Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Азгүй “New Jersey Nets”

Монголын цагаар өнөөдөр өглөө Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны драфтын сугалааны үйл ажиллагаа боллоо. Плей-оффт шалгараагүй 14 баг энэ сугалаанд оролцдог бөгөөд солилцоо наймааны үндсэн дээрээс “Юта Жазз” ганцаараа плей-оффын баг байсан юм.
Энэ жилийн сугалаанд ердөө 12 хожил авсан “Нэтс” болон “Миннесота Тимбервулвес” багууд ялах магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байсан юм. Гэвч сугалаа бол аз байдаг гэдгийг батлан харуулж, “Вашингтон Визардс” баг драфтын номер нэг сонголтыг ирэх сард хийх боллоо. Драфтын эхний гурван сонголтыг зарлах болоход “Нэтс” багийн шинэ эзэн Прохоров, “Визардс” багийн эзэн хатагтай Ирень Поллин,” Филаделфиа 76” багийн хамгаалагч Жрү Холидэй нар сэтгэл догдлон хүлээж байлаа. Гэвч гурав дахь эрхийг Оросын тэрбумтан авахаар болж, хоёр дахь сонголт “Филаделфиа” хотод очсон бол, драфтын тэргүүн эрх Абэ Полин агсны гэргий Иреньд очлоо. Ийнхүү “Нью Жерси Нэтс” баг дахин азгүйтлээ. Учир нь тэд драфтын номер нэг сонголтыг хожно гэдэгтээ итгэлтэй байснаас гадна түүнд тулгуурлаад шинэ багаа босгох бодолтой байсан юм. Гэвч одоо бүх зүйл өөрчлөгдсөн бөгөөд үүнд Оросын тэрбумтан нэлээд бухимдаж байсан сурагтай.
 Драфтын номер нэг сонголт бол холбон тоглогч Жон Уолл. Хэрэв “Визардс” 2001 онд Квами Брауныг сонгож байсан шигээ тэнэг зүйлийг хийхгүй бол Уолл тэднийх. Одоо тэднийг Уолл болон Аренасыг хэрхэн тоглуулах, эсвэл хэн нэгнийг нь үлдээж нөгөөг нь явуулах гээд ажил их өрнөх байх. Аренас шиг үнэтэй, асуудалтай тоглогчийг авах баг олдох нь юу л бол. Тийм учраас Уолл Аренас хамтдаа тоглох магадлал өндөр.
Драфтын бусад эрхийг хожсон багуудыг танилцуулбал:
“Миннесота Тимбервулвес” – 4, “Сакраменто Кингс” – 5, “Голден Стейт Варриорс” -6, “Детройт Пистонс” -7, “ЛА Клипперс” -8, “Юта Жазз” -9, “Индиана Пейсэрс” -10 дахь сонголтыг хожжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж