Ж.Нэргүй: Ямар хүчтэй туяа миний тархинд харвахыг хэн мэдэж байгаа юм

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Ж.Нэргүй: Ямар хүчтэй туяа миний тархинд харвахыг хэн мэдэж байгаа юм

Ж.Нэргүй гэж ширвээ сахалтай шорвог үгтэй орчуулагч ах байх. Фердинад Оссендовскийн  “Хүн, араатан, бурхад”, Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй” , “Ор хөнжлийн орос орон”, Саддам Хусейны “Забиба хаан хоёр”, Владимир Высоцкийн  “Бухимдал”  зэрэг олон номоороо уншигчдын эчнээ танил.  “Сэтгэл хазгар биш бол…” “Ялалтын симфони” гээд шүлэг өгүүлэл нийтлэлийн ном, аархуу, бас уянгалаг, ухаарал ханхалсан шүлгээрээ утга зохиолын ертөнцөд даналзах аатай, ер нь л их сонин “этгээд”. Аархуу найрагчийн гэдэн хөдөлсөн үү яасан энэ удаад ярилцлага өгмөөргүй байна гэж хэсэг гэдийж үзэв. Өмнө нь бас нэг ярилцлага хийж байсны хүчинд арын хаалгадаж уулзахаар болов.

-Гадаа цас хаялаад нэг л сайхан байна.  Энэ цаснаар хаагуур явж байгаа юм? Гоё цас байна шүү дээ, тийм ээ?

-Цас гэдэггүй юм аа. Ингэн туйлаадас хаялаа.  Өнөөдөр ч анхлан ботголох гэж байгаа ингэ гүйж яваа даа. Ер нь  хавар эртийн ийм туйлаадсыг монголчууд газар дэлхий дээр маань сүү цацаад өглөө гэдэг шүү дээ.   Ийм туйлаадаснаар хавхаа эргээд явж байна. 

-Юун хавх вэ?

-Яахав дээ. Хэдэн номоо тавьсан дэлгүүрүүдээрээ ороод тав, арван юмны орлого байна уу гэж үзэж явна. Ярилцлага өгдөггүйн хувьд гэвэл нэгд, намайг  Нэргүй одоо солиотой юм, шагнал магнал горьдоод хэнээ тусч байгаа юмуу гэж бодох болов уу гэж зугтаадаг. Хоёрт гэвэл танайхны сонингууд чинь хүний хэлсэн юмыг ч зөв буулгаж чадахгүй юм байна шүү дээ. Саяхан л гэхэд нэг сониноос гуйгаад байхаар нь цааргалж цааргалж ярилцлага өгчихвөө. Тэгсэн чинь, Монголын хамгийн том яруу найрагч гэвэл их юм хийснээрээ Д. Нацагдорж, мэргэн цэцэн үгээрээ Бавуугийн Лхагвасүрэн, гайхалтай уянгаараа Данзангийн Нямсүрэн гэж хэлээд байхад хамгийн сүүлийнхийг нь Дан. Нямаа гээд л биччихсэн байгаа юм даа.

-Оросын нэрт зохиолч А.С.Пушкин “Яруу найргийн зохиолыг орчуулдаг хүн яруу найрагчтай өрсөлдөх болно”гэсэн байдаг гэсэн. Таныг Есениний орчуулгаараа  энэ үгийг жинхэнэ баталлаа гэж ярьж байна лээ?

-Тийм бол сайн л биз. Би ч бас хэмжээгээ сайн мэдэж байна. Ер нь яруу найргийг  яруу найрагч л орчуулдаг юм.  Өмнө нь М.Цэдэндорж, Ш.Цэндгомбо, С.Баясгалан, тэр ч бүү хэл Э.Оюун гуайн хийсэн  Есениний шүлгийн орчуулгууд Монголд  нутагшиж чадаагүй. Есениний үгийг монгол руу хөрвүүлэхээс гадна уянгыг нь буулгах хэрэгтэй байсан юм.  Харин би өөрийгөө уянгыг нь буулгачихсан гэж  бодож байгаа. Долгорын Нямаа гуай, Дарамын Батбаяр гуай  гээд гайгүй хүмүүс ч  тэгж л байна лээ.

-Би гайхдаг юм. Яаж мэргэжлийн хүн биш мөртлөө энэ том “акулуудаас” илүүрхээд байна аа, та?

-Юугаараа мэргэжлийн биш гэж? Би чинь яруу найрагч хүн шүү дээ.  Яруу найрагч гэдэг чинь авьяас, онгод хоёр юм байгаа биз дээ. Ямар  хүчтэй туяа миний тархинд харвахыг хэн мэдэж байгаа юм?  Зөндөө л юм хийнэ шүү дээ. Орчуулга хийхийн тулд заавал Горькийн утга зохиолын дээдэд дөрвөн жил балбуулах хэрэгтэй юм уу? 

-Хэрэгтэй ч байж магадгүй.  Ус сувгийн мэргэжилтэй  мөртлөө орчуулга, уран зохиолд цахиур хагалж байгаад  тань л ингэж асуусан хэрэг?

-Тийм сургууль хэрэггүй, хэрэггүй.

-Яагаад?

-Төрөлхийн тансаг хэлийг чинь эхийнхээ сүүнээс, эмээ өвөөгийнхөө  ярианаас олж авдаг юм. Түүнээс биш шал өөр үндэстний дунд оччихоод л тэд нараар монгол хэлнийхээ найргуулгыг заалгаад байхдаа яахав дээ. Галсансүх л гэхэд Горькийн сургууль төгсч ирснээсээ хойш бүр  зориггүй болчихоод өнөөх сайхан задарсан юмаа гаргаж чадахаа больсон шүү дээ. “Сахил хүртээд шал дордов” гэхчээр… Галсансүх шиг, Данзангийн Нямсүрэн шиг хүмүүсийг хуурай онол самууруулчихдаг юм. Тиймээс иймэрхүү хүмүүс элдэв шалдав сургуульд явах хэрэггүй байдаг юм.

-Яруу найраг гэснээс таныг чинь орчуулга талдаа л илүү гэх юм байна шүү дээ?

-Яахав дээ сайн л биз. Сайн ном төрөлх хэл рүүгээ буулгана гэдэг чинь зүгээр нэг “нус” шүлэг  бичихээс илүү чадвар байдаг юм шүү дээ.  Шүлгийн хувьд гэвэл зүрх рүү хашгиран орж ирсэн үгийг л тавьчихаж болно. Орчуулгын хувьд тэгж болдоггүй юм. Маш нарийн үгийн сонголт хэрэгтэй. Аливаа үндэстний өөрийнх нь зохиолч, яруу найрагч нар ард түмнийхээ оюуны хэрэгцээг хангахуйц уран бүтээл туурвиж чадахгүй бол гадаадын томчуулыг унших гэж гүйлддэг юм  аа. Танай уншигчид юу гэж боднов, тэгээд л энэ чигээр нь л биччих. Миний яруу найргийн хувьд гэвэл “Сэтгэл хазгар биш бол…”гэдгийг маань олж уншаагүй хүн намайг голж байхгүй юу даа.  Одоогийн манай монголчууд чинь аягүй их атгаг сэтгэлтэй шүү дээ.  Аль таван жилийн өмнө мөнгө төгрөгөндөө хавчигдаад 300 –хан хувь хэвлэсэн юм. Тэрүүгээрээ  ч 2006 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал авсан. Дорнодын Түвшин зааныг бөх сайтай үеийн бөх гэдэг шиг таван жилийн өмнө чинь бас гайгүйхэн шиг яруу найргийн номыг олж хардаг байсан юм, манайхан.

-Та түрүүн хэллээ, гадаадын мундаг зохиолчдын шилдэг бүтээлийг орчуулахад маш нарийн үгийн сонголт хэрэгтэй гэж. Та яг тэдний зохиол шиг дэлхийд алдартай монгол зохиол бичих юм сан гэж адгадаг уу?

-Аль хэдийнэ толгойдоо хийчихээд явж байна.  Даанч талх, тамхиныхаа мөнгөөр тасрахгүй гэхдээ амраар нь орчуулга л барьж авах юм даа. Түүнээс биш, Эдвард Лимонов шиг бичлэгтэй, Достоевский шиг хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн, за тэгээд больёо,  “лаборатори”-ийнхоо нууцыг задлаад яахав, тийм нарийн юмныхаа төлөвлөгөөг босгочихоод бараг 20 жил болж байна ш дээ. Хийнэ ээ хийнэ. Тэр Нобелийг нь авна.

-Таны хамгийн сүүлд гаргасан “Од шингэдэггүй” номын өмнөтгөлд  зохиолч Д.Жамьян гуай “Нулимсан дуулал” найраглалыг тань  уншаад асгартал уйлснаа бичсэн байдаг. Тэр мундаг хүн барагтай бол нулимс унагахгүй гэдгээ ч хэлсэн байна лээ?

-Харин би хэлээд байна шүү дээ. Олж уншсан хүн тэгдэг юм аа. Бас миний тэр яруу найргийн түүвэрт орсон “Ангиртын нуурын сэтэрт халиун” гэдэг дууль найраглалыг маань Утга зохиол, урлаг сонины эрхлэгч Жа.Баяржаргал “Илиада, Одиссей хоёр шиг болсон байна лээ” гэж хэлдэг юм. Одоо чинь залуучууд, тэр дундаа зохиолчдын хорооны хүрээнийхэн өвөгчүүлийг магтахаа больсон цаг шүү дээ. Өөрсдийгөө л  Английн агуу их яруу найрагч Жорд Гордон  Байрон  гэж боддог юм.

-Та ямар өвгөн юм уу?

-50 гарсан би байтугай 37-ныхоо жил дээр  алуулсан  Барон Унгерн зурган дээрээ шал хөгшин харагддаг биз дээ. 

-Алуулсан байхдаа яахав дээ. Та чинь сэтгүүлч хүн  байж арай  аятайхан үгээр хэлээч дээ?

-Яах аргагүй алуулсан гэдэг нь зөв сонголт юм аа. Яагаад гэвэл улаантнууд Барон Унгерныг байцааж байхдаа “Таныг манай талд орвол Петроградын комендантаар тавина” гэхэд нь тас тас хөхрөөд урдаас нь асар том салаавч үзүүлсэн байгаа юм.  Байцаалтынх нь протоколд яг ингэж бичсэн байдаг юм. Хэрвээ тэдний тавьсан  нөхцлийг зөвшөөрсөн бол улаантнууд түүнийг цаазлахгүй байсан. Тэгэхээр өөрөө зөвшөөрч алуулсан гэхээс өөр яахав дээ. Бас Унгерн “өөрийн сайн дураар” тэгж алуулаагүй бол Унгерн фон Штернберг гээд  Буденный шиг нэг том улаан армийн жанжин байж байхгүй юу. Монголд уригдаад л, хятадуудаас монголчуудыг салгасныхаа гавьяанд БНМАУ-ын баатар цолоор шагнагдаад л…

-Нээрээ та  Бароны тухай  баахан ном орчуулсан  шүү дээ. Сая бас л Бароны тухай кино зохиолоо хэвлүүлчихэж. Яагаад дандаа Барон, Барон гэдэг юм бэ?

-Барондоо биш,1920,1921 оны үйл явлуудаас хамгийн том цагаан толботой байгаа нь Бароны командлан орж ирсэн Азийн морин дивизийн үйл ажиллагаа шүү дээ. Баронгүйгээр Монгол орон Хятадын дарлалаас салахгүй байсан. Тэр 18000 гаминг чинь Сүхбаатарын цэрэг ч бут цохичихсон юм биш. Гаминг хөөсөн Бароныг зайлуулах гэж орж ирсэн улаан Армийн цэргүүдийг монгол цэрэг болгож харагдуулах гэсэндээ орж ирэх зам дээр нь хэдэн зуун монгол дээл аваачиж хаясан байдаг юм шүү дээ. Тэр үед чинь бас дипломат ёсыг олон улсын хэм хэмжээнд сахидаг байсан цаг.  Гаминг Бароноор хөөлгүүлчихээд,  Бароныгоо дараа нь улаан цэргүүдээр хөөлгүүлдэг нь яах аргагүй монгол шатар л даа.

-Сүүлийн үед киноны сайн  продюссер өдрийн од шиг  болж. Олигтой зохиол бараг байхгүй байна гэдэг. Нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайн таны номны шүүмжид онцлон дурьдсанаар “Өнөөгийн кино урлагийн жишигт нийцсэн”  кино зохиолоо хэзээ олны хүртээл болгох вэ? Нээрээ ч  бичлэгийн хувьд үнэхээр үлгэр жишээ болохуйц юм билээ.

-Тэрийг би мэдэхгүй.  Богд хааныг эгүүлэн ширээнд нь залсны 90 жилийн ой ирэх туулай жилийн  цагаан сарын шинийн 15-нд болно гэдгийг Монголын төр мартаагүй бол  эрхбиш нэгийг бодох байлгүй дээ.  Би үнсэлцсэн, уйлалдсан, алалцсан нэг муу нусан жур кино зохиол биччихээд Монголын төрөөс мөнгө гуйгаагүй. Би  Богд хаант тусгаар тогтносон Монгол Улсын төрийн Дархан чин ван, Монголыг Хятадын дарлалаас салгасан /Манжийн дарлалаас биш шүү. Тэр чинь 1911 оны үйл явдал/ Барон Унгерны үнэн шаштирыг хүүрнэсэн баримтат уран сайхны кино сценарийг биччихээд ханхалзаж байна.  Миний энэ ном киночдод бэлэн шпаргалк болно.  Чи хар л даа, Баронтой холбоотой ховор эд өлгийн гэрэл зургуудыг хүртэл хавсаргасан байгаа биз дээ.

-Бурхан танд оюуны бяр, онгодын их хурыг  харамгүй хайрлажээ. Үүнээс илүү хувь заяа бий гэж үү?

-Үүнээс илүү хувь заяа гэж хийж чадахаасаа илүү ихийг хийхийг хэлдэг юм даа.
-Та Сергей Есениний сонгомол шүлгүүдийг орчуулсан нь яруу найрагт элэгтэй олон хүний оюуны цангааг тайлсан шилмэл бүтээл болсон доо?

-Би ч бас тэгж боддог.

-Танд одоо хэвлэгдээгүй  олон ном байгаа байх гэсэн “хар” төрөөд байх юм?

-Хэд хэдэн юм бий.

-Нууц биш бол нэрлэж болох уу?

-Айн Рэнд гэж Америкийн нэг мундаг ховрой хөгшин байжээ.

– Уучлаарай. Ховрой гэж юуг хэлээд байгаа юм бэ?

-Еврейг монголоор ховрой гэдэг юм. Жүүд гэхээрээ бурханд тэрсэлсэн гэдгээр нь доромжилж байгаа хэллэг. Барууныхан иуд гэдэг нь тэр байхгүй юу.

-За тэгээд?

-Тэр ховрой чавганцын “Капитализмыг өмөөрөх нь” номыг 2006 онд  би орчуулсан.  Дандаа философийн өгүүллүүд нь байсан.  Тэр авгайн “Атлантын нуруу тэнийв” гэж 1956 онд хэвлэгдсэнээсээ хойш хэвлэгдсэн тоогоороо Библийн дараа орсоор ирсэн номыг нь ноднин Либератори сангийн захиалгаар орчуулсан юм. Чөлөөт эдийн засаг, чөлөөт нийгэм, ёс суртахууны  ном юм л даа. Үүнийг уншихгүйгээр манайхан зах зээлийн эдийн засгаа боловсронгуй болгож чадахгүй байх аа. Ирэх долоо хоногт хэвлэгдэх юм гэсэн.  Орчуулгын анхны эх нь 110 хэвлэлийн хуудас, том  эд л дээ.

-Өөр юу бэлэн байна?

-Андерсон, ах дүү Гриммээс ч илүү мундаг үлгэрч  Английн Редяр Киплинг гэж нэг  хүүхдийн зохиолч байжээ. Монголчууд түүнийг Мауглигаар нь л мэддэг. Тэр хүний бараг бүрэн түүврийг  нэг хэвлэлийн газрын захиалгаар орчуулсан. Удахгүй гарах байх.  За одоо болно биз дээ.

-Түр азнаач. Ганцхан асуулт  байна. Ээжийгээ санахаараа таны ээждээ зориулсан  нийтлэлийг уншаад сэтгэл минь тайтгардаг. Ээжийнхээ ачийг хариулж чаддаг  хүн байдаггүй гэдэг. Харин таны нийтлэлийг уншаад энэ үгтэй санал нийлэхгүй болсон?

-Ямар нь юм бол доо.

-Яагаав дээ. “Хүмүүсийн тухай роман”-ы хамгийн эхний хуудсанд байдаг шүү дээ?

-Аан тэр үү. Нэг муу нийтлэл бичсэнээрээ ээжийнхээ ачийг хариулна гэж юу байхав дээ. Архи уухаараа новшроод байхгүй, авгай хүүхдээ барьж зодоод байхгүй л бол ээжийнхээ ачийг хариулчихаж байгаа нь тэр юм биш үү.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж