
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын төсвийн 2010 оны төсвийн тодотгол болон төсөв, санхүүтэй холбогдсон бусад олон эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэлж буй үед энэ уулзалт болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Эдгээр асуудлын талаархи Та бүхний байр суурийг сонсоход таатай байх болно.
Энд хүрэлцэн ирсэн Та бүхний хүчин чармайлт, түүний үр дүнд манай Засгийн газраас Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд бидэнд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Үнэндээ бид хамтын хүчээр өнөөгийн хүндрэлийг давж байна.
Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр эхний оны 4 сард манай эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,6 хувиар өслөө. Монгол Улсын үндэсний орлого, экспортын зонхилох хувийг эзэлдэг байгалийн баялаг, түүнчлэн ноолуур зэрэг мал аж ахуйн түүхий эдийн үнэ, ханш харьцангуй хурдан сэргэж байгаа нь бидэнд өөдрөг сэтгэгдэл төрүүлж байна. Уул уурхай болон бусад зарим салбарын өсөлтийг дагаж эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засагт бүхэлдээ эерэг өөрчлөлт гарах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ бидэнд анхаарал татсан олон асуудал байна. Эдийн засгийн ерөнхий сэргэлт, мах, сүүний улирлын чанартай хомсдол, цахилгаан, дулааны үнийн өсөлт зэрэг нь инфляци нэмэгдүүлэх дарамт үзүүлж байна. Энэ жил нар хур тэгширсэн сайхан зун болж, мах, сүү, тариа ногооны хангамж сайжирч, үнэ ханш тогтворжих байх гэж найдаж байна.
Ажил хөдөлмөр эрхлэлт жигд сэргээгүй, ядуурал буурч чадаагүй, үүнээс үүдэн нийгмийн байдал тогтворгүй байгааг Та бүхэн сайн мэднэ. Мал ихээр хорогдсон аймгуудад олон иргэд амьдралын эх үүсвэргүй, ажилгүй боллоо. Барилга, түүнийг тойрсон салбарыг уналтаас гаргах арга ухаанаа олоогүй байна. Энэ салбарт банкны ихээхэн хөрөнгө түгжигдсэн хэвээр байгаа. Банкуудын зээлийн чанарт үнэлгээ хийж, зээл төлүүлэх, банкны салбар дахь ажил, үйлчилгээний өртөг зардлыг хямдруулах, тэдний дотоод хяналтыг эрс сайжруулах, чадавхийг нь дээшлүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байгааг тэмдэглээд цалин, тэтгэврийг нэмэх, ядуу амьдралтай, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2010 оны тодотгосон төсөвт тусгах шаардлагатай байна. Гэхдээ төсвийн байдалд тавих хяналтыг чантгатгаж, инфляци, Засгийн газрын өр төлбөр, төсвийн алдагдлыг хяналтаас гаргахгүй байх талаар УИХ холбогдох арга хэмжээ авах болно гэлээ. Уулзалт-семинар дээр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган “Инфляци:-Шалтгаан, хөдөлгөгч хүчин зүйлс ба үр дагавар”, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Стивен Барнет “Мөнгөний бодлого ба инфляци”, тус сангийн эдийн засагч Ян Готсчок “Төсвийн бодлогын хувилбарууд ба тэдгээрийн макро эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Уулзалт-семинарт УИХ-ын зарим гишүүд, банк, санхүүгийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтэн судлаачид оролцож, санал бодлоо солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.