Jennifer Hudson түүхэн дүр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Jennifer Hudson түүхэн дүр бүтээнэ

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Nelson Mandela-гийн экс эхнэр Winnie Madikizela-Mandela-гийн амьдралаар намтарчилсан кино хийхээр болжээ. Энэхүү түүхэн киноны гол дүрд Оскарын эзэн, алдарт дуучин Jennifer Hudson тоглох аж.
Энэхүү киног зохиолч Anne Marie du Preez Bezdrob-ын 2005 онд хэвлэгдэн гарсан “Winnie Mandela:A Life” хэмээх намтар номоос сэдэвлэн Andre Pieterse, Roodt болон Paul L. Johnson нар зохиолыг нь бичжээ.
Харин найруулагчаар нь  Darrell J. Roodt ажиллах ба энэ сарын 31-нээс Өмнөд Африкт киноны зураг авалтаа эхлэн, ирэх оны хавар гэхэд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.
Продюссер Andre Pieterse киноны зохиол бэлэн болмогц хатагтай Winnie Madikizela-Mandela-тай холбоо тогтоон, зураг авалтанд гарахаас өмнө киноны зохиолыг уншиж, танилцахыг хүссэн боловч тэрбээр эрс эсэргүүцэн, энэхүү киног хийхгүй байхыг хүссэн байна. Мөн түүний өмгөөлөгч зураг авалтаа эхлэхгүй байхыг шаардан, заналхийлсэн утга бүхий захидлыг киноны багийнханд илгээжээ.
Энэ талаар Andre Pieterse “Бидний зохиолд энэ хүнийг гүтгэсэн, эсвэл буруу ташаа ямар нэгэн зүйл агуулагдаагүй. Тийм учраас бид киноны зураг авалтаа эхлэхээр шийдсэн. Бидний кино хийх ажилд ямар нэгэн хөндлөнгийн зүйл садаа болохгүй гэж найдаж байна. Winnie Madikizela-Mandela-гийн амьдрал бол үнэхээр арвин их түүхтэй. Бүхэл бүтэн амьдралыг энэхүү кинонд тусгах боломжгүй. Тиймээс бид энэ хүний хайр сэтгэл, шоронд өнгөрүүлсэн 27 жилийнх нь тухай түлхүү харуулна. Ямартаа ч энэ кино тэр гайхалтай эмэгтэйн үнэн бодит амьдралыг үзэгчдэд бага ч атугай ойлгуулж чадна гэж итгэж байна” хэмээн Каннын кино наадамд оролцох үеэрээ ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, гол дүрд тоглохоор болсон дуучин Jennifer Hudson 2006 онд “Dreamgirls” кинонд тоглон, тухайн жилдээ нэр хүндтэй кино наадмуудаас нилээд  шагнал авч байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж