
АНУ-ын Элчин сайдын яамнаас Америкийн алдарт “Озоматли” хамтлагийн тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Марисса Маурер, хэвлэлийн ажилтан П.Тина, БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун, “Sound of Mongolia” ХХК-ийн Ерөнхий захирал М.Уянга нар оролцсон юм. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Америкт айлчлах үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргынОлон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орлогч Жудит Макхэйлтэй уулзахдаа алдарт “Озоматли” хамтлагийг Монголд тоглуулах талаар ярьж тохирсон аж. Тиймээс АНУ-ын Соёлын элч хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 4-нд Сүхбаатарын талбайд 19:00 цагт тоглолт хийхээр болжээ. Грэммийн гурван удаагийн шагналт, Лос Анжелес хотын латино, рок, хип хоп хамтлаг “Озоматли”-гийн тоглолтыг “Sound of Mongolia” ХХК зохион байгуулж байгаа гэнэ. “Өөр өөр үндэс угсааны найман хүний бүрэлдэхүүнтэй, олон талт соёлын тод илэрхийлэл болсон “Озоматли” хамтлаг монголчуудад хөгжмийн эрч хүчийг тээн ирнэ” хэмээн зохион байгуулагчид ярьж байлаа. Ацтек үндэстний хөгжим бүжгийн бич дүрт бурхны нэрээр өөрсдийгөө нэрлэсэн энэхүү алдарт инди хамтлаг Монголд анх удаа ирж байгаа юм. Монголд тоглолтоо толилуулсны дараа Хятадын Шанхай хотод тоглох хуваарьтай юм байна.
Б.Анхаа