
Дэлхийн чансааны жагсаалтын тэргүүн хоёр эгнээг эзэгнэсэн шилдэг теннисчид өнгөрсөн жилийн Мадридын финалд учраа таарч, Федерер ялснаас хойш бүтэн жилийн хугацаанд дахин нэг ч тэмцээнд таарч тоглоогүй байсан юм. Харин энэ жилийн учраанд Надаль хожсоноор Францын нээлттэй тэмцээний өмнөх шороон коурт дээрх улирлын чухал гурван тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн анхны тамирчин болжээ. Сануулахад, тэрбээр Монте Карло болон Ромын тэмцээнд мөн аваргалсан билээ.
Тэмцээний дараа Надаль “Мадридын тэмцээнд түрүүлнэ гэдэг миний мөрөөдөл. Тэр тусмаа энэ гурван том тэмцээнд түрүүлнэ гэдэг үнэхээр биелшгүй мөрөөдөл байсан юм” гэжээ.
Надаль энэ улирлын тоглолтууд эхэлснээс хойш шороон коурт дээр нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 15 тоглолтод дараалан ялалт байгуулаад байна. Харин нийтдээ Надаль шороон коурт дээр 39 тулаанд ялжээ.
С.Цэлмэг