Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 18

Тавдугаар сарын 18-ны тэмдэглэлт үйл явдал:

Музейн олон улсын өдөр

Өнөөдөр дэлхийн музейн ажилтнууд мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Музейн олон улсын өдрийг анх  (International Museum Day) 1977 оноос эхлэн тэмдэглэсэн юм. Энэ өдөр ICOM (International Council of Museums — Музейн олон улсын зөвлөл) байгууллагын хуралдаан болж, хурлын үеэр оросуудын гаргасан мэргэжлийн баяр тэмдэглэх өдрийг дэмжин баталснаар 1978 оноос эхлэн дэлхийн 150 гаруй оронд Музейн өдрийг тэмдэглэх болжээ. Энэ жилийн хувьд музейн өдрийг “Музей ба аялал жуулчлал” (Museums and tourism) уриан дор тэмдэглэж байна.

Махтумкулийн өдөр

Энэ сарын 18-19-нд Туркменистанд Сэргэн мандалт, эв нэгдлийн өдөр ба Махтумкулийн яруу найргийн өдрийг тэмдэглэнэ. Тусгаар тогтносон Туркменистан улсын Үндсэн хуулийг тавдугаар сарын 18-нд баталсан бол сэргэн мандалт ба эв нэгдлийн үндэсний баярыг 19-ний өдөр Туркменистаны уран зохиолын сонгодог төлөөлөгч, яруу найрагч гүн ухаантан Мактамкули Фрагийн өдөр болгон тэмдэглэдэг байна. Тус улсын анхны ерөнхийлөгч агсан Сапармурат Ниязовын шийдвэрээр энэ хоёр баярыг нэгтгэжээ.

Өдрийн ишлэл:

“Анд нөхөд минь ээ, цаг хугацаа бидэнд захирагдахгүй,
Мөнхийн амьдрал бидэнд үгүй
Хувь тавилангаа гартаа атгах хоромд,
Гартаа бид үнэний үрийг атгах бус уу”

(Дорнын агуу яруу найрагч Омар Хайям 1048 оны тавдугаар сарын 18-нд төржээ)

Мянгаад жилийн өмнө амьдарч байсан яруу найрагчийн төрсөн өдрийг бид түүний үлдээсэн зурхайгаар мэднэ.  Од, гаригсын байрлал нь зөвхөн 1048 оны тавдугаар сарын 18-нд тийм байрлалтай байж болох байлаа.

Бусад ишлэлээс:

Алтанд шунах аваас, мөнгөнд тэмүүлнэ,
Аливаа зүтгэл чинь тусыг эс олох.
Найз нөхөдтөйгөө, амьсгалаа сэрүүцтэл идэцгээ,
Найрын амттанг дайснууд чинь хоослоно шүү.
“Зүрхний шархаа дарсаар эмчил…”
Зүг зүгийн дарсыг ширээнд минь тавь,
Зүрх минь шархалжээ… Дарсаа аягалаад
Нааш нь.
Надад харин шархыг минь үлдээ.

Үйл явдал:


1291 ОН.
Ариун газар нутаг гэгдэх Палестинд загалмайтнууд өөрсдийн сүүлчийн түшиц газар болох цаазын хот Акраг алджээ. Хоёр долоо хоног хотыг бүслэн хаасны эцэст Египетийн султан Малик аль-Ашрафын цэргүүд Газар дундын тэнгисийн эрэг дэх Акра (орчин үеийн Акка) хотыг эзлэн авсан байна. Үүнээс зуун жилийн өмнө Иерусалимаас 100 км-ын зайтай оршиж байсан уг хотыг Английн хаан, Арслангийн зүрхтэн гэгдэх I Ричардын цэрэг эзлэн авсан байжээ. Хотыг эзэлсэн мусальманууд христийн сүсэгтэн иргэдийг толгой дараалан хядаж, хотыг газрын хөрстэй тэгшилсэн юм.

1642 ОН. Арлын индианы буйранд Монреаль (одоо Канадын Квебек мужийн төв) хотын суурийг тавьжээ. Энэ хот нь Хойд Америкийн франц хэлтнүүдийн хамгийн том хот юм. Монреалийг XVIII зууны дундуур францчуудаас Англи булаан авсан ба өдгөө хотын иргэдийн дийлэнхийг францчууд эзэлдэг байна.

1888 ОН. Америкт цагаачлан гарсан Немцийн цахилгаан техникч Эмиль Берлинер целлулоидоор хийсэн пянзыг олон нийтэд анх удаа үзүүлэв. Гэхдээ энэ бүтээл  нь 1877 онд дуу бичлэгийн эринийг нээсэн Эдисоны зохион бүтээсэн дуу бичлэгийн нүсэр системийг хожим нь буюу ХХ зууны эхээр дөнгөж зах зээлээс шахсан юм.

2001 ОН. Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн алдартай нисгэгчдийн нэг Алексей Маресьев 85 настайдаа таалал төгсчээ. Тэрээр 1942 онд дайснуудад онгоцоо сөнөөлгөсний дараа 18 хоногийн турш мөлхөж явсаар дайсны бүслэлтээс гарч байсан юм.  Алексей Маресьев хоёр хөлөө  тайруулж, хиймэл хөлтэй болсон ч уйгагүй дасгал сургууль хийсээр сөнөөгч онгоцны нисгэгчээр фронтдоо эргэн очиж, 86 удаа байлдааны нислэг хийн, дайсны 11 онгоцыг сөнөөж байжээ. Энэ агуу гавьяаг нь үнэлж, түүнд Зөвлөлтийн баатар цол хүртээж байлаа. Түүний гайхалтай эр зоригийн тухай өгүүлсэн “Ёстой хүний тууж” номыг монгол хэлнээ хөрвүүлснээр монголчууд бид Алексей Маресьевтай танил болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж