
-Танд олон асуулт тавимаар байна. Гэхдээ би ярилцлагаа таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн тухай эхлүүлье гэж бодлоо?
-Хүн бүхний хүүхэд нас үнэхээр хамгийн сайхан дурсамжтай, хөгжилтэй байдаг л даа. Би хотоос холгүйхэн “Шувуун фабрик”-д тоглож өссөн. Хүүхэд насны дурсамжаас гэвэл би арван жил онц сурч, улсын физик, хотын математикийн олимпиадад бас аварга болж байсан. Дараа нь ОХУ-ын Олон улсын цөмийн физикийн төвд суралцахаар очсон. Бас онц төгссөн. 1993 онд төгсөж ирээд “Монгол газар” ХХК-ийг байгуулж бизнесийн салбар руу орсон доо. Академич Содном гуай, Чүлтэм гуай нарын удирдлаганд суралцсан минь бахархалтай дурсамж юм даа. Тухайн үед энэ улс оронд цөмийн физикчдээсээ илүү эдийн засаг, бизнесийн чиглэлээр ажилласан нь хэрэгтэй юм байна гэж бодоод л уул уурхайн компани байгуулсан. Үүнээс хойш, геологи хайгуул, уул уурхайн чиглэлд 17 жил зүтгэж байна.
-Яагаад заавал уул уурхайн салбарыг сонгосон юм бэ?
-Монголчуудын амьдралд, хүн бүхэнд хүртээмжтэй аж ахуй бол мал аж ахуй. Үүний хажуугаар бид дөнгөж зах зээлийн нийгэмд шилжиж, уул уурхайн салбарт цоо шинэ зах зээлийг бий болгох шаардлага гарсан. Энэ нь уур уурхайн салбарыг хүн бүхэнд хүртээмжтэй болгохын эхлэл байсан. Бидний хамгийн эрхэм нандин зүйлийн нэг нь эх дэлхий, газар нутаг маань. Тэр эрдэнэсийг ард түмэндээ хүртээмжтэй сайхан ашиглах, уул уурхай бол улс орны хөгжих гол тулгуур гэдэг нь өнөөдөр их ойлголмжтой болж байна.
-Таныг дөнгөж бизнесээ эхлүүлж байхад дарамт хэр байв. Өнөөдрийнх шиг татварын дарамтаар шахаж байв уу?
-Уул уурхайн компаниуд бүгд мэднэ. Маш их дарамттай байдаг. Захын байцаагчаас эхлээд дээшээ төрийн албад хүртэл уул уурхайд дарамт үзүүлдэг. Ер нь шат болгонд л уул уурхайн компаниудад дарамт үзүүлнэ шүү дээ. Сумын байцаагчаасаа эхлээд л. Дарамт гэдэг нь хэрэгтэй, хэрэггүй журам заавар, зөвшөөрөл, хэрэгждэггүй хууль дүрэм, дээрэнгүй татвар /68 хувийн татварын хэлж байна, тодруулав/-ын тогтолцоог хэлж байна л даа. Анх биднийг уул уурхайн бизнесээ эхлүүлж байхад хүндрэл, шахалт гайгүй байсан. Өнөөдөр нинжагаасаа авахуулаад УИХ-ын гишүүд нь хүртэл уул уурхай ярьдаг болсон байна. Энэ нь нэг талаасаа сайн хэрэг. Хүн бүхэн уул уурхайд анхаарлаа хандуулдаг болсны илрэл. Гарцаагүй уул уурхай бол Монгол Улсын хөгжлийн тодорхой үе шат болсныг бүгд мэддэг боллоо.
-Монголын уул уурхай таныхаар ямар үедээ явна вэ?
-Монголын уул уурхай бол дөнгөж хөгжлийн гараан дээр байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын энэ салбар дахь боловсролын түвшин болон үйлдвэрлэлийн дадлага туршлага, зохион байгуулалт хангалтгүй. Нөгөө талдаа энэ салбарын ирээдүйн тухай шат шатандаа ойлголцлын их зөрүүтэй явж ирсэн байна. Бидэнд канад, австраличуудаас худалдаа, бизнесийн туршлага гээд сурах зүйл маш их байгаа.
-Манай уул уурхайн салбарт өрсөлдөөн их байна. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулагчдын шунал. Энэ тал дээр таны бодол?
-Өнөөдрийн ашигт малтмалын хууль, өнгөрсөн хугацаанд энэ салбарын явж ирсэн байдлыг харахад уул уурхайн салбарт бодлогын маш том зохицуулалт хийх зайлшгүй цаг үе иржээ. Дөнгөж хөгжиж эхэлж байгаа энэ үед бид хэдийгээр нээлттэй нийгэм байгуулж байгаа, гадны хөрөнгө оруулагч нарт нээлттэй байх хэрэгтэй ч манайд банк санхүү, хөрөнгийн зах зээл гээд шийдэх, сайжруулах шаардлагатай их олон асуудал байна. Ийм байхад бид хуулиа хэзээ батлах хэрэгтэй байв, ямар зохицуулалт хэрэгтэй байсан, одоо яах ёстой гээд олон асуудал байна л даа. Гадаадын зарим компани 50-100 жилийн ажлын туршлагатай. Мөнгөн хуримтлалтай уул уурхайн компаниуд Монголд хөрөнгө оруулахаар орж ирж байна. Ийм компаниудыг Монголын компаниудтай ижил төвшинд өрсөлдүүлнэ гэх юм бол үнэхээр утгагүй зүйл. Монголчууд бид өөрснөө хөгжлийг бий болгож өөрсдөө сайхан амьдрах гээд байгаа юм уу. Эсвэл гадаадын компаниудын ашгийг бэлддэг орон болох юм уу. Манайхан өнөөдөр улс орныхоо үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын баталгааг хангах тийм томоохон ордуудаа үнэгүй шахам гадныханд бэлэглэж байгаа байхгүй юу. Гадны компаниуд юу боддог вэ, … миний нэг доллар хэд болж өсөх юм бэ. Тэр нь хэдий хэр хугацаанд, ямар улс төрийн баталгаатай, ямар хууль эрхзүйн орчинд хэрэгжих вэ гэдгийг л бодож орж ирдэг. Гэтэл монголчууд бид чинь хөгжих хэрэгтэй байна. Үйлдвэрлэл явуулах хэрэгтэй байна. Хамгийн тод жишээ гэхэд “Бороогоулд”, “QGX”/Асгат/, Оюу толгойн асуудал байна. Монголын баялаг дээр гадны компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр мөнгө босгоод баяжаад байхад манай ард түмний амьдрал улам доройтоод байдаг. Манайхан яг үнэндээ тэднээс татвараа ч олигтой авч чаддаггүй. Тэгэхээр үүнийг одоо зоригтой өөрчлөх цаг нь болсон.
-Манай ашигт малтмалын хуулийг их муу, гадаадынхны амьдрах орчинг бүрдүүлсэн гэж зарим хүн үздэг. Энэ хуульд захирагдаж бизнесээ хийдэг хүний хувьд сайн, мууг нь танаас сонсъё?
-Хуулийн хувьд хэтэрхий нээлттэй. Гэхдээ монголчуудын амьдралд өгөөжгүй. Гадны компаниуд Монголын газар нутаг дээр хайгуулын лиценз аваад бага зэргийн хайгуул хийчихээд дахиад цаашаа дамлаж зарж байна. Ерөөсөө өнөөдрийн лиценз олголтын байдал, үйлчилж байгаа орчин, манай хөрөнгийн бирж одоо л дөнгөж шинэчлэгдэн ажиллах гэж байна. Банкны систем сул ядуу дорой. Энэ бүх байдал нь гадны жижиг компаниуд орж ирээд манай газар нутаг дээр бага зэргийн мөнгөөр хайгуул хийгээд тэгээд бирж дээр юм уу, эсвэл хоорондоо ч юм уу наймаалцдаг хууль болсон байна л даа. Тэгэхээр энэ ашигт малтмалын хуулийг Монголд ямар орлого оруулахыг бодолцож шинэчлэх шаардлагатай. Гадныхан Монголд шинэ технологи авч ирж болно. Шинэ үйлдвэрлэлийн хэрэгсэл оруулж ирж болно. Хамгийн гол нь монголчуудын эрх ашиг хангагдаж байна вэ? гэдгийг харж хийх хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн байгаа хууль нэгд ирээдүй хойч үеийн ашиглах, олборлох эрхийг хаасан. Хоёрт лицензийг бага мөнгөөр, хайгуул хийгээд хаашаа ч хамаагүй зарж болох боломжийг нээж өгсөн хууль. Муучлах гэсэндээ бус байгаа байдал нь энэ.
-Лицензэд дахин шалгалт хийж, зөрчилтэй бол хурааж дахин олголт хийнэ гэж яригдаад байгаа. Энэ нь Монгол Улсын ордуудын нөөц дууссанаас дахин хуваарилалт хийх гэсэн арга гэх юм. Шалгалт хийсэн нь зөв үү?
-Энэ лицензүүдийг цэгцлэх шаардлагатай. Ард түмний эрх учраас, хуулиа шинэчлэх шаардлагатай учраас л ингээд зогсоосон болов уу. Түүнээс биш дурын солонгосууд, дурын хятадууд ирээд хайгуул хийгээд гадны томоохон уул уурхайн компаниудад зардаг асуудал байж болохгүй. Манай оронд хөрөнгө оруулалт хийгээд, үйлдвэр бариад, Монгол Улсад оруулсан хөрөнгөө нөхөөд эргээд манай улсад ашигтай ажиллах ийм л нөхцлийг бид тавих ёстой. Байгалийн эрдэс баялаг гэдэг дахиж нөхөн сэргээгддэггүй, бид нөгөө талдаа хуримтлал бий болгох хэрэгтэй. Үндэсний хуримтлал гэдэг улс орны хөгжлийн томоохон үзүүлэлт шүү.
