараа дамжуулан эзэмшдэг. Төр нь хэдий 20-30 хувь эзэмшдэг ч гэсэн тодорхой шийдвэр дээр давуу эрхтэй оролцох алтан хувьцаа гаргачихсан. Ингэснээр гаднын компани давуу эрхийг худалдаж авахаас хамгаалж чадсан. Компанийн хувьцааг зарах юм уу бүгдийг нь авчихъя гэхэд тэр 20-30 хувь нь блок хийдэг байх жишээний. Хувьчлагдсаныхаа дараа зөвхөн Бразилдаа үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо дэлхийн глобаль компани болж чадсан. “BHP Billition”, “Рио Тинто”-той өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийж дэлхий даяар уурхай эзэмшдэг болж байна. “Эрдэнэт”-ээр жишээ авахад хорин жилийн дараа нөөц нь дуусахад “Эрдэнэт” компани үгүй болно гэсэн үг. Ийм жишгүүдийг судлан бирж дээр хувьцаа гаргаад явбал тэр мөнгөөрөө дараагийн төслүүдийг худалдаж авах, өөр улсад очоод уурхай гаргах, эсвэл Монголдоо дахин хайгуул хийгээд Оюутолгой шиг орд олоод ч юмуу үргэлжлээд явна шүү дээ. “Эрдэнэт”-ийн энэ ирээдүйг л харахгүй байх шиг санагддаг.
Тавантолгойд “Вале” жишиг компани болж магадгүй
-Манайд Оюутолгой компани байгуулагдчихлаа. Одоо Тавантолгой дээр ч мөн ХХК байгуулагдана гэж байгаа. Олборлолт явуулахаас гадна цаашдаа “Вале” шиг болох тийм ирээдүй эдгээр компаниудад байж болох уу?
-Тавантолгойд “Вале” жишээ болж магадгүй. Яагаад гэвэл “Вале” маш том төмрийн орд дээр анх эхэлсэн компани. Тэр төмрийн ордоо дөчин жил ашиглахдаа 100 хувь Засгийн газар нь эзэмшин, дэд бүтэц болон бусад асуудлаа Олон улсын банк, санхүүгийн байгууллага, Дэлхийн банкаас зээл авч босгосон. Дөчин жил өөрсдөө ашигласны дараа хувьчлан глобаль компани болсон. “Эрдэнэт”, Тавантолгойд ийм боломж байгаа. Тавантолгойг улс бүгдийг эзэмшин дэд бүтцээ байгуулж, Дэлхийн банкнаас маш хурдан зээл авч, их ашиг олъё гэвэл төмөр замаа урагшаа татаад, 20 сая тонн нүүрсийг жил болгон олборлох юм бол маш их ашиг олно. Ер нь компаниуд ашиг олж, үйл ажиллагаа нь жигдэрсэн хойноо хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргавал өндөр үнэлгээ авч чаддаг. Тавантолгойг Засгийн газар ингэж ашиглаад дараа нь хувьцаа гаргавал “Вале” шиг замаар явах боломж бий. Гэхдээ энэ бол нэг л хувилбар.
Чилийн жишээ бас байна. “Эрдэнэт”-ээс 12 дахин том Эскондида уурхайдаа Засгийн газар хувь эзэмшихгүйгээр 57.5 хувийг нь “BHP Billition”, 30 хувийг нь “Rio Tinto”, Японы консорциум 10 хувийг, Дэлхийн банк 2.5 хувийг эзэмшдэг. Хөрөнгө оруулалтыг тэр компаниудаар нь гаргуулсан байдаг. Манай улсын хувьд одоо гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь Засгийн газарт хэрэгтэй байгаа байх л даа. Хувиа зарж байгаа болохоор амлалтаа биелүүлэхэд нь хэрэгтэй мөнгийг гадны хөрөнгө оруулагчид шууд өгч чадна. Яг өөрсдийнхөө ирээдүйг бодвол зээл аваад ч юм уу явах нь хамаагүй их ашигтай нь ойлгомжтой. Тэгэхээр өнөө амласан мөнгөө өгч чадахгүй болчихно шүү дээ. Тэгээд ч Монголд шийдвэр гарах гэж их уддаг. Тэгж байтал дараагийн сонгууль болоод явчих вий.
-Танайх уул уурхайн индексийг тооцож гаргадаг юм байна. Монголын уул уурхайгаас гадны хөрөнгийн биржүүдэд мөнгө босгож байгаа нийт хэдэн компани байна вэ?
-Хорь шахам компани байгаа. Бид 2005 оноос индекс гаргаж эхэлсэн. Ер нь 2002 оноос Монголд ажиллаж байгаа компаниуд хөрөнгийн бирж дээр гарах үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Энэ нь “Айвенхоу Майнз” Оюутолгойн ордыг нээсэнтэй холбоотой. “Айвенхоу Майнз” Монголд орж ирэхдээ хувьцаа нь 2 доллар байсан, Оюутолгой ордыг олсны дараа 12 доллар болж өсөхөөр хөрөнгө оруулагчид Монгол их баян юм байна гэж ойлгосон. Тэгээд Фрийдланд шиг орд олъё гэсэн олон хөрөнгө оруулагч Монголд орж ирсэн. Оюутолгой амжилт олчихсон, дээр нь “Бороо гоулд-ыг татвараас чөлөөлчихсөн нь хөрөнгө оруулагчдыг ихээр татсан. 2006 он хүртэл маш идэвхтэй мөнгө босгож хайгуул хийж байгаад Гэнэтийн ашгийн татвар гарсны дараа хөрөнгө оруулагч компаниуд бараг байхгүй болчихсон. Монгол хуулиа яаж ч өөрчилж магадгүй юм, алт зэс хайгаад оллоо гэхэд татвараар хамаг ашгийг нь авчих юм байна гээд Торонтогийн бирж дээр хөрөнгө оруулагч нар нь Монголд ажиллаж байгаа компаниудын хувьцаагаа зараад эхэлсэн. Ингээд Монгол ирээдүйгүй боллоо гээд шууд гараад явчихсан компаниуд ч их бий. East Asia Minerals гэж компани байдаг. Монголыг орхиж Индонезид очоод маш том орд олсон. Хувьцаа нь Монголд байхдаа нэг доллар байснаа одоо 8 доллар болчихсон. Харин 68 хувийн татвар хүчингүй болсноос хойш компаниуд дахиад олноор орж ирж байна. Дээр нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсч байгаатай холбоотойгоор 2009 оны сүүлч, 2010 эхээр маш олон компани орж ирж байгааг бирж дээрээс харж болно. Гэхдээ энэ удаад Торонто дээр нэг их гарахгүй байна. Торонтогийнхон жаахан хаширчихсан юм болов уу даа. Харин Австралийн бирж дээрээс их мөнгө босч байна. Миний мэдэхээр сүүлийн үед Австрали дээр гурван компани бүртгүүлсан байгаа. Хонконгд ч бас гурав байгаа.
-Бусад бирж дээр гарч байна уу?
-Нью-Йоркийнх их том компаниуд гардаг бирж л дээ. Лондон дээр уул уурхайн компаниуд голдуу гардаг. Гэхдээ сүүлийн үед Лондонгийн бирж дээр хөрөнгө оруулагч нар нэг их хөрөнгө оруулахгүй байх шиг байна.
“Хүннү коул” шиг монгол захиралтай бол бирж дээр сайн гарах байх
-Дээр хэлсэн 20 шахам компаниас хувьцаа нь хамгийн өндөр үнэлэгдэж байгаа ямар компани байна вэ?
-“Хүннү коул” гээд Монголд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Анх Австралийн бирж дээр 2010 оны 2 дугаар сарын 12-нд хувьцаагаа гаргасан. Австралийн бирж дээрээс анхны удаад 20 сая доллар босгосон. Хувьцаа нь гарснаасаа хойш хоёр сарын хугацаанд хэд дахин өсөөд байна. Энэ нь хөрөнгө оруулагчид Монголыг дахин сонирхож буйн илрэл. Компанийн менежментэд итгэж байгааг харуулж байна л даа. “Хүннү коул”-ын нэг том онцлог нь өмнө нь бирж дээр гарч байсан хайгуулын компаниудаас монгол хүн Гүйцэтгэх захирлыг нь хийж байгаагаараа ялгарч байгаа.
-Хаанахын хөрөнгө оруулалттай компани юм бол?
-Монгол гүйцэтгэх захирал нь нэг гол хувьцаа эзэмшигч юм билээ. Сүүлийн үед иймэрхүү компаниуд бирж дээр их сайн гарах болов уу гэж бид бодож байгаа. Монгол хүмүүсийн оролцоо их байвал Монголынхоо бизнесийн орчныг сайн мэднэ. Хаана хайгуул хийвэл илүү орд олох магадлалтайг мэдэж байгаа. Урьд нь Торонтогийн биржид гарч байсан компаниуд цэвэр гадныхан байсан. Монголд зуны цагт ирээд л буцаад явчихдаг. Бусад үед нь Монголд юу болж байгааг мэддэггүй. Монгол хувь нийлүүлэгчтэй, монгол менежменттэй байна гэдэг нь Монголд байнга байж, уурхайдаа, орддоо анхаарал тавина. Засгийн газартай байнгын харилцаатай байх учраас ийм компаниуд илүү хол явах болов уу.
-Танайх ямар компаниудын хувьцааг аваад байна вэ?
-Нэг их олон хувьцаа аваагүй. Монгол менежменттэй “Хүннү коул” их таалагдаж байгаа. Цаашид ч хувьцаа нь өснө гэж бодож байгаа.
Дэлхий хавтгай болсон гэж ярьдаг шүү дээ. Монголд байлаа ч гэсэн Австралийн биржээс мөнгө босгоод төслөө Монголд хэрэгжүүлж болно. Австралийн бирж дээрх хувьцааг монгол хүмүүс ч бас авдаг. Бид тэр ажиллагааг нь зохицуулж өгдөг юм. Монголд мөнгөтэй хүмүүс байна. Монголын бирж дээр хөрөнгө оруулах гэхээр компаниуд тайлан тооцоогоо үнэнээр нь гаргахгүй болохоор итгэл байдаггүй. Австралийн бирж дээр бүх зүйл ил тод учраас тэндээс хувьцаа авах сонирхолтой байдаг.
Ер нь бид Монголынхоо баялгийг зараад байна гэж бодохоосоо илүү тэр зарж байгаа хувьцаанаас авахыг бодох хэрэгтэй юм. Монголд орд олдвол монгол хүмүүс л ажлын байртай болно, улсад татвар төлнө. Мөнгө нь Австралиас босч байгаа ч гэсэн уурхай нь Монголд байгаа болохоор Монголд л хэрэгтэй. Уурхайгаа зөөгөөд явчихна гэж байхгүй шүү дээ.
Гадны компаниуд ч гэсэн монгол хүмүүсийг аль болохоор оролцуулахыг анхаарах хэрэгтэй юм. Хувьцаагаа Австралид гаргаж байгаа ч гэсэн монгол хүмүүст санал болгох хэрэгтэй. Тэр тал дээр бидэнтэй хамтарч ажиллаж болно.
-Танайхаас гаргаж байгаа мэдээллийг манай бизнесийнхэн хэр ойлгож байна вэ? Сүүлийн үед илүү чухалчлах хандлага гарч байна уу?
-Бид судалгаагаа нийтэд биш харилцагч нартаа л тараадаг юм. Гэхдээ манай вэб сайтаар ороод үзэж болно. Судалгаан дээр үндэслэж хувьцаа авах ойлголт манайд маш бага. Ихэвчлэн ам дамжиж, өсч байгаа хувьцаа руу хошуурах маягаар сонирхдог. Компанийн хувьцааны үнэлгээ яаж гардгийг хөрөнгийн зах зээлд оролцож байгаа хүмүүсийн ихэнх нь мэдэхгүй байна. Хувьцааг үнэлэх арга байдаг. Тэр нь тухайн компанийн жилд олж байгаа ашиг дээр тулгуурлаж гардаг. Жишээлбэл, нэг жилд олж байгаа ашгийг нь хориор үржүүлээд 2 тэрбум төгрөгийн ашиг олдог компани 40 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байвал арай илүү үнэтэй байна гэсэн үг. Тав зургаагаар үржүүлж байвал хямдхан байна гэдэг ч юм уу жишиг үнүүд байдаг л даа. Архи үйлдвэрлэдэг компани байлаа гэхэд нэг жилийн ашиг, нийт хувьцааны үнэлгээ нь хэд байгааг адил төстэй үйл ажиллагаа явуулдаг хорин компанитай харьцуулаад дунджийг нь гаргачихдаг. Тэгээд Монголын бирж дээр байгаа нөгөө компани маань ямар үнэлгээтэй байна гээд харьцуулахад хувьцаа нь үнэтэй байна уу, бага байна уу гэдэг нь харагддаг. Бидний судалгаа ийм харьцуулалт дээр гардаг. Манайд яг ингэж хувьцааг үнэлж, түүн дээр тулгуурлаж авч байгаа хүмүүс их цөөхөн.
-Хувьцаа эзэмшигчдээ хуурсан эрсдэлтэй тохиолдлууд манайд гардаг шүү дээ. “Анод”-ын хувьцаа, өнгөрсөн жилийн “Гермес центр”-ийн гаргасан хувьцаа ямар байдалд хүрлээ. Мэргэжлийн байгууллагын хувьд иймэрхүү но-той хувьцааг урьдчилж мэдэх, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ сэрэмжлүүлэх боломж бий юу?
-Тийм зүйл гардаг л даа. Энэ маань өнөө л санхүүгийн ил тод байдал, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой. Алдагдалтай явж байснаа нуугаад, тэр нь тодорхой хугацааны дараа нуух ямар ч боломжгүй болоод илчлэгдэхээр хувьцаа нийлүүлэгч хүмүүс хохирч байгаа юм. Санхүүгийн тайлан тооцоогоо үнэн гаргахгүй, муу зээл энэ тэрээ нуугаад явчихсан болохоор урьдчилж харах, дүгнэлт хийхэд хэцүү. Судалгаа хийхэд хүртэл маш хязгаарлагдмал байдаг. Ний нуугүй хэлэхэд бид Монголын бирж дээр байгаа 300 гаруй компаниас дөрөв юм уу, тавынх нь л судалгааг хийж болох юм гэж дүгнэсэн. Тэд л арай үнэмшилтэй мэдээлэл гаргаж байгаа. Бусдыг нь үнэмшихгүй байгаа.
Ярилцсан Н. Ариунтуяа, The Mongolian Mining Journal