Баллак дэлхийн аваргад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Баллак дэлхийн аваргад оролцохгүй

Германы шигшээ багийн ахлагч Михаэль Баллак өнгөрсөн долоо хоногт FA Cup-ын финалд “Портсмут”-тэй хийсэн тоглолтын үеэр гэмтэл авсан нь түүнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөд хүргэсэн байна. “Уэмбли” цэнгэлдэхэд болсон тоглолтод “Цэнхрүүд” 1:0 харьцаатай хожиж, хос цомын эзэн болсон боловч тоглолтын эхний хагаст “Портсмут”-ын хагас хамгаалагч Кевин-Принс Боатенг түүнийг хүчтэй унагаж гэмтээснээр Баллак талбайг чөлөөлсөн билээ. Улмаар Баллак Мюнхен хотноо бэртлийнхээ төвшинг тогтоолгож, нарийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд хоёр сарын хугацаанд талбайд гарч тоглохгүй болсон талаар Германы хөлбөмбөгийн холбоо мэдэгдсэн байна.

Саяхан CNN-д өгсөн ярилцлагадаа Баллак шигшээ багаа ахлан дэлхийн аваргад оролцох нь үнэхээр сайхан хэрэг хэмээн ярьж, гэхдээ энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүний хувьд эцсийнх нь байх талаар илэн далангуй ярьж байсан юм.

Харин одоо тэрбээр “Германы машинууд”-ыг үзэгчдийн суудлаас үзэхээс өөр аргагүй болж байна. Сануулахад, Германы шигшээ дэлхийн аваргын эхний тоглолтоо зургадугаар сарын 13-нд Австралийн багийн эсрэг хийх юм. Харин Баллакийн хүсэл, мөрөөдлийг үгүй хийсэн Боатенг Ганын шигшээ багийн хамт дэлхийн аваргад өрсөлдөх бөгөөд сонирхолтой нь, Гана болон Германы багууд нэг хэсэгт сугалаа таарсан байгаа.

Баллак Германы шигшээ багийн хамт 98 тоглолтод оролцсон бөгөөд энэ улиралд “Челси”-гийн хамт 36 тоглолтод талбайд гарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж