
“Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Японы соёл урлагийн анхдугаар наадам”-ыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ сарын 22, 23-нд “АСА” циркэд болох тус наадам нь Япон-Монгол хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэх, Японы соёлыг Монголын ард түмэнд танилцуулах, харилцан туршлага солилцох, монгол моделуудыг Японы рекламны орон зайд таниулан сурталчлах зэрэг өргөн ач холбогдолтой юм байна. Япон, Монголын элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй наадмын хөтөлбөрт Японоос 100 гаруй төлөөлөгч оролцож, үндэсний бүжиг, бөмбөр, кимоно шоу, эртний тулааны сэлмийн урлаг, каратэгийн үзүүлбэр сонирхуулах аж. Наадамд “Шилмэл загвар”-ын агентлагийн үзүүлбэр, Монгол, Японы үсчин гоо сайхан, загварын шоу багтсан тул та бүхэн ирэх амралтын өдрүүдэд “АСА” циркт очиж, япон орноор аялж болох нь ээ. Загварын үзүүлбэрээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг болон тус наадамд оролцохоор ирсэн Японы компаниудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болохыг сануулъя. Түүнчлэн Японы эмнэлгийг төлөөлж эмч нар ирэх ба Япон-Монголын эмч нарын хамтарсан “Хорт хавдарын эсрэг” симпиозум болно. Наадмын хоёр өдрийн хөтөлбөрт хамрагдах тасалбарыг 3000 төгрөгөөр, тусгай тасалбарыг 8000 төгрөгөөр “АСА” циркийн кассаар борлуулж байгаа ба тусгай тасалбар авсан хүмүүс уг наадамд оролцож байгаа Японы мэргэжлийн үсчнээр үсээ засуулах эрхтэй болох гэсэн.
Г.Даша