Монгол Улс чуулганы даргын ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Монгол Улс чуулганы даргын ажилдаа орлоо

Монгол Улс чуулганы даргын ажилдаа орлоо
УИХ-д өнөөдөр Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганыг зохион байгуулах эрх шилжиж ирлээ. Ийнхүү Монгол Улс чуулганы даргын ажилдаа орж буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Н.Энхболд, гишүүн Д.Загджав нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Н.Энхболд даргын танилцуулснаар Ази, Номхон далайн парламентын чуулган гэдэг байгууллагыг анх 1993 онд Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасоне санаачлан байгуулжээ. Өдгөө тэрбээр тус байгууллагын хүндэт дарга юм байна.  УИХ-ын төлөөлөгч анх 1994 оноос энэхүү чуулганд оролцож эхэлсэн аж. Ази, Номхон далайн парламентын чуулган нь Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, Хүрээлэн буй орчин, Хууль тогтоомж, хэв журам, Хүний эрх, Боловсрол, соёлын солилцоо зэрэг зургаан тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Д.Загджав гишүүний хэлснээр 19 дүгээр чуулганыг Монголд, 2011 оны нэгдүгээр сард буюу идэр ес тачигнаж байх үеэр хийх болсон нь өвөл үзээүй далайн орнуудын парламентчдын сониуч зантай холбоотой гэнэ. “Даарна шүү дээ” гэсэн Монголын төлөөлөгчийн үгэнд тэд “Бидний сэтгэл халуун дулааныг авч очино” гэснээр дүн өвлөөр Монголд ээлжит чуулганаа хийхээр болжээ. Төлөөлөгчид унаа, байрныхаа зардлыг өөрсдөө даадаг учир Монголын тал хурал зохион байгуулах, зочид буудал бэлтгэх дээрээ л анхаарах ажээ.
УИХ-аас хуралдаанд бэлтгэх хороо байгуулж бүрэлдэхүүнд нь УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол Улс- Ази, Номхон далайн парламентын бүлгийн дарга Д.Загджав, УИХ-ын байнгын хороодын дарга З.Энхболд, Д.Арвин, Ц.Баярсайхан, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Энхбат, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, бусад хүмүүс орсныг хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.
Сингапурт болсон өмнөх 18 дугаар чуулганаар байгаль орчин, экологийн сэдвийг хөндөн ярилцжээ. Монголд болох чуулганаар Зүүн хойд Азийн дулаарал, цөлжилт, байгаль хамгааллын чиглэлийг хөндөх бололтой байгаа аж.
Одоогийн байдлаар Ази тив, далайн орнууд, хойд болон төв Америк, Евроазийг төлөөлсөн 28 орны парламент тус чуулганы гишүүн юм байна. Чуулган жилд нэг удаа хуралдаж бүс нутгийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, шийдвэрлэх боломж, бололцоо, хамтын ашиг сонирхлыг хөндсөн сэдвүүдээр ярилцдаг ажээ.
Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж