Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт энэ бямба гарагт Пернейн хойг Испани улсын нийслэл Мадрид хотноо “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болно. Шигшээ тоглолтод Германы аварга “Байерн Мюнхен”, Италийн аварга “Интернациональ” багууд шалгаран үлдээд байгаа билээ. Хагас шигшээ тоглолтод “Бавари”-ийн хагас хамгаалагч Фрэнк Рибери Францын “Олимпик Лион” клубын шилдэг довтлогч Лисандро Лопез дээр бүдүүлэг алдаа гарган улаан хуудас авснаар тоглолтоос чөлөөлөгдсөн билээ. Европын хөлбөмбөгийн холбоо Франц хагас хамгаалагчийн алдааг ноцтой үйлдэл байсан гэж үзээд гурван тоглолт өнжүүлэх шийтгэл хүлээлгэсэн, харин багийн удирдлагууд энэ шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбиторын шүүхэд гомдол гаргасан ч амжилт олсонгүй. Фрэнк Рибери албан ёсоор “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод оролцохгүй боллоо. Хариу тоглолтод Фрэнк Риберийг Хамит Алтинтоп орлон тоглосон бөгөөд түүний тоглолтод багийн нөхдүүд ам сайтай байгаа юм. Багийн ерөнхий дасгалжуулагч Луи Ван Гааль сэтгүүлчдэд хандан “Бид Арьен Роббенийг ч юм уу, Фрэнк Риберийг хамгаалаагүй. Тэр шийтгэлээ хүлээсэн л гэж үзсэн юм” гээд бямба гаригт болох тоглолтын талаар “Би тоглогчдодоо сэтгэл татам хөлбөмбөг тоглож, хожихыг захидаг харин тэр (Жозе Моуриньог хэлж байна) зөвхөн хожихыг л чухалчилдаг” гэжээ.
Score Studio