-Та 17 жилд хэчнээн ордод хайгуул хийсэн юм. Ямар ашигт малтмал олборлохыг зорьж байв. Дандаа алт байсан уу?
-Сүүлийн 17 жил манай компани эх орныхоо баялаг дээр маш их судалгаа хийсэн. Бид, хаана ямар баялаг миний эх оронд байдаг вэ гэдгээ мэднэ. Тэр баялгийг бид хамгаалах ч болно. Дөрвөн томоохон орд дээр манайхан олборлолт хийсэн. Олон овоот, Мушгаа худагийн газрын ховор элемент, төмрийн орд байна. Бас нүүрсний орд, алт молибдений хэд хэдэн томоохон орд бий л дээ. Архангайн Цэнхэрийн ордыг ч би шинээр нээж байлаа. Тийм томоохон ажлуудыг бид одоо ч хийж байгаа, цаашдаа ч хийнэ.
Ер нь манай уурхайчид, геологчид “Ордыг олох хүн нь олдог бол эзэмших тавилантай хүн гэж бас байдаг” гэж ярьдаг. Надад бодогддог юм аа. Монголд анх удаа гадны хөрөнгө оруулагч тийм их эрсдэл хийж, зориг гарган Оюутолгойд хөрөнгө оруулсных нь хувьд Канадын Роберт Фрейдланд буюу Токсик Боб гэж хочтой бизнесмэнд монголчууд бид “баярлалаа” гэж хэлэх хэрэгтэй. Дараа нь муулна биз. Бобтой би нэлээд олон удаа уулсан.
-Танд Оюутолгойгоос ч том орд байгаа гэж сонссон үнэн үү?
-Хайгуул олборлолтын хувьд бол Монголд Оюутолгой, Тавантолгойтой дүйцэхүйц дөрвөөс, таван төсөл байгааг бид мэднэ. Энэ бол ард түмний баялаг гэж би ойлгодог. Тиймээс цааш нь сайн хөгжүүлнэ дээ.
-Олон овоотыг та яагаад “Жаст групп”-д зарчихсан юм бэ? Танд байсан бол ашигтай биш үү? Үнэхээр өрөө дааж давшгүй болоод зарчихсан юм уу?
-Мэдээж надад байвал ашигтай л даа. Би нийгмийг, хэн нэгэн хувь хүнийг хохироох дургүй. Тийм ч учраас “Жаст групп” ХХК болон орос түншүүдэд нь 130 сая доллараар зарсан. Бас хүмүүсийн хэл ам байна. Бараг л одоо намайг “Өнөөх чинь үхжээ, зайлуул” гэхээс наагуур л ярих юм. Тэгэхээр яршиг энэ хэл амнаас сальяа гэж бодож л зарсан. Монголд анх удаа алтны баяжуулах үйлдвэрийг монгол залуучууд, инженер, техникчид, ажилчид, хайгуулчдын хүчээр хийж босгосон нөр их бүтээн байгуулалт бол яах араггүй Олон овоот. Намайг өргүй гэж ойлгож болно. Гэхдээ манай компаний эцсийн үр дүн юу байна вэ гэхээр хаана ч, ямар ч эрдэс баялгийн үйлдвэр барих, туршлага, ажлын дадлага, боловсон хүчинтэй болсон явдал нь бид нарын ололт. Энэ маань Монголын дараагийн томоохон эрдэс баялгийн уурхайнуудыг ажиллуулж чадах эх суурь юм. “Бороогоулд”-ыг канадууд ажиллуулаад байхад бид яагаад чадахгүй гэж. Монголчууд хийж бүтээж чадаж байгаа шүү дээ. Уул уурхайн компани байгуулахад геологи, хайгуул, өрөмдлөгийн ажилд л гэхэд долоогоос найман жил шаардлагатай байдаг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь ч асар их. Тэгээд энэ бүхнийг шийдсэний эцэст 20 жил үйлдвэрлэл явуулах хүчин чадалтай үйлдвэр бий болдог юм даа. Уул уурхайн онцлог нь том хөрөнгө шаарддаг, их хугацаа, тэвчээр шаарддаг хүнд салбар. Өнгөн дээрээ сонсоход л их сайхан мөнгөний тоо сонсогдоод байдаг боловч хийж бүтээнэ гэдэг бол шал өөр ойлголт байдаг юм шүү дээ.
-“Зоос”, “Анод” банкнаас авсан өр бүгд Олон овоотын уурхайтайгаа “Жаст групп”-д шилжсэн гэсэн үг үү?
-Ш.Батхүү бид найзууд. Олон овоотын алтны нөөц 100-гаад тонн. Тэгээд ч 100 тонн алтаар тэр хэмжээний өр дарах бол асуудал биш. Би бас их үндсэрхэг хүн л дээ. Америк болон гадаадын компаниудаас таван санал ирсэн. 135 саяар зараач гэж. Тухайн үед Ш.Батхүү бид нар бэлэн мөнгөөр зарна гэж ярилцахад Ш.Батхүү зөвшөөрөөгүй. Би “Жаст”-ын дотоод бизнесийн асуудалд оролцох нь утгагүй. Тэд зээлүүдийг эхнээс нь төлж, барагдуулж байгаа байх. 100–гаад тонн алт байна гэдэг бол үйлдвэр босгосон, хайгуул хийсэн зардлын хажууд эдийн засгийн хувьд том юм шүү дээ.
-Таныг Олон овоотын уурхайг хоосон тал дээр хэний ч өмнө нүүр улайхааргүй сайхан үйлдвэр босгосон гэж ярьдаг юм билээ. Хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Говьд биднийг анх очиход мал эмнэлгийн байшин гээд нэг навтгар цагаан байшин л байсан. Говьд, дэд бүтэцгүй газар үйлдвэр байгуулна гэхэд бол хэний ч санаанд багтахгүй. Бороогийнхон үйлдвэртээ 200 сая ам.доллар зарцуулсан гэдэг. Бид 100-аад сая ам.доллар зарцуулсан.
-Банкны өрийн асуудал шийдэгдсэн юм байж. Та ашигласан уурхайддаа нөхөн сэргээлт хэр хийсэн бэ. Нутаг орныхонтой нь хэр эвтэй байдаг вэ?
-Бид байгаль дэлхий ээжийгээ хайрлан хамгаалж явдаг. Тийм болохоор Архангайд хийсэн нөхөн сэргээлтийн талаар хөдөлгөөний тэргүүн Чагнаадорж гуай биднийг явсны дараа хүмүүст “Ингэж нөхөн сэргээлт хийх юм бол бүх нутгаа ашиглуулж, хамтран ажилласан ч яах вэ” гэж хэлсэн байна лээ. Уянга суманд бас нэгэн жижиг талбайд олборлолт хийгээд буцааж өгсөн. Одоо биологийн нөхөн сэргээлтийг нь хийж өгөх ёстой. Гэтэл хажууханд нь 11000 нинжа орсон Өлтийн хөндийд манай компанийг нөхөн сэргээлт хийж өгөөч гэж гуйж байсан. Олборлолт хийсэн газраа нөхөн сэргээх нь монгол иргэн хүний үүрэг. Нөгөө талдаа ёс зүйтэй бизнесийн асуудал. Сүүлийн үед алтны компаниудыг голын ай савд олборлолт хийж голын усны голдирлыг өөрчилж байгаа гэж яриад байгаа гэдэг. Энэ бол худлаа. Шинжлэх ухааны үүднээс судалгаагүй яриа л даа. Хоёрт гэвэл бас нөхөн сэргээлт хийдэггүй алтны компаниуд байгаа. Гуравт нь алт ухдаг хэдэн арван мянган нинжа байна. Тэд бол хэзээ ч нөхөн сэргээлт хийхгүй. Тийм чадваргүй хүмүүс. Тиймээс энэ тал дээр төр засгаас зохицуулалт хийхгүй бол бид хууль, шүүхийн өмнө нинжа ч бай, Ц.Мянганбаяр ч бай адил тэгш үүрэг хүлээх ёстой биздээ. Тийм учраас нинжа нараас улс тодорхой хэмжээний татвар авах ёстой. Хэдийгээр малгүй болсон иргэд үнэхээр алт ухахаас өөр хийх юмгүй, алт ухаж байгаа ч үүнд зохицуулалт л хэрэгтэй. Хөдөө орон нутагт сүүлийн үеийн зудны байдал бол маш хүнд туслаа. Миний харилцдаг Архангай аймгийн Цэнхэр сумаас хаягдал шороон дээрээ ажиллуулаач гэсэн албан бичиг ирсэн. Арга буюу бид нар зөвшөөрч байгаа юм. Малгүй болсон малчид энэ зун юу хийж амь зуух уу, хүүхдээ яаж тэжээхэв, тийм учраас бид зөвшөөрөл өгсөн. Нөхөн сэргээлтийг дараа нь бид өөрсдөө л хийх хэрэгтэй болох байх даа. Нинжа нарыг хаяж болохгүй. Хөдөө явж байхад нинжа нар сумын дарга нарт уурладаг. Төрийн цалин мөнгийг авч тансаглаж амьдардаг байж бид нарыг яаж амьдар гээд байгаа юм гэж. Үнэн л дээ. Тэгэхдээ нинжа нарыг татварын системд хамруулаад, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлүүлээд, нөхөн сэргээлтийг нь хийдэг тусгай компани байгуулах хэрэгтэй гэж би боддог.
