Маргааш Жиро д’Италиагийн хамгийн урт гараа болно

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Маргааш Жиро д’Италиагийн хамгийн урт гараа болно

Италийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Жиро д’Италиагийн арав дахь гараа өчигдөр болж өнгөрлөө. Тэмцээний хамгийн урт гурван гарааны нэг болох тус гараа нь Авелиногоос Битонто хүртэл 230 км зайд өрнөжээ. Тамирчид өмнө нь ийм хол зайд уралдаагүй бөгөөд тэмцээний гурав дахь гараанд 226 км зайд уралдсан аж. Иймээс ч тэмцээнд оролцож буй дийлэнх тамирчид барианд багагүй ядарч орсон байна. Уралдааны сүүлийн зургаан км-т амжилттай тасарч чадсаныхаа ачаар Америкийн “Гармин транзишнс” багийн Тейлор Фаррар энэ гараанд түрүүлсэн байна. Түүний хувьд өмнөх гараанд гуравдугаар байрт орсон бөгөөд нийт замаа таван цаг, 48 минут, 14 секундын хугацаанд туулж, манлайлжээ. Удаахь байрт Италийн “Ликуйдас” багийн дугуйчин Фабио Сабатини, мөн багийн хамтрагч болох Жулиан Диан нар хурдалсан байна.
Харин тэмцээнийг тэргүүлэгчдийн байр өөрчлөгдөөгүй, эхний найман байрын тамирчид хэвээрээ бөгөөд Казахстаны “Астана” багийн дугуйчин Александр Винокуров тэмцээнийг тэргүүлсээр байна.
Арав дахь гарааны ялагч Тейлор Фаррарын хувьд сүүлийн уралдаануудад сайн байгаа бөгөөд дараагийн гараанд эхний гуравт багтвал тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд гарч ирэх магадлалтай байна. Жиро д’Италиагийн 11 дэх гараа тэмцээний хамгийн урт гараа болох бөгөөд Люсейрагаас Эль-Акуйра хүртэл 256 км зайд үргэлжлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж