Дарга нарын хэрэг хаана явна вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Дарга нарын хэрэг хаана явна вэ?

– Албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь үнэн юм бол түүнийг нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогоод, ялыг нь эдлүүлэх цаг болоогүй юу-

Тэр бүр шалгагдаж, шүүх цагдаагийн үүд сахиад байдаггүй дарга нар эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргийг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гурван жилийн өмнөөс олон нийтэд цацагдссан боловч эцсийн шийдвэр одоо хэр нь гараагүй байна.  Шил шилээ дарсан хэргүүдийн эхний эгнээнд Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, комиссар  П.Даш, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Монгол банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн  О.Чулуунбат нарын нэр холбогдсон хавтаст хэрэг байна. Нэг хэсэг эрх мэдэлтнүүдийн шүүх хурал нь ойр ойрхон болж, Эрүүгийн хуулийн 150, 253, 263, 264 дугаар зүйл ангиар ял эдлэх шүүхий шийдвэр гарсан ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаж,  давах шатны шүүх хурал гэж явсаар сүүлий үед  нам жим болжээ. Эдгээр хэргүүд одоо ямар шатандаа яваа, улсад ямар хэмжээний хохирол учруулсан талаар эргэн сонирхлоо.

Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр Өршөөлийн хуульд хамрагдсан

“Оюуны- Ундраа ”-ийн гэдгээр нь хүмүүс хамгийн сайн мэддэг Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярыг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 263.2, 264.1 -ээр эрүүгийн хэрэг татсан. Эхний шүүх хурал 2008 оны 12 дугаар 3-нд болсон боловч хойшилж  мөн сарын 18-19-ний өдөр, өдөр шөнөгүй хуралдсаар дөрвөн жилийн ял оноосон.

С.Отгонбаярыг сайд байх хугацаанд улсын нөөцөнд их хэмжээний шатахуун авах ёстой байж. Тэрхүү шатахууныг  өөрийн найз прокурор н.Эрдэнэбаатарын хүү н.Ууганжаргалын “Энреко Сервис” компаниас авсан нь тогтоогдсон юм.Хаанаас шатахуун авах нь тухайн газрын асуудал  ч сайд зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч мөнгө завшсан болохыг тогтоосон юм.Сайдтай хамт ОБЕГ-ын орлогч дарга асан А.Даваахүү энэ хэрэгт шалгагдсан. Шатахуун авах гарын үсгийг С.Отгонбаяр бус  А.Даваахүү зурсан ч тэрбээр С.Отгонбаярын дарамтад орон гарын үсэг зурсан гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хэлсээр байсан юм. Турайн үеийн Онцгой байдлын дарга П.Даш  албан үүргээ гүйцэтгэж байхдаа 2006 оны долдугаар сарын 6-нд амралтаа авсан аж Тэр үедээ А.Даваасүрэнд хүн халж, солих, төсвийн гүйцэтгэл захиран зарцуулахаас бусад ажлыг гүйцэтгэж, орлож байхыг үүрэг болгосон гэнэ. Гэтэл С.Отгонбаяр сайд байсан учир маргааш нь 77 тоот тушаал гарган бүх эрх мэдлийг орлохыг зөвшөөрсөн аж Тушаалаар далайлгаж ийм зүйл хийлгэсэн гэдгийг А.Даваахүүгийн  өмгөөлөгч Н.Сосорбарам хэлдэг юм.
Анхан шатны шүүхийн шйидвэрийг түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн давж заалдан, давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэх  явцад Өршөөлийн хуулиар С.Отгонбаяр өршөөгдсөн юм.

П.Дашийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Комиссар П.Даш ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын /УНБГ/даргаар ажиллаж байсан Л.Алтангэрэлтэй албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт татагдсан юм. П.Даш Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “АО Жаргалант” компанитай шатахуун нийлүүлэх гэрээ удаа дараа байгуулж , зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч ОБЕГ-т 205.420.400 төгрөгний хохирол учруулсан гэж мөрдөн байцаагчид тогтоожээ. Энэ хэрэгт нь Эрүүгийн хуулийн 263 .2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Түүнд мөн Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн хоёроор эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Учир нь тэрээр албан ажлаа хийж байхдаа төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хуулийг зөрчиж, ОБЕГ-ын барилгын их засварын ажлыг тендергүйгээр болон ТӨХ-ны зөвшөөрөлгүйгээр хийж төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсэн шалгасан. Хан-уул дүүргийн анхан шатны шүүхээс түүнд  4.6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдсэн боловч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд одоо АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүлээж байна

Эрхэм гишүүн Л.Гүндалайтай холбоотой хэргийг АТГшалгасан хэвээр байгаа гэнэ. Тэрбээр Эрүүл мэндийн сайд байхдаа тендерийн асуудлыг танилын хүрээнд явуулж улсад 620 сая төгрөгний хохирол учруулсан хэрэгт татагдаад байгаа юм. Энэ хэргээс гадна бас хэд хэдэн удаа  хууль зөрчин, улсад их хэмжээний хохирол учруулсан баримт байгаа аж. Албаны эх сурвалж Л.Гүндалай гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, баттай нотлох баримт хангалттай байна гэсэн хариултыг өгдөг ч тэрбээр “Санаатай, зохион байгуулалттайгаар намайг гүтгэн доромжилж байна. Миний нэр хүндэд халдах гэсэн хүмүүсийн ажил” гэж удаа дараа мэдэгддэг. Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын Тамгын газарт  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн албан бичиг дөрвөн удаа явуулсан ч эцсийн шийдвэрээ өгөөгүй байна. Л.Гүндалай Ард түмний намын дарга ч хэрэгт шалгаад эхлэнгүүт намаа орхин Ардчилсан намд элссэн. Хамгийн сүүлд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдан бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь хууль зүйн үндэстэй гэсэн шийдвэрийг гаргаж, УИХ-аар хэлэлцэх ёстой байсан ч Ардчилсан намынхан завсарлага авсанаар энэ асуудал шийдэгдэхгүй байсаар  өнөөг хүрлээ. Прокурорын байгууллага Л.Гүндалайг эрүүгийн хэрэгт татах үндэслэлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсанг түүний өмгөөлөгч шүүхээр гэм бурутай нь эцэслэн шийдээгүй байхад  хэнийг ч гэмт хэрэгт буруутгах ёсгүй гэсэн Үндсэн хуулий заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан.Нам жим байсан эрхэм гишүүн  олон нийтийн дунд саяхан шуугиан тариад амжлаа. Тэрбээр өөрийнх нь  хэргийг нь шалгаж байгаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга комисар Э.Амарбатыг, өмгөөлөгч С.Ганчимэгийг хүчирхийлсэн хэрэгт буруутган ажлаас нь түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт татахыг санал болгосон нь олны анхаарал татаж, зарим эх сурвалж өөрийн гэмт үйлдлээ нуун дарагдуулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Гэсэн ч комиссарыг ажлаас нь түдгэлзүүлэх шаардлагаггүй гэсэн шийдвэрийг Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах алба гарган хэргийг шалгаж байна. УИХ-аас  Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлвэл түүнийг саатуулан шалгахад бэлэн байгаа аж.

О.Чулуунбатын хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байна

УИХ-ын гишүүдээс эрүүгийн хэрэгт нэр холбогдоод байгаа хоёр гишүүний нэг нь О.Чулуунбат. Тэрбээр  Монгол банкны ерөнхийлөгч байхдаа эрх мэдэл албан тушала урвуулан ашиглан 20 тэрбум төгрөг ашигласан гэх хэрэгт татагдаад удаж байна. Түүний хэрэгт АНУ-ын иргэн Жорж Чалмосоос гадна  Монгол банкны Валютын газрын дарга асан Ц.Одонгуа нар холбогдоод байгаа. Өдгөө 52 настай АНУ-ын иргэн Жорж Чалмос гэгч өөрийн орондоо хувийн санхүүгийн бизнес эрхэлдэг нэгэн гэнэ. Тэрээр олон жилийн өмнө О.Чулуунбаттай олон улсын нэгэн хуралд оролцож байгаад танилцан улмаар ажил хэргийн дотно холбоотой байсан гэнэ. Банк, санхүүгийн мэдлэг чадвар, хэлний ямар нэгэн бэрхшээлгүй эрхэм гишүүн О.Чулуунбат түүнтэй үл ойлголцох байдал гардаггүй байсан аж. Хамтарч ажиллаж байгаад АТГ-ын мөрдөн шалгах  шалгалтаар тогтоогдсон 20 тэрбум гаруй төгрөгийн хохиролтой хэрэгт  энэ хүний нэр холбогдсон гэнэ. Түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ” Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн хэсгийн гуравт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Харин шүүгдэгчээр татагдаад байгаа Монгол банкны Валютын газрын дарга асан Ц.Одонгуа энэ хэрэгт бас хамтрагч,  бүлэглэсэн гэсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тэрээр албан тушаалдаа хайнга хандан их хэмжээний валют гаргахад тусалсан гэж хууль хяналтын байгуулагынхан үзэж байгаа юм. Ц.Одонгуа одоо Монгол банкиндаа өөр хэлтэст ажлаа хийсээр байна. Түүнд Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл “Төрийн албан тушаалтан  эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн хэсгийн хоёрт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүх хурал 2009 оны  III  сарын 10-нд хаалттай болсон. Учир нь  хурлаар улсын мөнгөний бодлого, нууцад хамааралтай баримт яригдана гэсэн хариултыг шүүх хурлыг даргалагч шүүгч Н.Буяннэмэх хэлж байлаа. Шүүх хуралд яллагдагчаар оролцсон О.Чулунбат өмгөөлөгч Д.Болдоос  гадна Х.Цэндсүрэн гэдэг шинэ өмгөөлөгч авсан бөгөөд хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшилсон. Төд удалгүй өмгөөлөгч нар нь Үндсэн хуулийн цэцэд хандсан учир шүүх хурал хойшлогдсон гэсэн мэдээлэл албаны эх сурвалж өгөөд нам жим байсаар өнөөдрийг хүрлээ. Тодруулвал хэргийн мөрдөн байцаах ажил АТГ-т үргэлжилж байгаа аж.

Сүр дуулиантай эхэлсэн эрүүгийн хэргүүдийг шалгасаар бараг гурван жилийн нүүр үзлээ. Цаг хугацааны уртад мартагдаж, дараад өнгөрнө гэж бодож байгаа бол эндүүрэл бизээ. Эрхэм гишүүдийн хэргийг эцэслэн шийдэхэд ямар хугацаа шаардлагатай байдаг юм бол. Эрх мэдэлтэнтэй адил хэрэгт холбогдсон жирийн иргэдийн хэрэг цаад тал нь нэг жилийн дотор эцэслэн шийдэгдэж, гэм буруутай үйлдлийнхээ төлөө ялаа эдэлсээр байна. Эдгээр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь үнэн юм бол түүнийг нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогоод, ялыг нь эдлүүлэх цаг болоогүй юу. Эсвэл гэмт хэрэгт хүнийг гүтгэсэн мөрдөн байцаагчийнхаа буруутай үйлдлийг олон нийтэд зарлавал зохилтой.

Х.Оюунсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж