Роман Абрамович Какаг багтаа авчирна

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Роман Абрамович Какаг багтаа авчирна

Түүхэндээ анх удаагаа нэг улиралд хос цом хүртсэний дараа Лондонгийн “Челси” клубын эзэн, ОХУ-ын газрын тосны магнат Роман Абрамович дасгалжуулагч Карло Анчелоттиг “Реал Мадрид”-аас Какаг авчрах эрхээр шагнажээ. Британийн “Дэлхийн мэдээ” хэвлэлд мэдээлснээр Оросын олигарх энэ зуны арилжаа, наймааны цонх нээгдмэгц Бразилийн супер одыг “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд авчрахыг ногоон гэрлээр зөвшөөрөх гэнэ.
Испанид ирсэн эхний жилээ барцадтай өнгөрүүлсэн Какагийн хувьд энэ нь таатай мэдээ ч байж болох. Гэмтлийн улмаас формоо алдаж, дээр нь “Реал”-д Рональдугийн сүүдэрт халхлагдах болсон Какаг ноён Анчелотти дэргэдээ авах хүсэлтэй, учир нь өмнө нь “АС Милан”-д хамтран ажиллаж байсан учир бие биенээ төвөггүй ойлголцоно гэдэгт итали мэргэжилтэн итгэлтэй байгаа юм.
Гэхдээ Лондонгийн угсаатнууд Какаг эгнээндээ нэгтгэхэд нэг том саад байгаа нь үнэ юм. Какаг Миланаас Мадрид руу авчрахын тулд “Реал Мадрид”-ын удирдлага 65 сая евро зарцуулсан бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд “Цэнхрүүд” нэг тоглогчийн төлөө тэр хэмжээний хөрөнгө мөнгө гаргахад хүндрэлтэй байгаа ажээ.
Абрамович зардлаа хэмнэхийн тулд клубын өсвөрийн академийн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авах бодолтой байгаа ч “Стэмфорд Бриж”-д ирсэн эхний жилдээ Премьер лиг болон FA Cup-ын аваргын цом хүртсэн Анчелоттиг шагнахдаа гар татахгүй байх хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.
“Цэнхрүүд”-ийн хувьд Аваргуудын лигт түрүүлж, Европын тэргүүн цом өргөх нь Абрамовичийн чин хүсэл бөгөөд үүний тулд багтаа дэлхийн супер оддыг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө Абрамович удахгүй хэрэгжүүлж эхлэх бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж