
Хөдөлгүүрийг далавчинд байрлуулдаг уламжлалт загварыг халж онгоцны хойд хэсэгт байрлуулсан бөгөөд “Boundary Layer Ingestion” хэмээх тийрэлтэт хөдөлгүүрийн систем ашигласан байна. Уламжлалт арилжааны онгоцнуудад хөдөлгүүрүүдийг далавчинд байрлуулснаар агаарын их хэмжээний эсэргүүцэлтэй тулгардаг. Харин хөдөлгүүрийг онгоцны хойд хэсэгт байрлуулснаар онгоцонд учрах агаарын эсэргүүцэл багасах бөгөөд улмаар онгоцон дотор мэдрэгдэх дуу чимээ багасаж, илүү бага түлш зарцуулах юм.
Гэхдээ дутагдалтай тал бий. Тухайлбал онгоцны хөдөлгүүрт учрах ачаалал арай илүү нэмэгдэх болно. Тиймээс энэ онгоц ердийн “Boeing 737” онгоцноос арай хурд багатай байх болно гэж “MIT” институтын шингэн динамикийн профессор Mark Drela ярьж байна. Түлшний зарцуулалтын хувьд хэмнэлттэй, дуу чимээ багатайгаас гадна өөр нэг давуу тал нь “D” цувралын онгоцуудын гаднах байдал ердийн арилжааны нислэгийн онгоцнуудтай бараг адилхан. Тиймээс одоо байгаа нисэх буудлуудад буух, байрлахад ямар ч асуудал үүсэхгүй гэж дизайнерууд ярьж байна.
“MIT” “D” цуврал онгоцны загварыг хоёр хувилбараар хийсэн. Эхний загварыг зориудаар одоо байгаа технологи дээр тулгуурлаж, хөнгөн цагаан их биетэйгээр хийсэн. Харин нөгөө загварыг нь илүү шинэлэг, орчин үеийн технологи ашиглан бүтээсэн бөгөөд одоогоор бөөнөөр үйлдвэрлэж эхлээгүй, шинжилгээ, судалгааны шатанд байгаа нийлмэл материалуудыг ашиглаж хийх болно гэж тооцжээ. “H” загварыг бүтээхдээ олон жижиг хөдөлгүүр ашиглах хувилбарыг авч үзсэн.
Онгоцны их бие, далавчийг нийлүүлснээр онгоц ерөнхийдөө гурвалжин хэлбэртэй болсон нь аеродинамик талаасаа онгоцыг илүү хөнгөн, нисэхэд хялбар болгож байгаа гэж тэд үзэж байна. Ийнхүү уг төслийн нэгдүгээр шат дуусаж байгаа бөгөөд одоо эдгээр консепт загваруудыг жинхэнэ онгоц болгон бүтээж, салхины туннельд болон агаарт нисгэж турших ажлууд хийгдэх болно.
Т.Бадрах