“Интер” тав дахиа дараалан Сери А-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Интер” тав дахиа дараалан Сери А-д түрүүлэв

“Интер Милан” тав дахь улиралдаа дараалан Сери А-гийн аваргын цомыг өргөлөө. Арвин түүхтэй “Интер” өчигдөр болсон лигийн хамгийн сүүлийн тоглолтод Диего Милитогийн гоолын ачаар “Сьена”-г талбайд нь 1:0 харьцаатай хожиж, түүхэндээ 18 дахь удаагаа аваргын бамбай хүртсэн юм.
Скудеттогоо хамгаалахын тулд Жозе Моуриньогийн шавь нарт зөвхөн ялалт л хэрэгтэй байв. Харин 57 дахь минутад аргентин довтлогч Милито нутаг нэгт Занеттигийн дамжуулалтыг чулуу болгосноор багтаа ялалт, цом авчирсан байна. Хэрэв тэд тэнцсэн тохиолдолд “Рома” Сери А-д тэргүүлэх учиртай байлаа. Клаудио Раньеригийн хөвгүүд “Кьево”-г талбай дээр нь 2:0-ээр хожиж, өөрсдөөс шалтгаалах бүхнээ амжилттай биелүүлсэн боловч “Интер”-ийн ялалт тэдний мөрөөдлийг үгүй хийсэн юм. Харин ялагдал хүлээсэн “Сьена”, “Аталанта” болон “Ливорно” нарын хамт ирэх улиралд Сери Б-д тоглох болж байна.
“Интер”-ийн хувьд бас нэгэн том даваа хүлээж байгаа. Тэд ирэх амралтын өдрүүдэд Мадрид хотноо Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн цомын төлөө Германы “Баейрн Мюнхен”-тэй өрсөлдөнө.
Тоглолтын дараа Милито “Энэ чинь үнэхээр ер бусын аз жаргал мөн биз дээ. Бүхэл улирлын туршид бидний гаргасан хүч хөдөлмөрийн минь үр дүн. Харин маргаашнаас бид Аваргуудын лигийн финалд анхаарлаа хандуулах болно” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж