Банкуудад төлбөр тооцооны нэгдсэн сүлжээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Банкуудад төлбөр тооцооны нэгдсэн сүлжээ нэвтрүүлнэ

Монголбанк  ХААН Банк, Худалдаа хөгжлийн банктай картын төлбөр тооцооны нэгдсэн сүлжээ нэвтрүүлэх талаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг нэгдсэн сүлжээний туршилтыг энэ  сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн ба ирэх сарын 16-ны өдөр албан ёсоор нээх аж. Эхний ээлжинд ХААН Банк, Худалдаа хөгжлийн банкны сүлжээ картын клирингт оролцох бөгөөд энэ онд багтаж Голомт банкны сүлжээг нэгтгэнэ.

ХААН Банк, Худалдаа хөгжлийн банкуудын хувьд нийт гүйлгээний тоогоороо картын зах зээлийн 70 хувийг эзэлдэг юм байна. Картын клиринг нэвтэрснээр “Нэг ПОС-Аль ч банкны карт”, “Нэг АТМ-Аль ч банкны карт” гэсэн зарчимд орно. Өөрөөр хэлбэл, карт эзэмшигч аль ч банкны салбар, АТМ төхөөрөмж, Картаар үйлчлэгч байгууллага /ПОС терминал/ дээр үйлчлүүлэх боломж нээгдэх юм. Түүнчлэн Үндэсний банк хоорондын төлбөрийн картын сүлжээ бий болсноор картын гүйлгээний урсгалаа дотооддоо хадгалагдах нөхцөл бүрдэж,  үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх эдийн засгийн эерэг үр дагаврыг авчрах ажээ. Монгол Улсад 2009 оны сүүлийн хагас жилийн байдлаар карт эзэмшигчдийн тоо хоёр сая орчим, идэвхтэй ашиглагчид 476 мянгад хүрсэн байна. Нийт карт эзэмшигчийн  27, нийт карт идэвхитэй ашиглагчдын 32 хувь нь хөдөө орон нутагт байдаг гэнэ. Мөн төлбөрийн картаар 818 тэрбум төгрөгийн 11 сая ширхэг гүйлгээ хийгдэж байжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж