Төмөр замынхны төвөгтэй хэлцэл

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Төмөр замынхны төвөгтэй хэлцэл


Төмөр зам хэмээх их айлын “эзэд” бослого тэмцэл гаргана гэж байснаа учир битүүлгээр чимээ алдрав. Хамтын нийгэмлэгийн мөнгөөр шахаа хийдэг, наад зах нь шатахуунаа зах зээлийн үнээс 40 хувь илүү үнэтэй авч, дундаас нь хожоо гаргадаг, цаашилбал олон “но” байгааг дэлгэхэд бэлэн гэж байсан тэд өнөөдөр их л сониноор чимээгүй болчихоод байна. Дарга нар маш их мөнгөөр тансаглаж байдаг мөртлөө ажилчдынхаа цалинг нэмдэггүй гэж гомдоллосон тэд цалингаа 15 хувь нэмэхийг шаардсан. Яг өнөөдрийн байдлаар тэдний цалинг нэмээгүй. Гэхдээ л хамтын тохиролцоонд хүрсэн бололтой. Төмөр замын ажилчдын үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмэхээс гадна, ажилчдын ахуй хангамжийг сайжруулах шаардлага тавьсных нь хариуд харин хэдэн хүнд орон сууц олгохоор амлаад байгаа юм байна. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийнхэн ажилчдадаа “Эко констракш” компанийн барилгаас нэг ам.дөрвөлжин талбай нь 590 ам.доллараар бодож, зээлээр олгох гэсэн ч барилга нь ашиглалтад ороогүй, харахын эцэсгүй муу байшин байгаа гэнэ. Тиймээс төмөр замын ажилчид “Дарга нар хэл ам гаргаад байгаа хүмүүсийн амыг хаахын тулд муу барилга ”шахаж” байна. Мэдээж хэрэг, юу ч худалдаж авсан дунд нь, дарга болон түшмэдийн гар цайлгалтын хөлс багтсан байдаг болохоор хямд үнээр аваад ажилчдаа “гийгүүлсэн” дүр үзүүлж байна” гэж ханцуйндаа шивнэлдэж байна. Гэвч орох орон гэдэг өнөөдөр монголчуудын хамгийн хүнд “проблем” болохоор сайн ч, муу ч зээлийн орон сууцанд багтаад орохыг хэн хүнгүй хүсч байгаа учир ямар ч “муу” яриа дэгдээхгүй амаа жимийж байгаа гэнэ.  Угаасаа ч төмөр замынхан “ам бөх”-тэй хүмүүс. Дээрээс нь ч ийм шаардлага тавьдаг. Их үнээр шахаж авчирсан Оросын хуучин голдуу галт тэрэгнүүдэд нь гал гарч, машинист нь хүндээр түлэгдэж байсан тохиолдлуудыг хав дараад өнгөрөөсөн байдаг юм билээ.
Уул уурхайн олборлолтын их хүлээлттэй зэрэгцээд төмөр замын асуудал онцгой анхаарлын төвд байгаа учраас тэд том “олз”-оо хараачлахаас бус ажилчдын “жижиг сажиг” гомдол зэрэгт төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа. Монгол ажилчдын цалин оросуудынхаас бага байдаг гэсэн гомдол байнга сонсогдож байсан ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бол эдийн засгийн хямрал гэгчээр халхавчлан цалин нэмэхээс байнга татгалзаж ирсэн. Харин энэ жилийн хувьд байдал тогтворжиж байгаа учир цалин нэм гэсэн шаардлагаа ажилчид нь сэргээсэн нь ч ийн амжилтад хүрсэнгүй. Нэг харахад лусын сан шиг баян юм шиг төмөр замынхан нөгөө талаасаа ард түмнээ бодоод алдагдалтай тарифаар ажилладаг гэж байнга гомдоллодог. Гол алдагдал нь дотоодын зорчигчид болоод нүүрс тээвэрлэлт. Тээврийн зардал их ч, үнээ нэмж болохгүй учраас зорчигчид болон дотоодын ачаа тээвэрлэлтээс 60 хувийн алдагдал үүрдэг. Үүнийгээ гадаад транзит тээврээр нөхдөг хэдий ч эдийн засгийн хямралаас болоод гол орлого нь зогссон гэж албаны хүмүүс тайлбарладаг. Гэвч он гарсаар транзит тээвэр нэмэгдээгүй хэвээр байгаа гэнэ. Гэтэл статистик мэдээлэлд болохоор Төмөр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2010 оны 1 дүгээр сард 23.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.8 тэрбум төгрөг буюу 25.2 хувь өссөн гээд байдаг. “Еэвэнгийн тал нь хаана байна аа” гэдэг шиг “нөхцөл байдал”-д нь тохируулсан өөр өөр тайлбарууд бэлэн байх юм даа, төмөр замынханд 

Дашрамд цухас дурдахад нийтлэлч Б.Болдсайхан “Улаанбаатар төмөр зам” жижиг гуанзны дайны буюу жилдээ 10 орчим сая төгрөгийн татвар төлдөг юм билээ гэж ярьсан байна. Харин төмөр замынхан үүнийг үгүйсгэж хэдийгээр алдагдалтай шахам ажилладаг боловч нийт 16 мянган ажилтны цалингийн нийгмийн даатгал, орлогын албан татвар гэхэд л чамгүй их татвар төлдөг шүү дээ гэж тайлбарлаж байна. Эдний нийт ажилчдынх нь нэг өдрийн цалин л гэхэд 200 сая төгрөг орчим байдаг гэнэ. Дашрамд дурдахад саяхан “Улаанбаатар төмөр зам” хамтарсан нийгэмлэгийн дарга В.Отгондэмбэрэл 120 мянган ам.доллар буюу 170 гаруй сая төгрөгөөр шинэхэн Lexus-570 машин авч гангарсан. Төмөр замын нийт ажилчдын нэг өдрийн цалинд арай хүрэхгүй мөнгө гэхээр “Энэ том газрын “эзэн” 16-хан мянган ажилтнаа ганц өдөр цалингүй хоосон хонуулаад шинэ машин авахад шальтай “гангараа” биш л байна” гэж түүнийг өмөөрөх хүн гарч ирж байна лээ. Мэдээж хэрэг, цалингаа хүлээж, зам дээр осгоруутаж зогсоо ажилчид нь ингэж хэлэхгүй л дээ…

Б.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж