
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Үндэсний статистикийн хороо хамтран “Албан ёсны статистикийн тоо мэдээллийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус онол практикийн бага хурлаар Засгийн газрын үйл ажиллагаа, үндэсний эдийн засгийн хөгжлийн талаар дэвшүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэхтэй холбогдсон статистик мэдээллүүдийг бэлтгэж хангах, эдийн засаг нийгмийн бодлого боловсруулалт, хяналт шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх үндэсний, бүсийн, хотын дүүргийн болон орон нутгийн төвшний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үр дүнг тооцон гаргахад статистикийн байгууллага нь статистикийн шаардлагатай бүхий л үзүүлэлтүүдээр ханган ажиллаж байгааг дурьдаж байлаа. Харин ҮСХ-ны дарга С.Мэндсайхан ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийгэмд үнэн бодит шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй статистикийн мэдээлэлд үндэслэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалт, түүнд тавигдах шаардлага өмнөхөөс харьцангуй нэмэгдэж байгаа талаар хэлсэн. Тус статистикийн хурлыг зохион байгуулснаар бизнесийн орчны хөгжилд дүн шинжилгээ хийх, улс орны хөгжил хэтийн бодлого боловсруулах ажлыг сайжруулхад чиглэгдсэн гэнэ. Бага хуралд “Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох онол арга зүй ба практик хэрэглээний асуудалд” ҮСХ-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од зэрэг таван хүн илтгэл тавилаа.
Б.Алтансүх