“East” худалдааны төвийн хохирлыг хэнээс нэхэх вэ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“East” худалдааны төвийн хохирлыг хэнээс нэхэх вэ

Зүүн дөрвөн замд байрлалтай “East” худалдааны төвд уржигдар өдөржин улаан гал дүрэл­зэж, онцгой байдлынхан болон гал сөнөөгчид галтай тэмцэлдэн ямар ч завгүй ажилласан. Харин өчигдөр тус төвд очиход хүүхэлдэйн киноны хорон санаат цасан хатны амьдардаг эвдэрч, муудсан мөсөн ордонтой л зүйрлэмээр сэтгэгдэл төрлөө. Үнс нурам болсон дээвэр нь нурж унах гэж байгаа мэт салхинд сажигнан дуугарах нь сонсогдоно. Цон­хон тус газрын ханануудыг нь халтар­туулсан хөө тортогноос харахад дотор нь байдал ямар байгааг төвөггүйхэн таамаглахаар байсан юм. Гал унтраах үеэр агаар­жуулах хоолойнуудаас бүрэн урсч, гадагшилж амжаагүй хөлдсөн ус энэ барилгыг илүү аймшигтай болгон хараг­дуулж байлаа. Тус төвийн байрлаж байсан барилга анхнаасаа л хүмүүсийн жихүүцэл төрүүлдэг байж. Энэ барилгад урьд нь “Улаан байшин” гэдэг нэртэй шорон байсан гэдэг. Социализмын үед шоронг нүүлгэж, арьс өнгөний эмнэлэг оруулсан түүх бий. Тийм ч учраас энэ төвийн талаар “Олон аавын хүүхдийг тамлаж байсан муу ёрын газар” гэсэн яриа тархсан биз. Харин 1992 оноос худалдааны зориулалтаар энэ барилгыг ашиглах болжээ.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ

Гал хэдийнэ унтарсан ч гал гарсан голомт гэгдэж байгаа үнс болтлоо шатсан цэнгээний газрын хэсгээс уур савсана. Энэ байдал тус төвийн хажуугаар өнгөрөх хүмүүст ямар нэгэн түгшүүр төрүүлж, болгоомжлол үүсгэж байлаа. Манан мэт суунаглаж буй уурнаас гадна ойр орчмынх нь газар гал унтраасан усанд автаж, мөсөн бүрхүүл үүссэн нь ч хүмүүсийг энэ хавиас цэрвэхэд хүргэсэн бололтой. Тэд хальтарч унахгүйн тулд холуур болгоомжтой тойрон өнгөрч байсан ч тус төвийн гадаа бөөнөөрөө цугласан цагдаа нарыг хараад хэрэгт дурлахгүй өнгөрч чадахгүй байгаа нь илэрхий байв. “East” худалдааны төвд гарсан галын шалтгааныг тогтоохоор Баянзүрх дүүр­гийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын шинжээч­дийн бие бүрэлдэхүүн өчигдөр 12 цагт тус төвийг бүрэн хамгаалалтад авлаа.  Хэрэгт дурласан хүмүүсийг ул мөр баллахаас нь сэргийлж, “Орохыг хориглоно”  гэсэн бичигтэй туузаар хаалгуудад хаалт хийж тусгаарлав. Гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багаас гадна ойролцоогоор  30  орчим цаг­даа­гийн­хан энд үзлэг хий­хээр цуг­лажээ. Тэд хальсны аппарат, камераас гадна үзлэг хийх багажтай төмөр цүнхнүүдээр “зэвсэг”-лэсэн байсан юм. Шинжээчдийг бэлтгэлээ хангаж  үзлэг хийхэд бэлэн болсных нь дараа хэрхэн ажиллах талаар тус төвийн бүдүүвч зурган дээр зааварчилгаа өгсч хэсэг хэсгээр нь хуваан дотогш орох команд өгөв.

Эх сурвалжийн мэдээлснээр хэргийн газарт анх үзлэг хийсэн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах дүгнэлт гаргасан аж. Түүний дүгнэлтийг өчигдөр газар дээр нь үзлэг хийсэн шинжээчдийн дүгнэлтийн хариутай харьцуулсны үндсэн дээр хэрхэх эсэхийг шийдэх юм байна. Үзлэг хийх явцад цагдаа нараас гадна хөндлөнгийн гэрч байх ёстой учир тус төвийн манаачийг хөндлөнгийн гэрчээр сонгосон юм. 

Шинжээчдийн баг үзлэгийн хариу эцэслэн гараагүй байхад ямар нэгэн мэдээлэл өгөхгүй хэмээсэн.

Тиймээс тус төвд гарсан галын шалтгааныг тогтоох ажилд хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэсэн “East” худалдааны төвийн манаач Х.Даваасүхээс төвийн доторх байдал ямар байгааг лавласан юм.

-Таны хүрэм норчихсон байна. Дээрээс чинь ус гоожсон юм уу?

-Тиймээ дээврээс нь ус гоожоод байна. Яг л дээд давхрын айлаас ус алдаж байгаа юм шиг дусаал гоожиж байна.

– Төв доторх байдлыг дүрсэлж өгөөч?

-Гал эхэлж  гуравдугаар давхраас гарсан. Өчигдөр /уржигдар/ өглөөн­ий 11 цагийн орчимд гарсан гал шөнийн хоёр цаг хүртэл ассан. Миний “манааны шовгор” төвтэй их ойрхон байдаг учир сэтгэл түгшин харсаар бараг унтаж чадаагүй. Ийм  их хэмжээний гал гарсан юм чинь энэ төвийг нураахаас өөр аргагүй болсон байх гэж бодож байлаа. Гэтэл сая ороод харахад нэг хоёрдугаар давхар нь зүв зүгээр байх юм. Харин гуравдугаар давхраар нь хөндлөнгийн гэрчүүдийг оруулаагүй. Угаасаа гуравдугаар давхар нь авах юмгүй болсон нь гаднаас нь харахад л мэдэгдэж байгаа л даа.

-Нэг хоёрдугаар давхар нь хөө тортог л болсноос биш үйл ажиллагаа явуулж болохоор байна гэж үү?

-Дотроо нэг  их хөө тортог болсон ч юм алга. Ус л гоожоод байгааг эс тооцвол бага зэрэг засвар хийгээд урьд нь ажиллаж байснаараа үйл ажиллагаагаа явуулж болох л юм шиг байна шүү дээ.

ТААМАГ БАТЛАГДВАЛ “МЕССА”-ГЫНХАН АСУУДАЛД ОРНО

 “East” төвд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуу­лахаар төлөвлөж байжээ. Харин  улаан га­лын балаг энэхүү төлөвлөгөөг тасалс­наар барахгүй, түрээслэгчдийг нь ч уламжлалт баярын өмнө хүндхэн байдалд оруулж амжсан. Одоогоор гал гарах болсон шалтгааныг тус төвийн дээд давхарт байрлаж байсан “МЕССА” цэнгээний газрын цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэсэн таамаг байгаа юм. Тиймээс шинжээчдийн үзлэгийн хариугаар дээрх таамаг батлагдаж, хэргийн газар дээр анх үзлэг хийсэн байцаагчийн дүгнэлтийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэвэл “МЕССА”-гынхан асуудалд орж таарна. Харин тус төвийн захирал гэгдэж байгаа н.Баянмөнх  энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа. Галын шалтгааныг тогтоох үзлэгийн үеэр шинжээчид түүнийг болон түрээслэгчдийг байлцуулахаар дуудсан гэж байсан. Гэсэн ч тэд 12 цагт эхэлсэн үзлэгт 14 цаг болоход ирээгүй л байсан юм. Өмнө нь тус төв нийслэлийн Авто замын газрын дарга Д.Одын нэр дээр байсан ч гурван жилийн өмнөөс  н.Баянмөнх өөрийн нэр дээр шилжүүлсэн юм байна.

Тус худалдааны төвийн түрээс­лэгч Ц.Санжаад хэр хохирол учирсан талаар ярилцсан юм.

-Та “East” худалдааны төвд ямар зориулалтаар талбай түрээсэлдэг вэ?

-Би хонгилд нь биллярд, теннис тоглуулдаг байсан юм. Сард 550 мянган төгрөгийн түрээс төлдөг.

-н.Баянмөнх захиралд түрээс­ний мөнгөө төлдөг байх. Анх гэрээ хийхдээ ийм нөхцөл байдалд орвол хэрхэхээр тохирсон бэ?

-Тийм н.Баянмөнхөд түрээсээ төлдөг. Гэрээ хийхдээ ийм нөхцөл байдлын талаар дурьдаагүй. Гэхдээ түрээслэгчдийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд ойрын хугацаанд асуудлыг шийдэж өгнө гэсэн.

-Хохирлын хэмжээгээ тогтоосон уу?

-Хохирол гээд байх юм байхгүй шүү дээ. Миний бүх юм бүрэн бүтэн байгаа. Гуравдугаар давхарт байдаг баар л юу ч үгүй шатсанаас бусад түрээслэгчид нь засвар хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжтой л юм байна билээ.  

ЦЭНГЭЭНИЙ ГАЗАРТ ГАГНУУР ХИЙЖ БАЙСНЫГ ГЭРЧ ХЭЛЖЭЭ

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын орлогч дарга, Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатар шатсан “East” худалдааны төвд гарсан галын талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг асуусан юм.

-Гал цэнгээний газраас гарсан гэсэн таамаг байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

– Гал түймрийн улсын хяналтын байцаагч өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд  тус төвийн шөнийн цэнгээний газарт галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалт явуулсан. Шалгалтаар гал түймэр гарч болзошгүй зөрчил илэрснийг арилгуулахаар 282, 350 дугаартай мэдэгдэл өгч байсан юм.  Гэсэн ч тус байгууллага үүнийг үл ойшоож явсаар ийм байдалд хүрсэн байж болзошгүй байна. Баарны ажилчид гагнуур хийж байсан гэх гэрчийн мэдүүлэг бий. Гэхдээ энэ нь гал гарах шалтгаан мөн байсан эсэхийг 14 хоногийн дараа мэдээлнэ.

-Түрээслэгчид ямар гомдол гаргаж байна?

-Хохирлын хэмжээг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Цэнгээний газраас ямар ч эд зүйл үлдээгүй. Бүрэн шатсан. Харин нэг хоёрдугаар давхрыг галд өртөхөөс нь өмнө галыг унтрааж чадсан учир хохиролгүй гэж үзсэн.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж