Д.Дорлигжав: Надад улстөржсөн хандлага байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: Надад улстөржсөн хандлага байхгүй

Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжавтай ярилцлаа. Өмнөх ажлаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгад хүлээлгэн өгөх, шинэ ажлаа авахын завсарт түүнтэй уулзсан юм.

-Шинэ албанд очиж байгаад баяр хүргэе. Ажлаа юунаас эхлэх бодолтой байгаа вэ?

-Баярлалаа. Хамт олонтойгоо танилцах, ажлын явц байдалтай танилцах, өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх, цаашид яахаа төлөвлөх гээд ажлууд байна. Эндээс л шинэ ажил эхэлнэ дээ. Одоо /өчигдөр/ 14.00 цагт шинэ ажил дээрээ очих гэж байна. Гучхан минут үлдлээ. Тэгээд төрийн тамга хүлээлцэх ёслол болно. Энэ бол жирийн нэг ажлын тамга биш. Төрийн тамга түшдэг алба учраас хүндэтгэлтэй байх ёстой. Очоод хийхээр бодож төлөвлөж байгаа зүйл олон байна.

-Төрийн ажил завсаргүй байдаг. Тамгаа аваад л ажлаа эхлэх үү?

-Мэдээж хэрэг завсаргүй ажил учраас хүлээж байгаа ажлуудаа амжуулахаас өгсүүлээд хийх зүйл мундахгүй. Одоо ингээд л бужигнаад эхлэх байх. Ажил хариуцаж байгаа хүмүүстэйгээ уулзаж ямар ажил тулгамдаж байгааг эхлээд сонсоно доо.

-Прокурор бол нэлээд чанд хатуу, хаалттай газар. Танаас гол хүлээж байгаа зүйл бол түүнийг задалж, шинэчлэх байх гэсэн иргэдийн найдвар гэж хэлж болно?

-Байдалтай газар дээр нь очиж танилцаад үзэхээр бас өөр бодол санаа төрнө л дөө. Тэгэхээр одоо шууд хэлэх эрт байна. Хажуугаар нь цаг үеийн ажил гэж бий. Энэ байгууллагын ажлыг одоо байгаагаас нь ахиулаасай гэж хүмүүсийн итгэж хүлээж байгаа итгэлийг биелүүлэхэд чадах бүхнээ хийхээр бодож байна.

-Өмнөх ерөнхий прокурорыг тийм ч сайн ажиллаагүй гэж өөрчилсөн. Та яг юуг нь засч залруулж ажиллах вэ?

-Түрүүчийн ерөнхий прокурор М.Алтанхуяг хүсэлтээрээ өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бодож байгаагаар хуулийн байгууллагын үйл ажиллагаа хүмүүсийн нүдэн дээр ил байдаг. Магадгүй өөрсдөө тийм их ил явдгаа анзаардаггүй байж мэдэх л юм. Хүн болгон л хууль, шүүхийн байгууллагын талаар өөр өөрийн үнэлэлт дүгнэлттэй явдаг. Ганц прокурор ч биш, хуулийн байгууллагын талаар өнөөгийн нийгмийн үнэлгээ сайнгүй байгаа. Үүнийг би мэдэж, мэдэрч байгаа. Иргэдийн сэтгэлийг нааш эргүүлэх, тэдний сэтгэлд хүрч ажиллах хэмжээний ажил хийх шаардлагатай. Нөгөө талаас ганцхан прокурорын байгууллагад шинэчлэлт хийснээр хуулийн бүх юмыг сайн сайхан болгохгүй. Цаана нь мөрдөн байцаах байгууллага, Авлигатай тэмцэх газар, шүүх, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар гээд олон байгууллага бий. Цогцоороо нэгдэж шинэчлэгдэж байж иргэдийн сэтгэлд нийцнэ шүү дээ.

-Прокурор бол цагдаа, шүүхийн байгууллагад хяналт тавьж ажилладаг. Тэдгээр газрын үйл ажиллагаа нэлээд доголдолтой байгаа. Тэгээд ч жирийн иргэдээс хаалттай байдаг.  Түүнийг задлах талаар юу хийх вэ?

-Мэдээжийн хэрэг, прокурор хүн прокурор шиг байж, прокурорынхоо байр суурин дээр ажиллах ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шүүхийн хяналт, мөрдөн байцаах хяналт, шүүхийн шийдвэр биелүүлэх хяналт гээд албан үүргийнхээ дагуу тавих ёстой бүх хяналтаа прокурорын байр сууринаас зарчимчаар тавьж чаддаг байх үүрэгтэй. Тэдний үйл ажиллагаанд, тэр байгууллагууд дээр хууль зөрчсөн, буруу зөрүү үйлдэл хэрэв илэрвэл, иргэдийн сэтгэлд хүрэхгүй зүйл гарвал тэр бүгдийг прокурор арилгах ёстой гэж үзэж байгаа.

-Прокурор тэгэхээр хатуу байх ёстой юу?

-Тэгэлгүй яахав. Прокурор хуулийн дагуу маш хатуу ажиллах ёстой. Зарчмаа бариад л ажиллах ёстой. Шүүх хурлын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байна уу, үгүй юү гэдэг дээр прокурор хяналт тавьж байх ёстой. Энэ дээр ямар нэг найраа байх ёсгүй. Мөрдөн байцаах үйл ажиллагаа байна. Ялгаа байхгүй. Мөрдөн байцаах үйл ажиллагаан дээр хуулийн хяналтыг маш хатуу тавьдаг байх ёстой. Ерөөсөө хүнийг мөрдөж шалгаж байгаа тохиолдолд хуулийн завхрал гарч байна уу, үгүй юү. Мөрдөн байцаагч завхрал гаргаж байлаа гэхэд прокурор  үүнийг нөгөө талаас нь барьж байдаг тийм л байгууллага. Энэ бүхэн дээр прокурор хүн прокурор шиг байх ёстой гэж хэлээд байгаа маань тэр. Ийм байсан тохиолдолд ажил дорхноо цэгцрээд явах ёстой.

-Хөндлөнгөөс харахад яг юу нь болохгүй харагддаг вэ?

-Юм юм л харагддаг. Гээндээ ч бий. Гоондоо ч бий гэдэг дээ. Прокурортоо ч бий, бусдад нь ч бий. Нийгмийн сөрөг үзэгдэл бараг энгийн үзэгдэл шиг болтлоо газар авч хүмүүс үүнд дассан байна. Энэ бүхэн хууль бус үзэгдэл газар авах таатай сайхан хөрс бий болгож байна. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд ч том өөрчлөлт болох ёстой л гэж үзэж байгаа.
-Шинэ ажилд очсон хүн өөрийн багийг бүрдүүлнэ гэж байгууллагыг бужигнуулдаг болсон. Магадгүй прокурорынхон таныг ирээд бас тэгэх болов уу гэж эмээж  байж ч мэднэ. Энэ тал дээр та яаж ажиллах бол. Шуудхан асуувал та УЕПГ-т халаа сэлгээ оруулах уу?

-Хуулийн дагуу ажлаа хийж байгаа, тэгж ажиллаж байгаа, сайн ажиллаж байгаа ажилтны хувьд ямар нэг айх асуудал байхгүй. Тэд ажлаа л хийнэ. Харин ч шаардлагатай гэвэл би дэмжиж тусална. Хууль зөрчсөн, прокурорын байр суурь дээрээ байж чадаагүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тийм хүмүүсийн талаар тодорхой нотлох баримт, тодорхой асуудал гарч ирэх юм бол харин найр тавихгүй. Би УИХ-аар энэ ажилд томилогдмогцоо тэр тухайгаа хэлсэн. Үнэхээр найраа байхгүй.

-Таныг улс төрийн үүднээс ажилд хандах вий. Улс төрийн үнэлэмжээр асуудалд хандах вий гэсэн болгоомжлол байгаа нь нууц биш. УИХ дээр ч зарим гишүүнээс ийм хандлага гарах нь ажиглагдсан. Та энэ талаар ямар зарчим барих вэ?

-Харж л байхгүй юү гэж хэлье. Надад тийм улстөржсөн хандлага байхгүй ээ. Миний яаж ажиллахыг харж байтал ойлгомжтой болно биз дээ.

-Цагдаа, шүүх, прокурорын байгууллага заавал хаалттай ажиллах номтой юу?

-Эдгээр байгууллагад  хаах нуух юм бас байдаг юм аа. Хуулиараа ч тэр. Ажил төрлийн онцлогоосоо ч болоод тэр. Тийм юм бий. Нээлттэй байгаа нь энэ гээд хамаг юмаа дэлгээд сууж байж таарахгүй. Харин хүмүүст нээлттэй байж болох, хүмүүст мэдээлж болох бүх зүйл ил байх ёстой. Ийм зарчмаар ч ажиллах болно.
-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхад Ерөнхийлөгч эрх зүйн хүрээнд шинэчлэлт хийхээ зарласан. Үүнийг шинэ ажилдаа мөрдөж ажиллах байх. Чухам юуг энэ салбарт хийх вэ?

-Тэгэлгүй яахав, Ерөнхийлөгчийн санаачилсан шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Бараг 20 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж эрх зүйн шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх юм билээ. Эдгээр хууль нь шүүн таслах үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиглэлээр хуулийн салбарыг тэр чигт нь хамарсан, хоорондоо нарийн уялдаа холбоотой тийм зүйл. Прокурор, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар, шүүх, мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар гээд бүх байгууллагатай холбоотой хуулиуд. Эднийг салгаж авч үзэх аргагүй. Бүгдээрээ нийлж байж цогц болно. Бүхэлд нь, хооронд нь уялдуулж авч үзэж байж л эрх зүйн бүрэн шинэчлэлт болно доо. Ажилдаа орж байгаад энэ бүхнийг авч үзэх болно.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж