Сумо бөхийн үс засалт эртнээс уламжилсан дэг жаяг, стиль загвар, донж маягтай байдаг. Харин монгол үндэсний бөхөд үсний хэв маяг гэж байдаг болов уу? Спорт халимаг гэж ярьдаг засалтыг олон хүн нэрлэж болох юм. Үүнээс өөр засалт одоогоор байхгүй л байгаа. Тэгвэл монгол бөхийн шинэ засалт бий болгох шоу тэмцээн энэ сарын 24-ний 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэ онц сонирхолтой, магадгүй цаг үеийн шаардлагаар хийгдэж байгаа шоуг мастер үсчдийн “NINE” клуб, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Шоу тэмцээний гол зорилго нь монголын үндэсний бөхийн үс засалтыг тодорхойлж, шинэ загвар гаргахад орших ба түрүүлсэн нэг үсчинг нэг сая төгрөгөөр байлна. Мастер үсчдийн “NINE” клуб нь монгол хүний дүр төрхөд тохирсон үс засалтын шинэ загваруудыг гаргахаар зорьж байгаа бөгөөд олон цуврал ажлынхаа салхийг хагалж, бөхчүүдийн имижийг тодорхойлохоос үйл ажиллагаагаа эхэлж байгаа нь энэ ажээ.
Б.Анхаа