Сүүлийн үед өсвөр насныхны дунд ихээхэн нэрд гараад буй Канадын залуу од Justin Bieber хэвлийн доод хэсэгтээ бяцхан шувууны дүрс шивүүлжээ. Түүний төрөлх эх орон болох Канадад 18 нас хүрээгүй тохиолдолд эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр шивээс хийлгэдэг хуультай аж. Тиймээс Justin аавынхаа зөвшөөрөлтэйгээр энэхүү шивээсээ хийлгэсэн байна. Justin Bieber-ын үсний засалт Америкт ихэд дэлгэрч байгаа ба “The Bieber” гэж нэрлэгдсэн шинэ үсний засалтаар өсвөр насны хөвгүүд засуулдаг болоод байгаа билээ. Мөн түүний энэхүү шивээсийг фэнүүд нь дуурайж эхлэх магадлалтай хэмээн яригдаж байна.
Дашрамд сонирхуулахад, Justin Bieber 1994 оны гуравдугаар сарын 1-нд Канадад төрсөн ба анх түүний ээж “You Tube”-д бичлэгийг нь тавьсан аж. Тэрхүү бичлэгийг Scooter Brown үзсэнээр шоу бизнесийн ертөнцөд хөл тавих боломж гарчээ.
Ингээд алдарт дуучин Usher-тай танилцан, хамтран ажиллах гэрээ байгуулснаар түүний амжилтын гараа эхэлсэн аж. 2009 онд “One Time” нэртэй анхныхаа синглийг гаргасан нь ихэд амжилт олж, “My World” нэртэй анхныхаа цомог нь гарсан даруйдаа нэг сая орчим хувь борлогдсон юм.
Залуу од Justin Bieber өнгөрсөн гуравдугаар сард “My World 2.0” цомгоо гаргасан ба энэхүү цомог нь Америк, Англи,Канад,Австрали зэрэг орнуудад хамгийн олон хувь борлогдсон цомгийн жагсаалтад дээгүүрт ороод байгаа юм.
Н.НАРАН
Холбоотой мэдээ