
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намынхан хуралдаж намын дарга Т.Бат-Эрдэнийг огцруулаад намын хуучин дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг эргүүлж сонгожээ. Тус дүүрэгт ҮЗХ-ны гишүүнээр Н.Соёмбобаатарыг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг сонгожээ. Аль аль нь МоАХ фракцийн төлөөлөл. Ингэснээр ротацийн сонгуулийн давхцуулж хийсэн Т.Бат-Эрдэнийн талынхан тэндээс ерөнхийдөө шахагдсан байна. Хан-Уул дүүрэгт МоАХ, алтангадасчууд талцан давхар сонгууль хийж дүүргийн Засаг дарга, Ардчилсан намын дүүргийн хорооны экс дарга Ж.Ганхуяг, одоогийн дарга Б.Ариунболд нар сөргөлдөн сонгуульдсан. Ингээд Гүйцэтгэх зөвлөлд Д.Галсан, ҮЗХ-д дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг сонгожээ.
Баянзүрх дүүрэгт мөн л Ардчилсан намын гол хоёр фракц талцан үзэлцсээр С.Зоригтбаатарыг дүүргийн намын даргаар сонгожээ. Гэвч хуучин дарга Т.Мөнхбаатар хүчээр түрэн суудлаа тавьж өгөлгүй гацаасан. Тус дүүргээс ҮЗХ-д сэтгүүлч С.Наранбаатар, дүүргийн намын дарга С.Зоригтбаатар, С.Үнэн, О.Цэлмэг, Г.Энх-Амгалан нар сонгогджээ.
Харин Дархан-Уул аймагт тус аймгийн Ардчилсан намын огцорсон дарга Б.Мягмардаш, шинэ дарга Ж.Батболд хоёр гишүүдээ хуваан тус тусдаа сонгуульджээ. Ийм маапааны улмаас гишүүд хэнийг даргаа гэх, аль сонгууль нь зөв болохыг ойлгохоо больж улмаар намынхаа төв байранд суулт зарласан хэрэг.
Үүнийг Ардчилсан намын удирдлага өөрсдөөсөө хол хөндийн хүлээж авсан юм. Тэд “намын Хяналтын хороо хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Бид мэдэхгүй” гэсэн байр сууринаас хандсан. Хэдийгээр Ардчилсан намын ҮЗХ хуралдаж ротацийн дүнг эцэслэн баталсан ч эсэргүүцэл зарласан гишүүд бууж өгөөгүй. Тэдний хүлээсэн Хяналтын хорооны хурал өнгөрсөн пүрэв гаригт болов. Гэвч хүлээж авах бүү хэл, ойлгоход хэцүү шийдвэрийг Хяналтын хороо гаргажээ.
Хяналтын хорооноос гаргасан шийдвэрээр бол Ардчилсан намын дүрмийн 6.2-т заасны дагуу маргаантай асуудлыг эвлэрлийн журмаар шийдэж болдог ажээ. Энэ дагуу давхар сонгууль хийж бантан хутгасан дунд шатны намын байгууллагуудад маргаантай асуудлыг буцаахаар болжээ. Тэдэнд дотооддоо асуудлаа шийдэж, эвлэрэх ярилцах нэг сарын хугацааг Хяналтын хорооноос өгсөн байна. Эвлэрэлд хүрч ярилцахад намын удирдлагууд Хяналтын хорооныхон хүч хавсрах гэнэ. Хэрэв маргаанаа энэ замаар шийдэж чадахгүй бол будилаантай аймаг, дүүргүүдийн Ардчилсан намын гишүүдийн санал асуулгаар шийднэ гэж Хяналтын хорооныхон үзсэн байна. Энэ ойлгомж муутай шийдвэрийг суулт зарласан гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэжээ.
Салахдаа тулсан эхнэр, нөхөр хоёрын эвлэрэх эсэхийг харах гэж шүүхээс нэг сарын хугацаа өгдөг шиг түнжин муудсан фракцуудын зүй зохисоо олохыг хүлээж Ардчилсан намын Хяналтын хороо нэг сар ажиглах юм байна. Нэдэр дээрээ Ардчилсан намын Хяналтын хороо өөрөө өнгөрсөн хугацаанд ротацийн сонгуулийн маргаан будилааны учрыг тайлах ажлаа хийгээгүй нь сая илэрсэн. Дотоод журам тааруу, дэд хороод ч байхгүй, тэднийг даргалах хүн ч үгүй явж байгаад суулт зарласан гишүүдийнхээ шахалтад орон байж журам дүрэм, дарга цэрэгтэй болж аваад одоо л нэг сонгуулийн будилааны шалтгааныг олох ажилдаа орохоор боллоо.
Тэгээд маапааныг судлах хугацаа гаргаж авах гэхдээ арга зохиож “Гэр бүл”-ийн хуулирхуу зүйл гаргаатхаж. Зэрэгцээ сонгууль явуулсан МоАХ, Алтангадас фракцууддаа зориулж “нэг сарын дотор хэл амаа ололцож эвлэрч зохицох аргаа хайна уу. Өөрсдөө зохицоод эвлэрчихвэл сайн байна. Эс бол намынхаа дарга, лидерүүдтэй хавсарч байгаад эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй арга олъё доо” гэсэн маягийн шийдвэр гаргаад нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болгож орхижээ.
Ардчилсан намын “Гэр бүл”-ийн хуулиар эвлэрэх хугацаа авсан МоАХ, Алтангадас эвээ олох эсэх нь эргэлзээтэй. Хяналтын хороо хоёр тийш болохдоо тулсан эхнэр нөхрийг шүүхээс харзнадаг шиг харгалзангаа аль талынх нь зөв , хэнийх нь буруу болохыг олох бүтэн сарын аянд мордох нь тодорхой боллоо. Сарын дараа маргаантай тойргуудын Ардчилсан намынхан эвлэрэх үү, дахин сонгуульдах уу гэдгийг харах үлдэв бололтой. Учир нь олдлоо гэхэд бүрэн эрхээ эдлээд эхэлсэн ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд харин суудлаа сайн дураараа тавьж өгөх болов уу?
Д.ОЮУНЦЭЦЭГ