Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Аль баг аваргалах вэ?

Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман баг тодроод байгаа билээ. Эдгээр багуудийн хувьд Финлянд – Чех, Швед – Дани, Швейцарь – Германы багууд таарсан бол хамгийн хатуу учраа нь манай хойд хөршийн баг Канадын багтай таарсан явдал юм.
Эхний учраа болох Финляндын багийн хувьд 1995 онд ДАШТ-д түүхэндээ ганц л удаа түрүүлж байжээ. Хамгийн сүүлд тэд 2008 онд Канадад болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байна. Харин сүүлийн удаа олон улсын тэмцээнд гаргасан амжилт нь 2010 оны өвлийн олимпийн наадмын хүрэл медаль юм. Тэдний өрсөлдөгч баг болох Чехийн шигшээ нь ДАШТ-д нийт таван удаа түрүүлсэн бөгөөд сүүлийн гурван жилд олон улсын тэмцээнүүдэд шигшээ тоглолтоос хасагдаад байгаа юм. Дараагийн хоёр учраагийн нэг болох Шведийн баг нь найман удаа Дэлхийн аварга болсон байна. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн ДАШТ-аас хүрэл медаль хүртэж байжээ. Тэдний өрсөлдөгч Данийн баг энэ тэмцээнээс ганц ч медаль авч үзээгүй бөгөөд олон улсын тавцанд Шведийн багтай долоон удаа таарч нэг ч удаа ялалт байгуулаагүй аж.
Харин энэ ДАШТ-д формтай байгаа  Швейцарийн багийн хувьд дэлхийн аваргаас ганц ч алтан медаль авч үзээгүй гэнэ. Тэдний өрсөлдөгч  талбайн эзэн Германы шигшээ баг нь ганцхан мөнгөн медалтай бөгөөд энэ удаад тэдэнд нутагтаа тоглож байгаа нь том давуу тал болж байгаа юм.
Хамгийн сүүлчийн учраа болох Орос-Канадын багууд хоёулаа энэ тэмцээнд түрүүлэх боломжтой багууд бөгөөд аль нэг нь хасагдах нь тодорхой болоод байгаа юм. Оросын баг нь сүүлийн хоёр ДАШТ-д дараалан түрүүлсэн бөгөөд багийн бүрэлдэхүүн нь тэр чигтээ одод. Харин Канадын баг нь өнгөрсөн өвлийн олимпоос алтан медаль авсан бөгөөд энэ удаад форм сайтай байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж