“Samsung”-ын Bada OS-той анхны смартфөүн удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Samsung”-ын Bada OS-той анхны смартфөүн удахгүй гарна

“Samsung Electronics” корпораци өөрсдийн хөгжүүлсэн Bada үйлдлийн системтэй анх смартфөүнээ ойрын хугацаанд зах зээлд гаргах болсон тухайгаа мэдэгдлээ.

Bada /солонгос хэлний далай гэсэн утгатай/ үйлдлийн системийг гаргасан нь “Samsung” корпораци смартөүний зах зээлд “Apple”, “RIM” нарын “томчууд”-тай өрсөлдөх гол хэрэгсэл нь болсон юм. Тус корпорацийн смартфөүний үйлдлийн систем хариуцсан салбарын захирал И Хо-сүгийн хэлснээр “Samsung” Bada системтэй анхны смартфөүн болох Wave-ыг ойрын хугацаанд Британи болон Германы зах зээлд гаргах гэнэ. Түүнчлэн уг системд тохирох төрөл бүрийн өгөгдөл татаж авах боломжтой онлайн дэлгүүрийг зургадугаар сараас эхлэн нээлттэй болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

“Samsung” корпораци дэлхийн гар утасны зах зээлийг 20 орчим хувийг эзэлдэг дэлхийн №2 гар утас үйлдвэрлэгч боловч смартфөүний зах зээлд өчүүхэн бага хувийг эзэлдэг юм. Тус компани өнгөрсөн жил 227 сая нэгж гар утас борлуулсан бөгөөд энэ жил 18 сая орчим смартфөүн борлуулах зорилготой байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж