
Д.Сүрэнхорд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ж.Чимгээ хянаж байгаа бөгөөд хавтаст хэрэгтэй танилцаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдсэн байна. Тодруулбал, хавтаст хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг дутуу авсан гэж үзжээ. Мөн сэжигтний завшсан гэх эд хөрөнгийн үнэлгээ, иргэдээс залилж авсан мөнгийг ар гэрийнхэн нь хэрхэн төлсөн зэргийг тодруулах үндэслэлтэйгээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар эх сурвалж мэдээлэв.
Иймд нэг үе төрийн өндөр албан тушаалд залран мандаж явсан ч мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлж “эрүүгийн элемент” гэж нэрлэгдэх болсон Д.Сүрэнхорд холбогдох хэргийн талаар тандлаа.
ГАР УТСЫГ НЬ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ
Д.Сүрэнхор Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байгаад 2005 онд гадаадад гарсан байдаг. Харин түүнийг яамны болон бусдын эд хөрөнгийг завшиж, залилсан гэх үндэслэлээр 2006 онд шалгаж эхлээд, гадаад руу оргон зайлсан гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хэргийг нь түдгэлзүүлээд байсан юм. Харин өнгөрсөн гуравдугаар сард интерполын шугамаар баривчилж ирснээр хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Түүнийг Үйлдвэр, худалдааны яамнаас 108 сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг завшсан гэж шинжээчид тогтоосон. Гэвч мөрдөн байцаалтаар түүний улсад учруулсан хохирлын хэмжээ 98 сая төгрөг болж буурчээ. Тухайлбал, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Бөөний худалдааны сүлжээ” төслөөс таван сая төгрөг, Үйлдвэр, худалдааны яамны барилгын их засварын мөнгө болох 73 сая төгрөг, “Олон улсын зах зээл судлалын төв”-ийн хоёр сая төгрөгийг бэлнээр гаргуулж авчээ. Үүнээс гадна яамны өмчид бүртгэлтэй, хэрэглэж байсан эд зүйлсээ үрэн таран хийсэн гэж шинжээчид дүгнэсэн байна. Д.Сүрэнхорын барьж байсан, яаманд бүртгэлтэй гар утсыг л гэхэд 500 мянган төгрөгөөр үнэлсэн аж. Мөн зөөврийн компьютер нь хоёр сая төгрөг, УБЗ улсын дугаартай “Ланд круйзер” автомашиныг нь арван сая төгрөгөөр үнэлжээ. Гэхдээ эд хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн ханшаар тооцох нь зөв үү, одоогийн үнээр үнэлэх үү гэдэг нь хавтаст хэрэгт тодорхойгүй байсан бололтой.
Мөн түүнийг иргэдээс 15 сая төгрөг залилсан гэдгийг нотолсон гэдэг. Хавтаст хэрэгт түүнд залилуулсан гэх гурван иргэн хохирогчоор тогтоогдсон байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Э сэжигтэнд гурван сая төгрөг, 800 ам.доллар, иргэн Л гурван сая, Э найман сая төгрөгийг өгөөд алдсан гэдэг. Гэхдээ тэдний хохирлыг ар гэрийнхэн нь бүрэн барагдуулсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар хавтаст хэрэгт тодорхой дурдагдаагүйг эх сурвалж хэлсэн.
Д.СҮРЭНХОР ХОЁР УДАА ЭМЧЛҮҮЛЖЭЭЕрөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярын талаар таагүй мэдээлэл агуулсан захидал Д.Сүрэнхороор хаяглагдсан байсан нь шуугиан тарьсан билээ. Тиймээс ч түүнийг залилан хийсэн гэхээс илүү улс төрийн золиос боллоо гэж дүгнэх хүн цөөнгүй. Гэхдээ түүний холбогдсон эрүүгийн хэрэгт хэн нэгэн улстөрч, захидал ямар ч холбогдолгүй гэдгийг хуулийнхан тогтоогоод байгаа аж. Гэсэн хэдий ч “Д.Сүрэнхор” гэдэг сэдэв олны анхаарлын төвд байсаар байгаа. Харин Д.Сүрэнхор бусдын анхаарлаас ангид байж, хуулийн дагуу үнэн зөвөө шийдүүлэхийг чухалд тооцож байгаа гэнэ. Тиймээс ар гэрийнхэн болон өмгөөлөгчдөө өөрийнх нь талаар мэдээлэл өгөхгүй байх даалгавар өгчээ. Мөрдөн байцаагч, хяналтын прокурорт ч хэргийн талаар мэдээлэл өгч, нэр хүндэд халдвал гомдол гаргана гэж сануулжээ. Ойрын хүнээс нь түүний биеийн байдал ямархуу байгааг асуухад “Түүний тухай янз бүрийн таагүй мэдээлэл гарч байгаа. Д.Сүрэнхор мэдүүлэг өгөхгүй, өлсгөлөн зарласан гэдэг нь худлаа. Хуулийн дагуу л шалгуулж байгаа” гэснээс өөрийг хэлсэнгүй. Д.Сүрэнхор хуульд заасан эрхийнхээ дагуу хэд хэдэн удаа өдрийн цагийн чөлөөгөөр гадуур гарчээ. Мөн түүний бие тааруу байгааг эх сурвалж хэлсэн. Тиймээс “Ганцхудаг”-ын эмнэлэгт хоёр удаа хэвтэн эмчлүүлжээ. Гэсэн ч батлан даалтад гарах хүсэлт гаргаагүй аж.
Д.Сүрэнхорд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр хяналтын прокурорт шилжүүлээд байсан. Хэрвээ прокурор ялын дүгнэлт үйлдэж, шүүхээр гэм буруутай нь нотлогдвол бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 5-10 жил хорих ял оноох талаар дээрх зүйл ангид заажээ.
Б.Цэцэгдэлгэр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.