Халдлагын дараа оросын хувьцааны ханш өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Халдлагын дараа оросын хувьцааны ханш өссөөр байна

Москвагийн Домодедово нисэх онгоцны буудалд болсон террорист халдлага дэлхий нийтийг цочроолоо. Газрын тосны эх орон болох Орост болсон уг халдлага түүхий эдийн зах зээлд ч нөлөөлж эхэлжээ.

ОХУ-ын хувьцаануудын ханш халдлага болсны маргааш буурч эхэлсэн боловч өчигдрөөс дахин өсчээ. Москвад “Micex” индекс өчигдөр 1.5 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн  хоёр долоо хоног дахь хамгийн огцом өсөлт боллоо. Харин Домодедовод халдлага болсны маргааш 0.3 хувиар буурч байв.

Байгалийн хийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Роснефть” компанийн хувьцааны ханш 2.3 хувиар чангарсан нь “Micex” индекс өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна. Орос бол байгалийн хий, газрын тосны экспортоороо дэлхийд тэргүүлдэг. Харин өчигдөр өглөөний байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 0.9 хувиар өсч, 86.41 ам.доллараар зах зээлд гарч байжээ. Лондоны Металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 9360 ам.доллар болж, өмнөх өдрийнхөөсөө 1.2 хувиар өссөн байна. Ийнхүү гол түүхий эдүүдийн үнэ өссөн нь “Micex” индексийн үзүүлэлт нэмэгдэхэд нөлөөлжээ. Газрын тосны томоохон экспортлогч болох Оросын нийслэлд бөмбөг дэлбэлсэнээс болж уг түүхий эдийн үнийг богино хугацаанд бууруулах хандлага ажиглагдаж байсан. Гэвч “ОПЕК”-ийн орнууд удахгүй нийлүүлэлтээ нэмж магадгүй байгаа нь газрын тосны үнэд нөлөөлжээ. “CF Global Trading”-ийн шинжээч Жулиан Риммер “Түүхий газрын тосны үнэ өссөн нь Оросын зах зээл дэх арилжааг идэвхтэй болголоо. Домодедовод болсон дэлбэрэлтийн улмаас буурах хандлагатай байсан хувьцаануудын ханш эргээд өсч байна” гэжээ.

Коксжсон нүүрс үйлдвэрлэгч Оросын “Распадская” компанийн хувьцаа 2.8 хувиар өсчээ. Үүнээс өмнөхөн “Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банкнаас тус компанийн үнэлгээг нэмсэн нь ийн хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн байна.

Рублийн ханш өнгөрсөн мягмар гаргийн өглөө бага зэрэг суларсан боловч өчигдрөөс дахин чангарч эхэлжээ. Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар хөрөнгө оруулагчдын хувьд рубль худалдаж авах нь эрсдэл багатай бололтой. Ямартай ч ойрын хугацаанд Оросын төв банк бодлогын хүүгээ өөрчилж магадгүй байгаа юм. Бодлогын хүү өндөр байвал рублийн эрэлт нэмэгдэнэ. Үүнээс болж ханш өсөх нь дамжиггүй. Тиймээс дээрх өөрчлөлт Оросын төв банкны бодлогоос хамаарсан гэхэд болно. Түүнээс гадна рублийн ханш чангарахад мөн л газрын тосны үнэ нөлөөлсөн байна.

Гэхдээ Домодедовод болсон дэлбэрэлтийн улмаас ОХУ-д болох өвлийн олимп, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдалд санаа зовогсдын тоо олширч байна. Цаашлаад тус улсад гадны хөрөнгө оруулагчид хэр аюулгүй нөхцөлд ажиллах вэ гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохгүй гэж байсан боловч гэнэт шийдвэрээ өөрчлөн Швейцарийн Давос хотноо хүрэлцэн очсон нь ч үүнтэй холбоотой. Тэрбээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Оросын эдийн засгийн шинэчлэл хэр эрчимтэй явагдаж байгааг нотлохыг зорьсны үндсэн дээр ирсэн хэмээн ажиглагчид үзэж байна. Дашрамд дурьдахад, дэлхийн эдийн засгийн чуулганыг нээж Д.Медведев үг хэлэх үедээ Домодедовод амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут чимээгүй болохыг төлөөлөгчдөөс хүссэн юм. Түүнчлэн тэрбээр “ОХУ-ын талаар янз бүрийн шүүмжлэл их гардаг. Тэдний зарим нь үнэний хувьтай. Зарим нь огт үндэслэлгүй байдаг. Гэхдээ бид эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулж, гадаад зах зээлд илүү нээлттэй, хөрөнгө оруулагчдад таатай орчинг бий болгохын төлөө зорьж байна” гэсэн юм.

Домодедовод болсон дэлбэрэлтийг зохион байгуулагчид Д.Медведевийг Давост очихыг саатуулах гэсэн зорилготой байж болох юм хэмээн зарим ажиглагч таамаглаж байгаа. Ямартай ч одоогийн байдлаар газрын тос, байгалийн хий тэргүүтэй гол түүхий эдийн үнэ өсч байгаа дээр үндэслэн Оросын хувьцаануудын ханш харьцангуй эерэг үзүүлэлттэй байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж