Ирэх 2011 оны нэгдүгээр сард Улаанбаатарт Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганыг зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбогдуулан сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд чуулган зохион байгуулах эрхийг батламжилсан захидал, тугийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд хүлээлгэн өглөө. Өмнөх 18 дугаар чуулган болсон Сингапурын парламентын дарга Абдуллах Тармугигаас уг захидал, туг шилжин ирж буй ажээ. Бүрэн эрх нэг жилийн хугацаатай юм.
Захидал, тугийг хүлээн аваад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ нь Монгол Улс, УИХ-ын гадаад нэр хүнд олон улсын хэмжээнд өссөний гэрч болохыг онцлон хэллээ. Нэр хүндтэй чуулганыг зохион байгуулахад УИХ-ын нийт гишүүд, Засгийн газрын үүрэг хариуцлага өндөр болохыг ч хэлэв. Чуулган зохион байгуулах хорооны даргаар УИХ-ын дэд дарга Н.Энхболдыг томилжээ. Өнөөдөр 14. 00 цагаас энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэж захидал, тугийг сэтгүүлчдэд танилцуулах гэж байна.
Д.ОЮУН