-Сүүлийн үед та “Монгол 999+Үндэсний нэгдэл” үндэсний компаний ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Компани болгон нэг нэг сая төгрөг өгч гишүүнээр элссэн. Цаашдаа энэ Монголын ард түмэнд ямар ашигтай юм. Та нэг сайн тайлбарлаад өгөөч ?
-“Монгол газар” ХХК бол “Монгол 999+Үндэсний нэгдэл”-д нэгдэж гишүүнээр орсон л нэг компани нь шүү дээ. Гадаадын гэж хэлэгдээд байгаа дэлхий даяараа мэддэг консерциумыг бид харсан. Бид энэ 11 консерциумтай өрсөлдөнө гэвэл худлаа. Хятадын нүүрсний төрийн өмчит компани “Шинхуа” байна. Энэ ч бас олон нийтийн л компани. Солонгосын компаниудын нэгдэл байна. Энэ чинь цаанаа олон нийтийн компани байдаг. Японы “ТОYOTA” бүгд олон нийтийн компаниудын нэгдэл. Бид энийг маш олон талаас нь ярилцаад Монголын уул уурхайн олон нийтийн компанийг жинхэнэ утгаар нь хийе л гэж энэ ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр Монголын нийгэм маш ядуу байна. Эдийн засаг ядуу байна. Хувь хүний оюун санаа бүр ядуу, өөртөө итгэх итгэлгүй, өдөр хоногийг аргацаасан байдалтай байна. Бид сүүлийн хорин жилд ардчилал, улс төр гэж л их ярьцгаалаа. Тэгээд ч бас манай улсын шинэ нийгмийн бүтээн байгуулалтын хөгжлийн үе шат байсан л даа. Өнөөдөр бол бид Монгол орны эдийн засгийн бодит орлогыг ярих цаг нь болсон байна. Хүн бүхэн, иргэн бүрийн бодит орлогыг нэмэх цаг нь болжээ. Сүүлийн 20 жилд хүмүүсийн, улс төрчдийн сэтгэлгээ бол дан ганцаараа сайхан амьдрах юмсан. Яаж ганцаараа баяжчих уу гэсэн нөгөө л буруу сэтгэлгээгээр явж ирлээ. Хувийн тоглолт давамгайлсан сэтгэлгээ. Үүний эсрэг бид яагаад нэгдэж болдоггүй юм бэ. Солонгос, япончууд олон нийтийн оролцоотой, улс орны ноён нуруу болсон компани байгуулаад болоод байхад бид яагаад болдоггүй юм бэ. Тийм системгүйгээр, эдийн засгийн механизмгүйгээр улс орон хөгжихгүй юм байна гэдгийг 20 жилийн түүх бидэнд харууллаа. Хамгийн наад зах нь нэгдмэл байж чадсанаараа Хятадын Эрээн хотыг харчих. Тэнд олон улсын нисэх онгоцны буудал баригдаж байна. Гэхдээ нэг муу зүйл нь Хятад бүх химийн хортой үйлдвэрүүдээ Эрээн рүү татаж байна. Энэ бол манайхны л тэнэг байдлын үр дүн. Тийм учраас л “Монгол 999+Үндэсний нэгдэл“-ийг байгуулах шаардлагатай байгаа юм. Бид ерөөсөө Монголчуудаа хооронд нь ялгах шаардлагагүй. Тэр баян байна уу, ядуу байна уу, мөнгөтэй байна үгүй юу, хамаагүй. “Монгол 999+ Үндэсний нэгдэл” –д хүн бүхэн тэгш эрхтэй оролцоно.
-ТУЗ-ийн даргыг яагаад Ажнайн Бат-Эрдэнээр сонгосон юм бэ? Уг нь Ч.Энхтайван нэгээр гарч ирсэн гээ биз дээ?
-Бат-Эрдэнэ жижиг таван толгойг ажиллуулдаг Монгол бизнесмэн шүү дээ. Тэнд хувьцаа эзэмшдэг. ТУЗ-ийн дарга хүн. Олон жил нүүрсний салбартай зууралдсан туршлага байна. Тэгээд ч өнгөрсөн жилийн хугацаанд тэдний компаний нэгж хувьцаа нь 55000 төгрөг болоод борлогдож байна. Монголд нэгж хувьцаа нь 55000 төгрөг болж тараасан нэг ч компани байхгүй шүү дээ.
Харин Ч.Энхтайваны хувьд түүнийг шудрага, үндсэрхэг, эх оронч үзэлтэй болохоор компанийн гишүүд үнэлж, хүндэлж олон санал өгсөн байх. ТУЗ-ын даргад өөрөө нэрээ дэвшүүлээгүй юм.
Гол нь Монголын иргэн бүрт таван толгойн ашгийг хүртээмээр байна шүү дээ. “Монгол 999” компаний гол гурван зорилт бий. Нэгд нь Монгол улсын иргэн бүрийг өөртөө итгэх итгэлтэй болгох. Хоёрт нь Монголчуудын үндэсний эв нэгдлийг хангах. Эв нэгдэл зайлшгүй чухал байна. Гуравт нь Иргэн бүрийг бодит орлоготой болгох. Энэ гурван зүйлийг л зорилт болгож “Монгол 999” байгуулагдсан. Монголчууд маань сардаа хамгийн багаар бодоход нэг сая төгрөгийн цалинтай байх хэрэгтэй байна. Хэрвээ Монголчуудын сарын орлого доод тал нь нэг сая төгрөг болох юм бол бид энэ утааны асуудлыг, хүүхдүүдийнхээ боловсролын асуудлыг, эрүүл мэнд зэрэг олон асуудлыг шийдэж чадна. Хамгийн гол нь нийгэм өөрөө эрүүлжиж, төлөвшинө. Яагаад гэхээр цалин орлоготой, тэр нь амьдралдаа хүрэлцэхүйц хэмжээнд байгаа үед хүн үүргээ ухамсарлаж, нийгмийнхээ өмнө хариуцлагатай ханддаг юм. Үүргээ ухамсарласан, хариуцлагатай иргэн хүн хууль цааз, төр засгаа хүндлэн дээдэлдэг. Тэр үед бид ардчилал Монголд бүрэн утгаараа хэрэгжиж байна гэж хэлж болно. Үгүй ядаж ард түмэн өөртөө итгэх итгэлтэй, хариуцлагатай болно. Тийм учраас ард түний эрх ашиг хамгийн нэгдүгээрт байх ёстой гэж үзэж байгаа. Монгол хүн болгон ингэж л боддог. Гэхдээ хийдэггүй. Харин “Монгол 999” бол хийх ажлын эхлэл. Та сэтгүүлч хүн. Сард доод тал нь нэг сая төгрөгийн орлоготой байвал наад зах нь дуртай сайхан брэндийнхээ дэлгүүрт ороод дуртай хувцсаа авч болно. Та болон танай гэр бүл сэтгэл хангалуун амьдрах болно. Бодитоор хийхгүй байж мянган ардчилал яриад, УИХ нь мянган хууль батлаад ямар ч хэрэггүй. Гэхдээ зах зээлийн эдийн засагт зайлшгүй төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх хэрэгтэй юм.
Хятад болон Япончууд эдийн засгийн хямралын үед төрөөс компаниуд болон ард түмнийхээ амьдралыг дэмжиж байна. Энэ нь эргээд эдийн засагт өсөлт авч ирдэг. Хятадын банкируудтай уулзаж байхад тэд “Бид нэг тариачиндаа жилд 10000 юаны зээл өгөөд 10000 юань маань 18000 юань болоод ороод л ирдэг юм аа. Бид жилийн 1.2 хувийн хүүтэй зээлдэг. Жилийн 1.2 хувийн хүү гэдэг бол санхүүгийн хувьд байж боломгүй хүү. Гэхдээ тэр маань улс орны эдийн засагт 8 хувийн өсөлтийг хангаж байдаг гэж ярьж байсан. Гадагшаа экспортлож байгаад нь 17 хувийн хөнгөлөлт өгдөг гэж байна. Энэ бол төрийн зохицуулалттай эдийн засаг юм. Ингэж хослох нь зөв. Өнөөдөр манай энгийн иргэд “Монгол 999”-ийн учрыг сайн ойлгохгүй байгаа байх. Гэхдээ хамгийн гол нь бидэнд нэгдэн нийлж их үйл бүтээх явдал үгүйлэгдэж байсны илэрэл болж олон хүн биднийг талархан дэмжиж байгаа. Бид ард түмэндээ тэгш эрхтэйгээр, хүн бүхэнд ногдол ашгийн хувиарлалт өгнө гэж хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон. Монгол хүн бүхэнд ногдол ашгийн хувиарлалтыг хувьцааны хэлбэрээр өгье гэж байгаа юм. Таван толгой үндсэн хуулиараа бол ард түмний өмч шүү дээ. Тийм болохоор ард түмэнд өмчийг нь хувиарлаж өгөх гэж байгаа л асуудал. Хардах хэрэггүй. Яаж зөв эргэлтэнд оруулж ард түмэнд ногдол ашгийг нь өгөх үү гэдэг л асуудал. Гадаадын нэг баян компани аваад баяжаад байвал ард түмэнд юу үлдэх юм бэ. Тэд л сайхан амьдраад, баяжаад байна. Гэтэл Монголын ард түмэн зөвхөн үүнээс орж ирэх татвараар 50 жил, 60 жил яаж амьдрах вэ. Энэ баялаг ард түмний өмч учраас эзэд нь өмчдөө ингэж хандаж, эзэд нь ингэтлээ ядуу амьдарч болохгүй. Бэлэн мөнгө өгөхөөр үрээд хаячихдаг траншейны хүнд бусдад зарж болохгүй алтан хувьцаа өгье л дөө. Тэгээд жилдээ ногдол ашиг гээд иргэн болгон 10-20 сая төгрөг авчихдаг байя. Ийм бололцоо байгаа байхгүй юу. Ард түмэн үндэсний компаниараа дамжуулж байгалын баялагаасаа ногдол ашиг хүртэж түүгээрээ чинээлэг амьдралтай болох болохоос, гадны компанийн татвараар лав биш.
-Энэ их хөрөнгө тэгээд дан ганц “Таван толгой”-гоос гарах юм уу?
-Мэдээж одоо ордууд дээр гадныхнаас дутахгүй хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Монголчууд бид дэлхийн шилдэг техник, технологитой нүүрсний уурхай, цахилгаан станц, үйлдвэр байгуулна. Хамгийн наад зах нь моргейжийн зээлээр орон сууцны зээл өгнө гэнэ. Тэр моргейжийн хууль чинь ард түмэн нь ядуу байхад хэзээ ч биелэхгүй ш дээ. Энийг улс төрчид сайн мэдэж байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт 20 компани МҮХАҮТ–ийн дарга С. Дэмбэрэлээр ахлуулж ерөнхий сайдад өөрсдийн бизнес төлөвлөгөөгөө өргөн барьсан. Ерөнхий сайд хэн аль Монголын ард түмэнд ашигтайд нь өгнө гэж байна лээ?
-Тийм тэр 20-д миний олон сайхан найз бий л даа. Би тэднийг маш сайн бизнесмэн гэдгийг мэднэ. Заримдаа гадаадынхны явуулга ч юм уу гэж харагдаж болно. Хамгийн гол нь монголчуудад эв нэгдэл чухал байна. Тэд нарыг муу хэлэхгүй. Миний ард түмэнд ашигтай л юм хийж байвал баяр хүргэхээс яахав дээ.
-Таван толгойд 500 сая ам.доллар хэрэгтэй гэдэг. Нөгөө 20 болохоороо бид өөрсдөө мөнгөө гаргачихаж чадна гэж байгаа. Танайх болохоороо ард түмнийхээ дэмжлэгтэйгээр мөнгө босгоно гэж байгаа. Ингэж хоорондоо өрсөлдөж байхаар нийлээд хөрөнгөө босговол болдоггүй юм уу?
-“Монгол 999”-ийг мөнгөгүй ч гэдэг юм уу, мөнгө босгож чадахгүй гэж ойлгоод байх шиг байна. Монголын ард түмнийг тэгж басамжилж болохгүй ш тээ. Манайх бол олон нийтийн нээлттэй компани. Тэр 20 манайд нэгдэж орж яагаад болохгүй гэж, бид нээлттэй л байгаа. Бид нээлттэй замаараа л явж байгаа. Тэдэнтэй бид өрсөлдөөгүй. Бид адилхан л монгол хүмүүс. Хамгийн чухал нь “Таван толгой”-н баялаг монголдоо л шингэх ёстой. Үүнээс биш бид гадны компаниудын татвараар амьдардаг орон хэзээч болж болохгүй биз дээ. Ногдол ашиг нь Солонгос ч юм уу, Канад руу гараад бид энд зөвхөн татвар аваад суувал монгол хэзээ ч хөгжихгүй. Ийм замаар аль ч улс орон хөгжиж байсан түүх байхгүй. Бид 20 жил гадныханд нээлттэй байлаа. Гэтэл өнөөдөр захын гэр хорооллын айлууд ёотонгоо хувааж авдаг. Ургамлын тосоо вакусны шилэнд савалж авдаг. Хөдөө малчид маань малгүй болчихсон ийм байхад “уучлаарай” монголчууд ядарч байна гэж яагаад хэлж болдоггүй юм бэ.
–Таван толгойг ирээдүйн хүүхдүүдийн талх гэлцдэг. Энэ орд 2.7 сая монголчуудыг хэдэн жил тэжээх вэ?
-Хуучин социализмын үеийн тооцоогоор бол “таван толгой”-н уурхай ашиглалтанд орсноор монголчуудыг 200 жил тэжээнэ гэж. Ачаалал ихтэй үед багаар бодоод жилд 60 сая тонн нүүрс гаргалаа гэхэд Хятадын төмөр зам ачааллаа дийлэх үү гэдэг асуудал л гарна тийм л том орд шүү дээ.
-Таван тогойг олон хуваана гээд байгаа . Ингэж болдог юм уу?
-Тэр болохгүй. Бид хэдий чинээ олон хуваана орд маань өөрөө үнэгүйднэ гэсэн үг. 50 хүртлэх хувиар үнэ нь унана гэсэн үг. 1-4р пласдаа чанар муутай нүүрс байдаг. 8,10,6-р пластыг 1-4-р пласттай хольж байж тавдугаар пластын чанартай нүүрс зарах хэрэгтэй. Олон хувааж болохгүй. Тийм учраас хуваах тухай ярьж байгаа гадна дотныхонд “уучлаарай” гэж хэлэх хэрэгтэй. Ордын зүй тогтол гэж нэг юм байна шүү дээ.
-Ерөнхийлөгч хэлэхдээ нүүрсээ хурдан эргэлтэнд оруулж ойрын 15 жилдээ ашиглахгүй бол нүүрсний хэрэглээ дэлхийн зах зээл дээр унах аюултай цаашлаад хэрэглэхгүй болох аюултай болож мэднэ гэж байсан. Гэтэл бид 200 жил зарж иднэ гээд байдаг?
-Нүүрсний үнийн өсөлт 30 жилийн үе шаттай байдаг. Хятадын эдийн засгийн өсөлтийг бид 50-60 жилээр харах болов уу гэж бодож байна. Эцсийн эцэст эрчим хүч гэдэг бол хамгийн чухал хэрэглээ учраас хамаагүй тэгж унана гэж байхгүй. Үүгээр дамжуулаад Монголын олон олон компаниуд маань, хүмүүсийн хэлээд байгаагаар бол түц шиг жижигхэн компаниуд маань ногдол ашгийнхаа үр дүнд олон олон ажлын байруудыг бий болгох юм.
-Таныг алтны магнат гэдэг нэр хэзээнээс дагалдах болсон бэ?
-Манай компанид алтны олон ордууд бий л дээ. Тэгээд л алтны магнат гэж нэрлэсэн юм байлгүй дээ. Би Монгол хүн болохоор бурханы шашинаа шүтдэг. “Амар баясгалант” хийд болон олон хийдүүдийн бурхадыг алтадсан. Мөн олон зуун өнчин хүүхдүүдийг хувцаслаж, байнга хооллож ундалдаг. Хүүхэд их хөөрхөн л дөө. Хоёр настай хүүхэд ч гэсэн очоод өөртөө таалагдаж байгаа хувцасаа авчихдаг юм билээ. Багшид нь мөнгийг нь өгчихвөл форм шиг болгочихдог. Залуучуудын хувьд гэвэл би Камертон болон олон зохиолын дуучид, хамтлагийг дэмжиж ирлээ. Нийгмийн төлөө, залуусын төлөө миний хийсэн, дэмжсэн ажил их бий. Би өөрөө дуу хуурт дуртай. Одоо яг өнөөдөр С.Жавхлангийн дуун дээр гардаг шиг болно доо болно гэж амьдарч болохгүй л байна даа.
-Монголын дизайнеруудын холбооны ТУЗ-ийн дарга хийдэг. Хэн топ болох нь Ц.Мянганбаярын үзэмжээс шалтгаалдаг гэдэг юм билээ. Таны нөлөөлөл ер нь их үү?
-Сүүлийн 10 гаруй жил олон түмний шоу , тэмцээнүүдийг ивээн тэтгэж дэмжиж ирсэн. Тиймээс ч харьцангуй загварын ертөнц их нэр хүндтэй болсон. Хаана ч хэзээч би шударга зан чанараа гээдэггүй. Хэн нь топ модель болох нь ур чадвар, үнэлгээ, наадмын нүүр царай, хөдөлмөрч, даруухан, ажилд идэвхитэй оролцсон зэргийг нь шүүгчид харгалзаж үзээд шалгаруулдаг байх. Топ моделийн шалгаруулалтанд миний оролцоо байдаггүй.
-Таныг мөнгөтэй болохоор хүмүүс зусардаж, буруу зүйлийг нь зөв гэдэгч ч юм уу? Зусарддаг л байх. Үүнийг та хэр мэдэрдэг вэ? Долигноод байх нь танд ямар санагддаг вэ?
-Одоо ер нь монголын нийгэмд сайн ч явж болдоггүй, муу ч явж болдоггүй цаг болсон байна . Сайн явахаар “энэ муу” гээд нүд үзүүрлээд байна, муу явахаар дээрэлхээд. Намайг бүүр арай дэндүү, “дохтой” гэж доромжилж байсан. Хүн муу хэлүүлснээр амь нас бөхждөг гэдэг/инээв/. Харин хий хоосон магтаад байхад надад эвгүй санагддаг.
-Таныг мисс Ариунцэцэгтэй суугаад Хайрмаа гэдэг охинтой болсон гэсэн. Гэхдээ та их олон бүсгүйчүүдтэй нэр холбогдох юм аа?
-Би бусад залуучууд шиг жирийн л нэг залуу. Миний амьдрал, хувь хүний амьдрал хэнд ч хүртээлгүй байдаг учраас тийм ч байгаасай л гэж боддог.
Ер нь би хувийнхаа амьдралд их хайхрамжгүй ханддаг юм байна. Ажил ажил гэж явсаар байгаад. Энэ миний алдаа л даа.
Л.Оюу