Ван дер Саар улирлын төгсгөлд зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Ван дер Саар улирлын төгсгөлд зодог тайлна

Английн Премьер лигийн шилдэг хаалгач Эдвин ван дер Саар 2010-2011 оны улирлын тоглолтууд өндөрлөмөгц их спортоо орхиж, олон жил ханилсан ширэн бээлийгээ ханандаа өлгөх болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ тухайгаа зарласан байна. Өдгөө 40 настай, голланд хаалгач маань 2005 оноос “Улаан чөтгөрүүд”-ийн хамт Олд Траффордод хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд Английн Премьер лигийн аваргын цомыг гурвантаа өргөж, 2008 онд Аваргуудын лигт торгон жолоо өргөж байсан билээ. Ван дер Саар мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа нутгийнхаа “Аякс Амстердам” клубээс эхлүүлж, 1995 онд тэдний хамт Аваргуудын лигт тэргүүлж байсан юм. Тэрбээр “Фулхэм” клубтэй гэрээ байгуулж, Премьер лигт хөл тавихаасаа өмнө “Ювентус” багт хүчин зүтгэж, Италийн Сери А лигт мөрөө үлдээсэн юм.

Ван дер Саар “Цаг нь болжээ. Олон жил тоглосны эцэст энэ бүхнийг дуусгаж, эцсийн шийдвэрээ гаргах цаг хэн хүнд ирдэг. Эргэцүүлж бодох олон зүйл гарч ирдэг юм байна. Хийж буй зүйлдээ дуртай хэвээр байх, гэр бүлийн нөхцөл байдал гээд нэг бус хүчин зүйл бий” хэмээн ярьжээ. Түүний гэргий Аннамэри 2009 оны арванхоёрдугаар сард тархиндаа цус харваж, биеийн байдал нь тун хүнд байсан бөгөөд Ван дер Саар тэр цагаас эхлэн зодог тайлах тухай бодож эхэлсэн гэнэ.

2008 оны тавдугаар сард Москва хотноо болсон Аваргуудын лигийн финалын тоглолтод “Манчестер Юнайтед” болон “Челси” багууд өрсөлдөж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болоход Николя Анелькагийн хүчтэй цохилтыг хааснаар багтаа ялалт авчирч, “МанЮ”-гийн фанатуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн амжилтын буухиатай салшгүй холбоотой нэгэн. Энэ улиралд ч “МанЮ” нэг ч хожигдол амсаагүй яваа нь сайн хаалгачтай нь холбоотой билээ.

Ямартай ч Ван дер Саар их спортоо орхихоор сэтгэл шулуудаж, тэр тусмаа нас нь хэвийж, амжилт нь буурахаасаа өмнө спортын замналаа төгсгөхийг хүссэнээ нуулгүй илэрхийлжээ. Тэрбээр “40 гарсан хойноо Супермэн шиг тоглож чадахгүй шүү дээ. Энэ улирал миний хувьд сүүлчийнх гэдгийг би Сэр Алекстай ярилцаж байж шийдсэн. Анх Олд Траффордод ирээд хоёр жилийн гэрээ хийсэндээ үнэхээр их баяртай байлаа. Зодог тайлахаасаа өмнө нэг түрүүлчих юмсан гэж хүсдэг байсан. Гэтэл түүнээс ч илүү амжилт гаргасандаа маш их баяртай байна” хэмээн ярьжээ.

Эдвин ван дер Саар 2008 оны улирлын төгсгөлд олон улсын карьераа дуусгасан бөгөөд тэр хүртлээ Голландын шигшээ багийн хамт 130 тоглолтод оролцож, улсынхаа түүхэнд дээд рекорд тогтоосон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж