
Ардчилсан намаас ИТХ-д суудалтай Д.Лхагважав, М.Рэнцэнбалжир, Ц.Жаргалсайхан нар Засаг даргад тусалсан аж. Тэд Ардчилсан намын Үндсэн дүрмээр улс төрийн албан тушаалтныг тухайн орон нутгийн намын Зөвлөлдөх зөвлөлийн шийдвэрээр томилно гэсэн заалтыг зөрчиж, өөрсдийн дотны хүн болох Д.Мөнхсайханыг дур мэдэн аймгийн Засаг даргын орлогчид зүтгүүлжээ. Ингэхдээ тэд аймгийн ИТХ-ын даргад “ Ээлжит бус хуралдааныг хуралдуулах саналаасаа татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн өөрсдийн гарын үсэг зурсан бичгийг илгээж хурлыг зарлах ажлыг ирц хүрэхгүй гэх үндэслэлээр цуцлуулсан байна. Үүнийхээ хариуд ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнээс улс төрийн албан тушаал болох аймгийн Засаг даргын орлогчид Ардчилсан намын төлөөлөгчийг томилуулан ажиллуулах нь зүйтэй хэмээсэн бичгийг Засаг дарга М.Оюунбатад хүргүүлжээ. Энэ ёсоор тавдугаар сарын 4-нд аймгийн Засаг дарга захирамж гарган Д.Мөнхсайханыг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилсон байна. Өөрөө албан тушаалдаа үлдэхийн тулд хууль бус замаар шийдсэн энэ томилгоог Булган аймгийн Ардчилсан намынхан эсэргүүцэж, шударга ёсыг дээдэлсэн, үнэний төлөө тэмцсэн үйл хэргийг албан тушаалаар наймаалцсан, намын дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж Ардчилан намын Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцэн ИТХ-ын гишүүн Д.Мөнхсайхан, А.Ганболд, Ц.Жаргалсайхан нарыг намын гишүүнээс хасчээ.
Д.ОЮУН