Монголын гол нууруудын хөдөлгөөн болоод бусад төрийн бус байгууллагын төлөөлөл болсон нэр бүхий дөрвөн иргэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан Засгийн газар байгаль орчныг хамгаалах хуулийг хэрэгжүүлэхэд санаачлага гаргахгүй, эс үйлдлээрээ байгалийг сүйтгэж байна гэсэн үндэслэлээр өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийн дагуу Засгийн газрыг шүүх хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийх байв. Гэвч хариуцагч тал буюу Засгийн газраас ямар ч тайлбар өгөөгүй тул шүүх хурлын хугацааг 30 хоногоор сунгасан юм. Эл 30 хоног нь өнөөдөр дуусгавар болж, шүүх хурлыг хийх ёстой байсан ч мөн л хойшлогджээ. Шүүх хурал хойшлогдсон шалтгаан нь ч мөн л урьдын адил Засгийн газрын тайлбар ирээгүй гэх аж. Энэхүү хуралд Засгийн газрын тэргүүн оролцох учиртай ч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдаа томилсон сурагтай байна. Ямартай ч Засгийн газрыг шүүх хурал хоёронтоо хйошлогдлоо. Нэхэмжлэгч талынхан сарын дараа болох эсэхэд ч эргэлзэж буйгаа нуухгүй байна.
Засгийн газрыг шүүх хурал дахин хойшилжээ
Д.Цээнэ